ГАЗРААР НИСДЭГ ГАН ШУВУУ BUGATTI

  • Автомашин гэдгийг “жаахан болхидуу тайлбарлах юм бол дөрвөн дугуйтай, дотор нь хүн сууж явдаг, ихэнх эд анги нь төмрөөр хийгдсэн, хамар дотроо мотортой, тэр нь түлшээр ажилладаг, өөрөө явагч техникийн хэрэгслийг хэлнэ” гээд аваад хаячихаж бараг л болно до.

Гэвч энэхүү товч бөгөөд тодорхой, зарим талаараа бүдүүлэгдүү, хэрвээ үйлдвэрлэгчид үзэх юм бол уур нь хүрээд, урж хаяхаас наагуур юм болох тодорхойлолтод маань алдарт Бугатти (Bugatti) аргагүй нэг ахдана гэдэгтэй усан нүдтэй, цусан зүрхтэй, унаа машинд хорхойтой хэн ч санал нэгдэнэ гэдэгт өчүүхэн ч эргэлзэх зүйл алга даа.

Тийм ээ, энэ удаа бид утаатай, униартай, уран сайхан барилга байгууламжтай, бас навсгар байшин, сэгсгэр гудамж, халтиргаа, гулгаатай замтай улсынхаа нийслэл Улаанбаатар хотын хаа нэгтэй төмөр хүлгийнхээ алтан жолоог мушгиж яваа эрхэм жолооч, эсвэл дулаан, тохитой сайхан өргөө гэртээ тухлан суух сонсогч, ажил, амьдралыг хослуулж, амжилт бүтээлийн оргил рүү тэмүүлж яваа азтай Монгол хүмүүн танд дэлхийн авто ертөнцийн дээрхийн гэгээнтэн Бугатти-н тухай өгүүлэн учирлах гэж байгаа юм. Танилц энэ бол газраар нисдэг ган шувуу Бугатти...

Инженер: Товчхондоо манай инженерүүд хүн төрөлхтөний мөрөөдөл болсон Бугатти-г угсрах биш бүтээнэ гэж ярьдаг юм. Үнэхээр ч түүнийг бид дүрслэх урлагийн бүтээл мэт үзэж, тэр хэмжээгээр өөрсдийгөө ч уран бүтээлчид гэж санадаг. Бүр тодруулвал Бугатти-н кузовыг үйлдвэрийн дамжлагаар олноор нь оч маналзуулан зүсдэггүй. Энэ машины эд анги, сэлбэгүүдийг яг л сансрын “шатл” хөлөг бүтээх гэж байгаа мэт европийн шилдэг үйлдвэрүүдээс тусгайлан нэгбүрчлэн захиалж хийлгэдэг юм.

Бидний мэдэх ихэнх авто машиныг үйлдвэрийн шат дамжлагаар угсарч, тэдгээр олон үйлдлийн заримыг нь хүн, заримыг нь тусгайлан програмчлагдсан робот гүйцэтгэдэг. Гэтэл домогт Бугатти-г харин зөвхөн хүмүүс, гэхдээ гар нь алт, сэтгэл нь сувд болсон хүмүүс бүтээдэг байна. Энэ машиныг бас машин биш, пуужин гэж хэлж болох бүрэн үндэстэй. Яагаад гэвэл соёлт хүн төрөлхтөн одоохондоо хэдхэн хормын дотор 410 км цагийн хурд авдаг  Бугатти шиг авто машин тун цөөхнийг бүтээгээд байгаа юм.

  • Элдэв тойруу үг, өгүүлбэрээр яахав. Шууд л хэлчихэе. Бугатти бол дэлхийн тэрбумтнуудын хөлөглөдөг нисдэг таваг, тийрэлтэт пуужин, сөнөөгч онгоц юм. Монгол мөнгөөр Бугатти-г 4,5 тэрбум төгрөгөөр худалдаж авах ба харамсалтай нь манайд энэ төмөр араатан, бас гоо сайхны хөлийн захтнаа, гарын чилээг гаргах зам, талбай бараг л байхгүй нь жаахан тоогүй.

Хүн өндөрөөс унахад 3 секундийн дараа 52 км цаг хүртэл хурдалдаг. Түүнээс 2 дахин хурдыг мэдрүүлдэг галзуурал бол Бугатти.  Тиймээ, Бугатти бол бурхан чөтгөр хоёр гэдэг шиг, айдас, гайхамшиг хоёр хосолсон төмөр араатан, бас гоо сайхан. Юу гэхээр үхэхээс бусдыг үзэж, үхэр цам харайхыг харсан туршилтын нисгэгчид хүртэл Бугатти-н хурдны заалтны зүүг 410 км цагт хүргэж чадалгүй, тормосны дөрөөн дээр гишгэж байсан удаатай. Нисгэгч гэснээс Бугатти-н жолоочийг жолооч биш, нисгэгч гэж дэлхий нийтээрээ нэрлэдэг.

