BUGATTI-ТАЙ ӨНГӨРҮҮЛСЭН 1000 МИНУТ

Bugatti Veyron 16.4 Grand Sport Vitesse-тэй нүүр тулж танилцах ховор завшаан | Үйлдвэрлэгч Мольсхайм (Франц) | Үнэ 4,5 тэрбум төгрөг орчим | Нийтлэлч Владимир Соловьев | Зургийг: нийтлэлч

Уулчин бүр Эверестийн оргилд гарахыг хүсдэгтэй адил жолооч бүр автомашины хөгжлийн дээд оргил болох Bugatti-аар давхихыг мөрөөддөг. Тэгвэл надад хамгийн хурдан, тансаг автомашинаар явж үзэхээс гадна Bugatti-ийн ариун дагшин Сэн-Жан (Saint Jean) шилтгээнээр тойрон аялал хийх ховор завшаан тохиосон юм.

Чихэнд зөөлөн буух “Сэн-Жан” нь Францын өмнөд хэсгийн Мольсхайм (Molsheim) орчимд байрлах автомашины сор бүтээлүүдийг үйлдвэрлэдэг газар билээ. Сэн-Жан цаанаа л ер бусын юмаа. Эндхийн газар шороо нь ноён Этторе Бугаттийн анхны автомашиныг сануулж намуухан салхи нь 1909 оноос эхлэлтэй энэхүү домогт үйлдвэрийн талаар хууч хөөрөхөд бэлхэн мэт.

ҮЙЛДВЭРИЙН МӨЧЛӨГ БУЮУ АМЬДРАЛЫН ШАТЛАЛ

Автомашин үйлдвэрлэлийн аль ч хэллэг Bugatti-д тохирдоггүй нь лавтай. Наандаж Bugatti-г “угсрах” биш “бүтээнэ” гэж ярьдаг. Тэр дундаа хэрвээ бусад автомашинуудын кузовыг конвейрийн дамжлагаар оч маналзуулан зүсдэг бол Bugatti-ийн хувьд сансрын хөлгийнх шиг эд анги, сэлбэгийг европын хамгийн шилдэг үйлдвэрүүдээс захиалж авчирдаг юм байна. Үүнд титан боолт, динанометр түлхүүр, үйлдвэрийн шат бүрийг хянах компьютер бүхий шилэн хорго дотор энэ тансаг автомашин «төрдөг» юм.

Bugatti доогуураа намхан тул зам сайн байх нь нэн чухал. Bugatti-ийн туршилтын талбай Мольсхайм болохоор зам нь толь шиг байхгүй гээд яах билээ...
Bugatti доогуураа намхан тул зам сайн байх нь нэн чухал. Bugatti-ийн туршилтын талбай Мольсхайм болохоор зам нь толь шиг байхгүй гээд яах билээ...

Давхих биш 410 км/ц хурдтай «нисэх» зориулалттай Bugatti Veyron 16.4 Grand Sport Vitesse-ийн эд ангийг зөвхөн хурд авах зориулалтаар бүтээдэг билээ. Жишээлбэл, нарийн бүтэцтэй 100 литрийн хөнгөн цагаан шатахууны сав нь тэр чигтээ электроникоор зохицуулагддаг юм. Хэт авиан мэдрэгчүүд эргэлт, хурд авалт болон тоормослоход бензиний түвшинг хянаж баруун болон зүүн талын шатахууны тэнцвэрт байдлыг хангана. Түүнчлэн, бензин баканд хоёр жижиг нөөцлүүр хэсэг байх ба шатахуун дутагдсан үед тэжээлийн систем рүүгээ шатахуун шахдаг юм.

Хэрвээ цуваа конвейрууд автомашины кузовыг түрүүлж угсардаг бол Bugatti-ийн хувьд хүч дамжуулах ангийн дараагаар тэнхлэг, шингэн дамжуулагч (шингэн хөтлөгч) болон бусад системийг угсардаг. Титан голтой файбер хөнгөн хуванцар суурь дээр хийсэн керамик тоормосон диск. Урдаа 6, хойноо 8 поршентой тулгуурыг английн алдарт AP Racing компани хийжээ.

Нийт жинг багасгах үүднээс тэнхлэгийн гарыг дотроо хөндий зэвэрдэггүй гангаар хийсэн байна. Титан хамгаалалттай тэнхлэг нь нь тоормосны диск 1000 хэмд хүрсэн ч хэвийн ажиллана. Хөнгөн цагаан байсан бол аль хэдийнээ хайлчих байсан биз.

