ГЭР БҮЛЭЭРЭЭ ЗАМДАА ЖАРГАЛТАЙ - 9

30-аад жилийн өмнө аавынхаа хүзүүн дээр үүрүүлээд, ах маань ээжид хөтлөгдөөд үйлдвэр комбинатаас төмөр зам руу нагацындаа очих гэж явдаг байж билээ. Хөдөлгөөнтэй хүүхэд байсан болоод ч тэр үү ийш тийшээ үсчээд л аав ээжийгээ тэрүүхэн тэндээ дэглээд л явна. Томоотой суугаад яв, гараас хөтөл гээд л бага ч үгүй загнуулсандаа.

Харин одоо бол намайг үүрч намайг хөтөлж явсан хүмүүс маань арын суудалд, зорчигч суудалд суугаад явж байх ийм л өдрүүдийг өнгөрүүлж байна даа. Тэр үед тэд намайг үүрч байсан. Харин би тэднийгээ өөрөө үүрч чадахгүй ч машинаараа үүрээд хааяадаа нэг хөл залгуулах юм. Харин одоо би жолоо барьж байна.

Гэхдээ загнах байр суурь хэвээрээ л байна. Хажуугаас эсвэл хойноос ингэж яв…тэгж яв,… зогс…юмаа мартчихаж буцъя...дэлгүүр ороод ирье…. гээд бас л “загнуулсаар”. Жирийн үед танхай жолооч нарт бухимдлаа илэрхийлээд үгэлдэг ч, аав ээжтэй явж байхад надаас түрүүлээд тэд үглэнэ. Үнэхээр л би энэ хүний хүүхэд юм даа гээд бухимдахаасаа өмнө инээд хүрнэ.

Хаая иймэрхүү байдлаар тэдэнтэйгээ явж байхад жирийн үед үр хүүхдийн дэргэд, бусдын дэргэд ярьдаггүй гэр бүлийн хөгтэй явдлууд, аль эсвэл сургамжуудыг хүртэж байх нь сайхан шүү. Автомашин ер нь талбайгаасаа болоод ч тэр юм уу, хүмүүс их ойртох юм даа.

Үргэлж завгүй, ажилтай гээд нэг их олон удаа ч тэгж бас чадахгүй юм.