  • А: Бугатти-ын моторын хүчин чадал хэд вэ?
  • Инженер: 1001 морины хүчин чадалтай
  • А: гайхалтай. Тэгвэл давхих биш, нисдэг, зогсох биш буудаг гээд хэлчихэж болох нь ээ дээ
  • Инженер: за бараг тэгэж болно доо
  • А: Бугатти-г угсрахад хэдий хугацаа ордог вэ
  • Инженер: уучлаарай. Бид Бугаттиг угсардаггүй, харин бүтээдэг юм. Бүх эд ангиуд үйлдвэрт ирсэний дараа 1 машиныг бид 3 долоо хоногт бүтээдэг. Бусад үйлдвэрүүд хэдхэн цаг ордог байхад яагаад танай үйлдвэр ингэж уддаг вэ гэж бодож магад. Бүх ажлыг манай шилдэг инженерүүд гараар хийдэгт учир нь байгаа юм.

Нөгөөтэйгүүр Бугатти бол энгийн хэрэглээ биш болохоор түүнд тухайн захиалагчийн нийгэм, улс орондоо эзлэх байр суурь, нэр төрийн баталгаа болох зарим нэг гайхалтай зүйлсийг шигтгэж өгдөг. Жишээ нь: Бугатти-н хурдны самбар дээр манай инженерүүд алмаз эрдэнэсийг суулгадаг. Тэдгээр алмаз бүр  Бугатти-н хүчирхэг 16 цилиндрийг төлөөлөх 16 өнцөг ирмэгтэй. Нэг үгээр хэлэхэд Бугатти-г бүтээх амар хялбар биш, адамраатай ажил. Гэвч бид адармаатай ажлын ард гарах дуртай.

Бугатти компанийн захирал, ноён Кристоф Пьошон: Манай инженер зөв ярьж байна. Үнэхээр бидний ажил хичнээн их адармаатай байх тусам төдий чинээ чанартай болдог юм. Бид Бугатти бүрийг нисэх буудалд туршиж үздэг.

Энэ нисэх буудал дэлхийн хамгийн том нисэх буудлуудын нэг агаад, тэрээр 500 км урт байдаг. Бугатти бол хурд хүчний оргил юм. Тийм болохоор цагт 410 км хурдалж чаддаг авто машиныг ийм том талбайд дор хаяж 300 км цаг хурдлуулж, туршиж үзэх шаардлагатай. Чингэхдээ шалгуурт орж байгаа машин бүрт зориулалтын хальс наадаг.

Тэгэхгүй бол агаарын хүчтэй үрэлтэнд машины өнгө, будаг, гадаад үзэмж сэвтэж мэдэх юм. Бидэнд бас хамгийн шилдэг туршин нисгэгчид байдаг. Ингээд машины маань бүх эд анги шаардлага хангасан тохиолдолд дараагийн хэд хоногийн турш кузовыг нь арчиж, зүлгэж, өнгөлж, тод гэрэлд 6 цагийн турш үзлэг хийдэг. Үүний үр дүнд 3 долоо хоногийн дараа цоо шинэ Бугатти захиалагчид очдог юм даа.

  • Оросын алдарт Калашников автомат бууг Америкийн М16 автомат винтов нэг үзүүлэлтээрээ ялж чадсан байдаг. Тэр нь галын хурд илүү байсан юм. Өөрөөр хэлбэл АК 47 калашников нэг сум гаргаж байхад, М16 хоёр сумаар шүршиж чадна гэсэн үг. Тиймээс Бугатти бол яах аргагүй М16-ийн галзууран нисэх галт сум мөн

Бууны сум шиг  Бугатти-г бүтээдэг баг, бүрэлдэхүүн, инженер, техникийн ажилтнууд, туслахууд гэж тусгай хүмүүс байх. Шүтээн шиг  авто машин бүтээдэг шүр сувд шиг тэдгээр хүмүүсийн нэг Бугатти-н инженер ингэж ярьж байна.

Инженер: Нэг ширхэг Бугатти бүтээхийн тулд нийт 84 хүн ажилладаг. Тэдний 20 нь угсралт, 12 нь хяналт, дараагийн 12 нь тээвэр, техник, хангамж хариуцдаг юм. Манай компаний техник хангамжийн албаны үйл ажиллагаа яг л Эйрбас (Airbus) нисэх онгоцны үйлдвэртэй төстэй.

Хэрвээ та Бугатти худалдаж авсан бол түүний эвдрэл гэмтэлд санаа зовох үнэнхээр хэрэггүй. Учир юу гэвээс Бугатти-н бүхий л эд анги, тэдэнд тулгамдаж мэдэх асуудлыг Бугатти компани агаарын хиймэл дагуулын тусламжтайгаар өдөр, цаг, хором бүрт хянаж байдаг юм байна. Хэрвээ машин бишдвэл үйлдвэрлэгч, хэрэглэгч рүү утасдаж сануулж, мэдэгддэг, эвдэрч гэмтвэл дэлхийн аль ч өнцөгт очиж засч, залруулж өгдөг. Энэ гайхамшигтай биш гэж үү.

  • Бугатти-н албан ёсны туршин нисгэгч Энди Уоллэс ярихдаа “Бугатти намайг хулчгар амьтан гэсэн. Тэр гуравхан хормын дотор 100 км цагийн хурд авсан болохоор би хөлөө хаазнаас авсан юм. Энэ мөчид Бугатти намайг хулчгар амьтан гэж хэлсэн... Би азтай хүн. Дэлхийн шилдэг авто машиныг унаж үзсэн, би азтай хүн...” гэж байсан юм даа

Ард түмэн минь баян, тансаг болох болтугай. Газраар нисдэг төмөр шувуу Бугатти-аар газар сайгүй давхих болтугай...