Хөдөлгүүрийн дулааны тэнцвэртэй байдлыг 60 литрийн багтаамжтай хөргөлтийн систем хянана. Халсан шингэн нь автомашины суудлын ард байрлах хөдөлгүүрээс урд радиатор руу орж хөрснөөр помпоор дамжин хөдөлгүүр рүү эргэн орно.

Явах хурднаас хамааран Bugatti-ийн газраас зам хүртэлх зайг тохируулахад (115-65 см хооронд) шингэнт систем чухал үүрэг гүйцэтгэдэг. Шингэний урсгалыг тусгай компьютер хянана. Аэродинамик тоормосны электрон удирдлагын горим нь өндөр хурдыг гурав дахин илүү сааруулна.

Ийнхүү огцом тоормослох үед хурд сааруулахаас гадна агаарын даралт үүсгэн хойд тэнхлэгийг замтай шахан барьцалдааг сайжруулах спойлерийн үүрэг гүйцэтгэнэ. Мянганы нэг секунд тоолонд электрон удирдлагатай гидр өргөгч нь далавчны хөндлөн тэнцүүлэгчийн салхи зүсэх өнцгийг тохируулж байдаг юм.

Илүү дутуу зүйлгүй хэрнээ сонгодог, тансаг салон. Bugatti шиг “тэнгэрийн” автомашинд VIN байна гэж огт төсөөлсөнгүй.
Илүү дутуу зүйлгүй хэрнээ сонгодог, тансаг салон. Bugatti шиг “тэнгэрийн” автомашинд VIN байна гэж огт төсөөлсөнгүй.

Автомашин угсрах... уучлаарай, “бүтээж” эхлээд тав хоногийн дараа дугуйг бэлэн болсон арал ангитай залгаж шингэнүүдийг хийж эхэлнэ. Bugatti-ийн ерөнхий захирал Кристоф Пьошон нь хүч дамжуулах ангийг хамгийн чухалд үздэг юм байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар хөдөлгүүр эсвэл хурдны хайрцагт гэмтэл гарсан тохиолдолд бүх шингэнийг шавхан автомашиныг тэр чигт нь задлах болдог. Тиймдээ ч анхнаасаа хөдөлгүүр, хурдны хайрцгийг найдвартай болгохын тулд автомашиныг тусгай суурин төхөөрөмж дээр найман цагийн турш ажиллуулдаг юм байна.

Bugatti-ийн сэлбэг, эд ангийг чингэлгээр татаж контейнер хоосорсон тохиолдолд угсралт дууссан гэж үздэг байна. Яаж ч бодсон зуун жилийн түүхтэй уламжлалт гар угсралт хамгийн сүүлийн үед дэвшилтэт технологиос илүү болж таардаг.

Ингээд автомашины аралд дугуйг бэхэлж хэрэгцээт шингэнүүдийг хийлээ. Одоо дугуй болон тэнхлэгийг тохируулж, хүч дамжуулах ангийг жигдрүүлэх үүднээс суурин төхөөрөмж дээр 200 км/ц хурдтайгаар 60 км замыг явна. Үүний тулд автомашиныг шилэн хоргод оруулж төхөөрөмж дээр бэхлэн (дугуй, бул хоёр л эргэнэ) зүгшрүүлэх явалт хийдэг тул хөдөлгүүрийн радиаторыг хөргөх агаарыг турбинаар албадан үлээлгэдэг байна. Ирээдүйн хурдны эрлэгт эд ангийн нэмэлт хөргөлт хэрэгтэй болох нь мэдээж. Vitesse-ийн урд хэсэг нь тэнхлэг, тэр дундаа хүч дамжуулах анги, дифференциал болон урд, хойд дугуйны тоормосны системийг агаараар хөргөхөөр тооцож хийжээ. Үүнд, турбин шахуурга нь зүгшрүүлэх явалтын үед агаар урсгалыг яг л бодит хөдөлгөөнд оролцож буй адил үлээх үүрэгтэй.

Эхний зүгшрүүлэлтийн дараагаар кузовыг шалгаж эхэлнэ. Файбер хөнгөн хуванцар бүхээгийг монокок буюу нэгдмэл цул технологиор Баваар мужид үйлдвэрлэдэг юм. Тэндээс Итали рүү зөөж угсран, дугаарласны дараагаар дахин Германы Аппенвайер (Appenweier) хотод илгээн будаад Мольсхайм руу явуулна.

