КРОПКАНД ГЭМТЭЛ ГАРСНЫ ШИНЖ ТЭМДГҮҮД, АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Кроп эвдэрлээ л бол автомашин зогсоно гэсэн үг. Кропны асуудлууд жолооч нарыг хамгийн их айлгадаг, учир нь түүний засвар үйлчилгээ нь үнэтэй олдог. Зарим тохиолдолд автомашины үнэтэй дүйцэх тохиолдол ч байдаг шүү. Танд энэ асуудал тулгарвал юуны түрүүнд хэдэн төгрөгийн зардал гарах вэ гэдгийг баримжаа авах нь чухал юм.
Кропны ажиллагааны зарчим
Хөдөлгүүрийн эргэх хүчийг дугуйнд хүргэх гол үүргийн нэгийг кроп гүйцэтгэнэ. Замын нөхцөл байдлаас шалтгаалж автомашинд тохирсон хөдлөх хүч шаардагдах бөгөөд кроп нь араагаар дамжуулан эргэх хүчийг зохицуулна. Бага хурдтай явахад хүнд араа шаардагдана хурд нэмэх тусам хөнгөн араа руу шилжинэ.
- Механик кроптой бол арааг консоор дамжуулан салгаж шилжүүлнэ. Хөдөлж эхлэхдээ нэгдүгээр араанд залгаж улмаар хөнгөн араа руугаа шилжүүлнэ.
- Автомат кроп нь конс гишгэх, араа солих зэрэг ажлыг таны өмнөөс хийнэ. Та замаа хараад жолоодох л үлдэнэ. Олон төрлийн мэдрэгч , соленоид хавхлагууд, гидрийн хүч болон компьютерын удирдлагаар дамжуулагдаж замын нөхцөл байдал автомашины хурданд тохирох арааг залгаж шилжүүлнэ.
Автомат кроп гэмтсэний шинж тэмдгүүд
- Анхааруулах гэрэл асах: TCM – хяналтын модуль нь автомат кропны ажиллагааг хянадаг компьютер юм. Хэрвээ автомат кропонд асуудал гарвал компьютер нь “CHECK ENGINE” гэрлийг асаана. Мөн “REDUCED POWER” анхааруулах гэрлийг асааж автомашиныг “limp-home” буюу бага хурдаар явах горимд шилжүүлнэ.
- Дуу чимээ: Гэмтэлтэй кроп нь ямарваа нэгэн ердийн бус дуу чимээ гаргана. Тухайлбал: хөдөлгүүрийн эргэлт нэмэгдэх тусам гонгинох “ульж” байгаа юм шиг дуу чимээ гарвал кропны урд насос эвдэрсэн байж болзошгүй.
- Араа солигдохгүй, араа шилжихдээ мултрах: Энд хэд хэдэн шалтгаан байж болно. Жишээлбэл: араа шилжүүлгийг удирдах соленоид элэгдсэн эсвэл илүү хүнд гэмтэл болох хоорондын даралт буусан байж болно.
- Шингэн гоожих: Автомат кропны подон, помпын сальник, голын сальник муудсанаас тос гоожиж болно. Кропны тос шинэхэн бол улаан эсвэл улбар шар өнгөтэй байх бөгөөд элэгдэх тусам улаан хүрэн өнгөтэй болдог. Автомашины доор шингэн гоожсон эсэхийг шалгаж байгаарай.
- Автомашины хөдөлгүүр асаалттай хэрнэ хөдлөхгүй байх: Автомат кроп эвдрэлтэй бол араа шилжүүлэхэд автомашин хөдлөхгүй байна. Том хэмжээний гэмтэлтэй үед араа орохгүй бөгөөд зөвхөн нэг араанд орж гарна.
Механик кропны эвдрэлийн шинж тэмдгүүд.
- Конс асуудалтай болох: Конс гишгэж рычакийг түлхэхэд араа орохгүй байх. Хөдөлгүүрийн эргэлтээ нэмсэн ч автомашин хурдаа авахгүй байх. Энэ тохиолдлуудад перда диск элэгдсэн байж болзошгүй эсвэл коонсны дөрөөнд тохируулга хийх шаардлагатай болсон байна. Ийм шинж тэмдгүүд гарвал техник үйлчилгээний газарт үзүүлэх шаардлагатай.
- Араа орохдоо хэцүү хүнд болсон байх, эсвэл араа мултарч гараад байх: Механик кроп нь хэд хэдэн шалтгаанаас болж рычак түлхэхэд араа мултрах орохгүй байна, тухайлбал: синхрон кольц элэгдэхэд арааг шилжихэд хэцүү болж мултарч эхэлнэ.
- Дуу чимээ гарах: Гэмтэлтэй механик кропноос ердийн бус “улих”, хүрхрэх , хавирах дуу чимээ гарна. Ульж байгаа юм шиг дуу гарвал кропны тос “хар толгойлсон” байна гэсэн үг, хүрхрэх хавирах дуу гарвал арааны шүднүүд элэгдсэн байгаагийн шинж юм.
- Шингэн гоожсон байх: Механик кропны бөгсний сальник гэмтсэн, хүйсний боолтын битүүмжлэл алдагдсан байх тохиолдолд тос гоождог. Механик кропонд редукторын тосыг ихэвчлэн хэрэглэдэг бол зарим автомашинд энгийн хөдөлгүүрийн болон автомат кропны тос хэрэглэх нь байдаг. Редукторын тос хүрэн талдаа өнгөтэй бол автомат кропны тос улаан өнгөтэй байдаг.
- Автомашин хөдлөхгүй байх: Хөдөлгүүр асаалттай хэрнэ рычак түлхэхэд араа огт орохгүй байх эсвэл нэг л араанд орж байвал кроп их хэмжээний гэмтэлтэй байна гэсэн үг.
Кроп гэмтэлтэй болсон тохиолдолд яах вэ?
Кропны гэмтлийг ялангуяа автомат кропны гэмтлийг засахад үнэтэй байдаг. Кропыг засаж янзлахад маш их ажилбар ордог. Иймд хамгийн эхлээд оношилгоо хийлгэх хэрэгтэй, эндээс хэдэн төгрөгийн засвар орох нь тодорхой болно. Асуудал хүндрээгүй бол арай бага зардал гарна гэж найдаж болох юм.
Ингээд механик маань оношилгоог хийгээд кропыг засварлах эсвэл шинээр солихыг зөвлөж байвал хоёр дахь сонголтын хийсэн нь дээр байх. Хэрвээ асуудал бүүр хүнд бол автомашинаа солих шаардлагатай болж магадгүй гэдгийг санаж байгаарай. Зардлаа хамгийн түрүүнд тооцоолж үзээрэй. Засвар нь өөр машин авахтай дүйцэхүйц бол мэдээж автомашинаа сольсон нь дээр болов уу.
Кропыг засаж техник үйлчилгээ хийлгэж л байгаа бол кропны радиаторт заавал техник үйлчилгээ хийж цэвэрлээд авах хэрэгтэй. Механик кропны хувьд коонсны эд ангийг сольж маховик арааны гадаргууг өнгөлөхийг зөвлөж байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn