ОЧЛУУРЫГ ОНОШЛОХ НЬ
Очлуур нь цилиндр доторх шатахуун агаарын хольцыг тэслэх үүрэгтэй. Очлуур муудсаны хэд хэдэн шинж тэмдэг байдаг.
Ихэнх хөдөлгүүрт нэг цилиндрт нэг очлуур суурилуулж өгсөн байдаг. Хэрвээ таны хөдөлгүүр 4 цилиндртэй таны автомашины бас л 4 очлууртай байна гэсэн үг. Автомашины бүхий л эд анги элэгддэгтэй адил очлуур бас элэгдэнэ.
Очлуурын ажиллагааны зарчмыг харж элэгдсэн очлуурыг хэрхэн оношлохыг авч үзье.
Очлуурын ажиллагааны зарчим:
- Очлуур нь хөдөлгүүрийн цилиндрийн толгой хэсэгт суурилагддаг бөгөөд шатах камерт үзүүр хэсэг нь орж өгсөн байдаг. Очлуур нь төв электрод, шаазан тусгаарлагч, төмөр бие болон хажуу талын электрод зэргээс бүрдэнэ.
- Катушкаас гарсан өндөр хүчдэл нь бат бөх утсаар дамжиж очлуурын төв электродод хүргэгдэнэ. Төв болон хажуугийн электродын хооронд үсрэх гүйдэл нь очны ниргэлтийг үүсгэнэ. Энэ ниргэлт поршенгийн гүйлтийн яг дээд цэгт үүсэх бөгөөд тэсрэлтийн дараа поршень нь түлхэгдэж буцаж буухдаа тахир голын эргэлтийн хүчийг бий болгоно.
Очлуурын элэгдэл
Очлуур элэгдсэн муудсаныг хэд хэдэн шинж тэмдгээр тодорхойлж болно. Хөдөлгүүрийн дараах шинж тэмдгийг ажиж яваарай.
- “Engine light “ гэрэл асах эсвэл анивчих: Элэгдсэн очлуур хөдөлгүүрийн галыг алдагдуулдаг. Хөдөлгүүрийн компьютер энэ гажгийг илрүүлж код болгон хувиргаад “Engine light” гэрлийг асаадаг. Хэрвээ энэ гэрэл асаж эхэлбэл та яаралтай техник үйлчилгээний газар руу явах шаардлагатай. Хөдөлгүүр их хэмжээгээр гал алдаж эвлэвэл энэ нь даамжирсаар цаашид катализаторыг гэмтээх аюултай байдаг. Нэгэнт гэмтсэн катализаторыг солино гэдэг нь маш үнэтэй ажилбар болдог.
- Таны хөдөлгүүр тогтворгүй ажиллаж, дэргэнэ. Гэмтэлтэй, муудсан очлуур нь шатахуун агаарын хольцыг муу тэсэлж эхэлдэг. Энэ нь бас л гал алдахад хүргэж хөдөлгүүр чичиргээ дэргээнтэй болж эхэлдэг.
- Таны автомашин хурд авахдаа өмнөхөө илүү лазан болсон байна. Очлуур нь хугацааны туршид элэгдэлд ордог. Хөдөлгүүрийн бүх очлуур ойролцоо хугацаанд элэгдэнэ. Хэвийн горимд жигд ажиллахгүй байгаа очлуурууд хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд нөлөөлж түүний хүчийг бууруулдаг.
- Шатахууны зарцуулалт нэмэгдэнэ. Агаар шатахуун хольц нь бүтэн шатаж амжихгүй байгаа нөхцөлд хөдөлгүүрийн хүч алдагдаж хурдтай явахын тулд та хаазыг нэмэх шаардлага гардаг. Очлуур муудсанаас болж шатахууны зарцуулалт огцом нэмэгддэг.
- Хөдөлгүүр асахдаа стартерийг илүү их даруулна. Очлуур муудсаны улмаас шатахуун агаарын хольцыг ноцоох очны ниргэлт муудаж, стартерыг олон удаа дарж ноцоох шаардлага үүсдэг.
- Яндангаас өмхий үнэр үнэртэх. Шатахууны ноцолт бүрэн гүйцэт явагдахгүй байгаа тохиолдолд дутуу шаталттай түлш яндан руу орж муудсан өндөгтэй адилхан үнэр ялгаруулж эхэлдэг. Хэрвээ ийм үнэр гарч байвал очлуурууд муудсан гэсэн үг юм.
Очлуурыг техник үйлчилгээний зөвлөгөө:
- Очлуурыг тодорхой хугацааны дараа сольж байх шаардлагатай. Өөрийн техник үйлчилгээ хийлгэдэг газартаа очиж зөвлөгөө аваарай. Автомашин болгонд очлуурыг солих хугацаа заасан мэдээлэл өгөгдсөн байдаг.
- Очлуурын ашигласан хугацаа, одоогийн байдлыг зөв тодорхойлж чадахгүй, эргэлзэж байвал дараагийн үзлэгийг хийх хэрэгтэй. Электродын хоорондох зайгаар очлуурыг солих хэрэгтэй эсэхийг хараад авч болно. Очлуурын электрод хоорондын стандарт зайг автомашины гарын авлагад зааж өгсөн байдаг. Зайг хэмжиж багаж автын дэлгүүрүүдэд элбэг байдаг.
- Очлуурыг солих үйлчилгээний үнэлгээ өөр өөр байж болно. Тухайлбал сүүлийн үеийн автомашинд очлуурыг өөрөө солиод тавьчих боломжгүйгээр хийгдсэн байх тохиолдлууд бий. Иймд заавал мэргэжлийн техник үйлчилгээнд хандсан нь зөв юм. Хөдөлгүүрийн цилиндр болгондоо 2 очлууртай автомашин ч байгаа. Энэ болгонд очлуур солих үйлчилгээ үнэ өөр өөр байна.
Хэрвээ очлуурыг өөрөө солихоор шийдсэн бол
- Та очлуурыг солихдоо хөдөлгүүрээ унтраагаад хөрсөн байхад нь ажлаа эхлээрэй. Очлуурыг шинээр сольж тавихаасаа өмнө уртыг нь анзаарч байгаарай. Илүү урт очлуурыг цилиндрт суурилуулбал хөдөлгүүрийг гэмтээх аюултай.
- Очлуурыг солихдоо динамометртай түлхүүрэр суурилуулбал зохистой. Нэн ялангуяа хөнгөн цагаан блоктой хөдөлгүүрт очлуурыг авах гэж хэт их хүчилбэл резьбаг нь гэмтээх аюултай. Дараа нь блокийг засварлана гэдэг маш том ажил болдог.
- Очлуурыг тайлж авахад хялбар болгохын тулд резьба дээр нь тусгай бодис түрхэж өгнө (аnti-seize compound).
- Очлуурын солихдоо цахилгааны утсыг сайн шалгаарай. Цахилгааны утасны ашиглалтын хугацаа нь очлуур солих хугацатай бараг давхцаж байдаг юм.
- Очлуурын электродын өнгөөр хөдөлгүүрийн ажиллагааг тодорхойлж болно. Очлуурын электрод хэт цагаан байвал агаар шатахууны хольцод хэт их агаар байгааг харуулна. Электрод нь хар өнгөтэй байвал агаар шатахууны хольц хэт баяжсаныг илэрхийлнэ. Тортогтой тас хар байвал шатах камерт тос нэвтэрснийг харуулна. Очлуурын электрод нойтон байвал ноцолт явагдаагүйг илэрхийлнэ.
Эх сурвалж: www.cardoctor.mn