Bugatti-ийн их биеийн баруун талд тос, зүүн талд шатахууны сав байрлана.
Bugatti-ийн их биеийн баруун талд тос, зүүн талд шатахууны сав байрлана.
Эндигийн хэлэхээр өндөр хурд бол тоглоом биш юм. 7 граммтай колпак таг 400 км/ц хурдтай үед 7 кг болж хувирдаг.
Эндигийн хэлэхээр өндөр хурд бол тоглоом биш юм. 7 граммтай колпак таг 400 км/ц хурдтай үед 7 кг болж хувирдаг.

Кузовын гаднах эд ангийг угсрахын тулд тав хоног хэрэгтэй. Үүний дараагаар салоныг угсрахад ахиад хоёр, гурав хононо. Монокок технологийн адил эд анги нийлүүлэгч компани салоныг урьдчилж угсарсан байдаг. Мэдээж захиалагч тус бүрийн өндөр, биеийн хэлбэрт тохируулж суудлыг хийнэ. Дэлхий дээр үүн шиг адармаатай бүтдэг автомашин байхгүй болов уу даа.

ХӨӨРӨХ БИШ НИСЭХИЙН ТУЛД

Салоны засал чимэглэлийг дууссан ч автомашиныг худалдан авагчид нь өгөх болоогүй байдаг. Одоо кузовын битүүмжлэлийг шалгана. Ямар нэгэн асуудал илрээгүй бол гаднах лакан будаг дээр хамгаалалтын хальс наагаад автомашины хэвийн, тогтвортой ажиллагааг хянахаар Вогез (Vosges)-ийн уулархаг замаар 300-аад км давхидаг юм.

Кристоф Пьошон хэлэхдээ: “Францад зөвшөөрөгдсөн дээд хурд 130 км/ц тул хурд авах талаар ор тас мартах хэрэгтэй. Тиймээс бид Кольмарын (Colmar) нисэх буудлын онгоц хөөрөх талбайд автомашиныг 300 км/ц хүргэж туршдаг. Уг туршилтаар керамик тоормосыг ажиллагааг шалгахаас гадна 250 км/ц хурдлан ABS системийг давхар хянадаг.

Ийнхүү автомашины эд ангийг “сайтар сэргээсний” дараа худалдан авагчид хүлээлгэж өгөх болоогүй байдаг. Мэдээж Кольмарын туршилтын дараа шинэ дугуй тавьж хурдны хайрцгийн тосыг солих хэрэгтэй. Тэгсний дараа... бишээ биш, худалдан авагчид өгөхгүй юм шүү. Эцсийн байдлаар хэвийн ажиллагааг шалгах үүднээс автомашинаа дахиад 50 км замын туршилтад гаргана.
Ингээд бүх эд ангийн ажиллагаа хоорондоо төгс зохицон ажиллаж байгааг шалгасны дараагаар хамгаалалтын наалтыг хуулж авна. Үүнээс хойш кузовыг хоёр өдрийн турш арчиж, өнгөлж гүйцээнэ. Тод гээч гэрэлтүүлэгтэй газарт зургаан цагийн турш кузовын үзлэг хийнэ.

Тэгэхээр автомашин угсарснаас хойш нийт зургаан хоногийн турш шалгадаг гэсэн үг. Энэ мэтчилэн гурван долоо хоног болж байгаа юм даа!”

Энд нийт 84 хүн ажилладгаас 20 нь угсралт, 12 нь хяналт туршилт хийж 12 хүн тээвэр, техник хангамж хариуцдаг. Bugatti-ийн техник хангамжийн алба Европын орнуудаас толгой үйлдвэр рүү эд анги татаж угсардаг нь Airbus-тай (нисдэг онгоц –ред.) төстэй ч юм шиг...

Тэгээд ч нэгэнт хоёулаа “нисдэгээс” хойш Airbus-тай харьцуулах нь оновчтой юм шиг санагдлаа. Гэхдээ үүнд нэг нь агаараар, нөгөөх нь газраар нисдэг.

Мольсхаймд үйлдвэрлэсэн автомашин бүрийг хиймэл дагуулын сүлжээг ашиглан эд анги, сэлбэг бүрийн ажиллагааг хянадаг төв компьютертой холбосон юм. Ингэснээр, мэргэжлийн инженерүүд хүссэн үедээ системийн хэвийн ажиллагаа болон автомашины хурдыг хянаж ямар нэгэн зүйл хэвийн ажиллагаанаас гарсан тохиолдолд үйлчлүүлэгчтэй холбоо тогтоож анхааруулдаг. Түүнээс гадна Сэн Жанд дэлхийн аль ч өнцөг рүү очдог техник үйлчилгээний мэргэжилтнүүд байдаг юм.

