HYUNDAI ELANTRA

Elаntra нь Hyundai компанийн бага ангилалын седан загварын суудлын автомашин бөгөөд 4-р үеэс эхлэн тус компанийн хамгийн анхны Hybrid автомашин болон гарчээ. Анх гарахдаа Elаntra нэртэйгээр гарч байсан бол 2-р үеэс эхлэн  Avante нэрээр үйлдвэрлэгдэж байна.

1-р үе  J1 загвар (1991 он-1995 он)

1991 он Stellar-ийн дараагийн загвар гэгдэн гарсан. Тухайн үедээ тийм ч их нэр хүндтэй байж чадаагүй ч яагаад ч юм дотоод ба гадаадын зах зээлд борлуулагдсан хэмжээгээр 1 сая ширхэг худалдаалагдан хамгийн их борлогдсон автомашинаар шалгарч байжээ. Одоогийн ангиллаар С ангиллын авто машинд харьяалагдана. Бага зэргийн бөмбөгөрдүү байдал нь тухайн үедээ орчин үеийн автомашины ерөнхий төрхийг бий болгож эхэлсэн загвар гэж үздэг.

2-р үе J2 загвар (1995 он-2000 он)

1995 оны 3 сараас үйлдвэрлэгдэж эхэлсэн. Нэрээ сольж Avante нэрээр гарч эхэлсэн. 9-р сараас комби загвар нь худалдаанд гарч эхэлсэн бөгөөд Avante Touring нэртэй. Гэвч дотооддоо комби загвар бараг борлогдоогүй байна. 1998 оны 5 сард хэсэгчилсэн өөрчлөлт хийсэн ба өмнөхөөс ялгахын тулд All new Avante нэр өгсөн байна. Мөн комби загвар нь хэсэгчилсэн өөрчлөлт хийгдэж All new Avante Touring гэсэн ялгах нэртэй болжээ. Мөн Солонгостоо анхны Lean burn технологи гэгдэх хэмнэлттэй хөдөлгүүрийг тавьсан байна.

3-р үе XD (2000 он-2006он)

2000 онд бүрэн шинэчлэлт хийгдсэн. Солонгост Avante XD нэрээр худалдаалагдаж байгаа. XD товчлолын утга нь Excellent Driving гэсэн үгийг товчилсон юм байна. 4 хаалгатай седан болон 5 хаалгатай хэчбак (Elantra Euro) загвараар гарч байсан. Өмнөх загвараасаа 3 см өргөн болсноор нэг ангиллаар дээшлэх болсон. 2003 онд хэсэгчилсэн өөрчлөлт хийгдэн урд талын нүүрэн хэсэг өмнөхөөсөө нэлээн өөр болсон байна.

4-р үе HD (2006-2010 он)

2006 оны 4 сард Нью-Иоркийн олон улсын авто үзэсгэлэнд тавигдсан. Ажилчдын ажил хаялтын улмаас үйлдвэрлэл 2 сараар хоцорч 6 сараас худалдаалагдаж эхэлжээ. Хойд америкт тухайн оны намраас худалдаалагдахаар төлөвлөж байжээ. Бүхээгийн загвар нь седан бөгөөд хойд америкийн зах зээлд 2 литрийн Бетта хэмээх нэртэй хөдөлгүүртэйгээр, дотооддоо 1.6 литрийн Гамма нэртэй хөдөлгүүртэйгээр, мөн 1.6 литрийн компьютерийн зохицуулалттай дизель хөдөлгүүртэйгээр гарсан.

Урд тэнхлэг нь Mc Pherson бүтэцтэй, хойд тэнхлэг нь Multi link бүтэцтэй юм байна. Өмнөх үеийн XD загвараас 5 см-ээр өргөн болж салоны зай уужим болжээ. Солонгост энэ загвар нь Avante HD гэж нэрлэгддэг байна. 2007 оны 11 сараас i30 гэсэн 2 литрийн хөдөлгүүртэй хувилбарыг дотоодын зах зээлд борлуулж эхэлсэн. Мөн Америкийн зах зээлд седан загвар төдийгүй аль хэдийн i30 station wagon хувилбарыг Elantra Touring гэсэн нэрээр худалдаалж эхэлсэн.

5-р үе MD загвар (2010 он-)

2010 оны 4 сард Солонгосын Бусаны авто үзэсгэлэнд тавигдаж 8-р сараас эхлэн олон нийтэд худалдаалагдаж эхэлсэн байна. Гадна дизайны хувьд YF Sonata болон RC Accent-ийн "fluidic sculpture" гэсэн шингэн мэт долгиолсон байх зарчмаар хийгдсэн. Хэмжээний хувьд 4530 мм х1775 мм х 1435 мм болжээ.

HID их гэрэл болон LED технологийн хойд гэрэл, урд хос аюулгүйн дэр, хажуугийн хос аюулгүйн дэр, хойд тээшрүү шууд орох түшлэг нь унадаг хойд суудал, ухрахын мэдрэгч зэрэг энэ ангиллын машинуудад байдаггүй шинэ дэвшлүүдийг хийж өгсөн байна. Хөдөлгүүрийн хувьд 140 морины хүчтэй 1.6 литрийн GDi хөдөлгүүртэй, 6 шатлалтай  автомат хурдны хайрцагтай. Deluxe, luxury, Premium, Top гэсэн дөрвөн хувилбартай юм байна.