АККУМУЛЯТОРЫН ТУХАЙ

Аккумуляторын цэнэг алдагдсаныг жолооч нар аккумулятор суулаа гэж хэлдэг

Аккумулятораа суулгаж үзээгүй жолооч гэж үгүй биз. Өнөөдөр Тожоо ах аккумуляторын талаар нийтлэг хэдэн асуултанд хариулт өглөө.

АСУУЛТ 1: Аккумулятор юунд хэрэгтэй юм бэ?

ТОЖОО:

  • Хөдөлгүүрийг асаах үүрэгтэй.
  • Хөдөлгүүр асаалтай үед цахилгаан үйлдвэрлэгч динамнаас ирэх тогоор аккумулятор цэнэглэгдэж байдаг.
  • Мөн хөдөлгүүр ажиллаагүй үед хөгжим, дэлгэц, цаг гэх мэт цахилгаан хэрэгслүүдийг цахилгаанаар ханган ажиллуулах үүрэгтэй .

АСУУЛТ 2: Аккумулятор юунаас болж суудаг юм бэ?

ТОЖОО:

  • Авто машины аккумуляторын цэнэг алдагдсаныг жолооч нар аккумулятор суулаа гэж хэлдэг.
  • Ихэнх тохиолдолд бид авто машиндаа ашиглаж байсан цахилгаан хэрэгслүүдээ  асаалттай нь мартдаг. Эсвэл асаалттай нь удаан орхидог. Үүнээс болж аккумулятор цэнэгээ алдан суудаг.
  • Мөн цэнэглэснээсээ илүү ихийг хэрэглээд байвал аккумулятор цэнэггүй болж суудаг.
  • Эцэст нь авто машины цахилгаан үүсгүүр буюу динам ажиллахгүй юм уу гэмтэлтэй үед аккумулятор цэнэгээ алдан суудаг.

АСУУЛТ 3: Аккумуляторыг яаж шалгах вэ?

ТОЖОО:

Аккумуляторын шон гэдэг нь аккумуляторын нэмэх хасах цэнэгийг гаргаж буй, хуруун чинээ хоёр тугалгыг хэлдэг. Харин түүний гадуур бүслэн бэхлэгдэх зэс холбогчийг клемм гэж нэрлэдэг.

  • Эхлээд шон нь суларсан эсэхийг шалга. Аккумуляторын шонгийн боолттой хэсэг, суурины бэхлэгчийн суларсан эсэхийг шалга. 
  • Шингэнийх нь түвшин хэвийн хэмжээнд байгаа эсэхийг шалга. Аль нэг банкны шингэний түвшин доод хязгаараас доошилсон бол цэнэг дамжуулахгүй болж эхэлдэг. Энэ үед шингэнийг дээд  төвшинд хүртэл нь  дүүргээд, нэмж цэнэглэх шаардлагатай.
  • Аккумуляторын ажиллагааг хянах цонхыг шалга. Ногоон байвал хэвийн, Цагаан байвал цэнэглэх шаардлагатай, Улаан байвал шинээр солих болсныг илэрхийлнэ
  • Шон, клемм хооронд бохирдол байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Клеммний толгой дээр хаг мэт цайвар зүйл ургасан бол аккумуляторын хүчлийн нөлөөгөөр зэвэрч байгаа нь тэр. Түүнийг хүнсний содтой усаар шүдний сойз ашиглан амархан цэвэрлэж болно.

Цэвэрлэхгүй бол цахилгаан муу дамжуулж, суух шалтгаан болдог.

Эдгээр зүйлс хэвийн байвал таны машины хөдөлгүүрийн эд ангиудад ямар нэгэн эвдрэл гэмтэл байж болзошгүй.  Хэрвээ хөдөлгүүрийн эд ангиудад эвдрэл гэмтэлтэй бол ямар ч сайн аккумулятор байгаад нэмэргүй.

АСУУЛТ 4: Аккумулятор ашиглалтын үед юуг анхаарах ёстой юм бэ?

Аккумулятор ашиглалтын явцад анхаарах зүйлүүд:

  • Зам түгжрэлтэй үед цахилгаан их хэрэглэдэг нэмэлт хэрэгслүүдийг удаан хугацаанд залгаж хэрэглэхгүй байх.
  • Хот дотор ойрхон зайд явдаг бол аккумулятораа салган авч цэнэглэх төхөөрөмжөөр жилд 1-2 удаа бүрэн цэнэглэх, эсвэл 100 км-с доошгүй зайд жигд хурдтай явах.
  • Машинаа удаан хугацаагаар зогсоолд тавих гэж байгаа бол аккумулятораа сайтар цэнэглэж байгаад цахилгаан хэрэглэлүүдээс нь салгаж хадгалах.
  • Авто машинаа зогсоолд удаан хугацаагаар тавьсны дараа аккумулятороо дахин цэнэглэж байж машинаа асаагаарай.
  • Нэгэнт цэнэгээ алдаад  муудсан бол дахин дахин цэнэглэх гэж оролдолгүйгээр сольсон нь дээр.
  • Шинээр аккумулятор худалдан авах гэж байгаа бол цаг агаарын нөхцөл байдал болон хэрэглээнийхээ онцлогоос шалтгаалан сонголтоо хийгээрэй.
https://w.soundcloud.com/player/?url=https%3A//api.soundcloud.com/playlists/302158753&color=%23474335&auto_play=false&hide_related=false&show_comments=true&show_user=true&show_reposts=false&show_teaser=true

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.