Юу вэ! Намайг суудалд зүгээр ч нэг наалдуулаад зогсохгүй ёстой л гамбир шиг хавтгай болгож тавилаа.
Юу вэ! Намайг суудалд зүгээр ч нэг наалдуулаад зогсохгүй ёстой л гамбир шиг хавтгай болгож тавилаа.
НЭЭГ... ХОЁРЫН... ГУРАВ АА.... И!

Мольсхаймын зам хамаг хурдаараа давхихад яав ч тохирохгүй ээ. Харин Bugatti-ийн албан ёсны нисэгч Энди Уоллэс 4 турбо компрессорын “исгэрэх” дуунд уяран боломжит 130 км/ц хурдыг авч болно хэмээн тайтгарууллаа. Бид мэдрэмжээ хурцлах үүднээс дээврийг нь салгаад үйлдвэр дээр үлдээсэн юм. Худалдан авагч бүрийн биед тааруулж хийдэг арьсан суудал нь ярих юм байхгүй. Хязгаарлагдмал үзэгдэх орчин (ялангуяа арын), хурц жолооны хүрд, “араатанлаг” тоормос, эргэлтээр ямар ч хазайлт мэдэгдэхгүй хирнээ уралдааны автомашинтай уялдахааргүй энгийн тэнхлэг. Мэдээж хурд авахын зэрэгцээ тэнхлэг нь суудаг ч европын замд тохирсон хурдаар явахад хангалттай тав тухтай. Гэм нь дэндүү намхан тэнхлэг болон хоёр сая еврогийн автомашин унаад явж байна гэсэн бодол үргэлж сэтгэл түгшээнэ.

Бид хүсэн хүлээсэн зам руугаа гарахад Энди намайг хаазыг тултал нь гишгээд гурав тоол гэлээ. Юу вэ! Намайг суудалд зүгээр ч нэг наалдуулаад зогсохгүй ёстой л гамбир шиг хавтгай болгож тавилаа. Гурав тоолохын дотор л аль хэдийн 100 км/ц хурдны заалтыг давсан байв. Хөлөө хаазнаас авбал 16 цилиндртэй хөдөлгүүр шүдээ зуун “Муу хулчгар амьтан” гэж хэлж байгаа юм шиг дурамжхан хүржигнэх нь тэр. Гэхдээ би хулчгар амьтан биш шүү дээ. Ямар Германы хурдны замаар давхиж байгаа биш дээ? Энэ чинь янз бүрийн хурд хязгаарлагчтай Франц!

Би дахиад л хаазалж, тоормосоллоо. Нэг араанаас нөгөөх рүү шилжихэд шахагдсан агаарын үл ялиг чимээ сонсогдоно. Энэ авиагаар л янзын ажиллагаатай 7 шатлалт робот DSG хурдны хайрцгийн араа шилжилтийг мэдэрнэ.

Ийнхүү миний бие энэ хорвоо ертөнцийн хамгийн хурдан кабриолетаар явж үзлээ. Автомашины Эверестийн оргилыг давчихлаа шүү. Харамсалтай нь дээд хурдаар давхиагүй ч араа шилжилтийн исгэрэх авиаг сонсож таашаал авлаа.
Бурхан минь, би ч тэгж байгаад азтай эр юмаа!

Bugatti Veyron 16.4 Grand Sport Vitesse

ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТ

  • Урт/өргөн/өндөр, мм 4462/1998/1190
  • Мөр хоорондын зай, мм 2710
  • Бодит жин, кг 1990
  • Хурд авалт 0–100 км/ц, с 2,6
  • Хурд авалт 0–200 км/ц, с 7,1
    Хурд авалт 0–300 км/ц, с 16,0
  • Дээд хурд, км/ц 410
  • Шатахуун/нөөц шатахуун, л A98/100
  • Шатахуун зарцуулалт: л/100 км 23,1
  • ХӨДӨЛГҮҮР: бензин, W16, 64 клапантай,
  • 8,0 л; 882 кВт/1200 м.х. 6400 эрг/мин-д; 1500 Н·м 3000–5000 эрг/мин-д
  • ХҮЧ ДАМЖУУЛАХ: бүх дугуй хөтлөгч; Р7 (DSG)
  • ЯВАХ АНГИ: тэнхлэг – олон татуургат; жолооны механизм – хэдрэг араат цахилгаан хүчлүүртэй; тоормос – хөргөлттэй дискэн, файбер хөнгөн хуванцар суурь дээр хийсэн керамик тоормосон диск; дугуй – урд 265/680ZR500A,
    хойд 365/710 ZR540A