ИХЭНХ КОМПАНИ ТҮҮНД ЭМБЛЭМЭЭ БЭЛЭГЛЭДЭГ АЖ

Patch Hurty хэмээх хүү гэрийнхээ хажуу талын замаас Ford-ын логог олсон мөчөөсөө машинд ухаангүй хайртай нэгэн болжээ. Тэрээр анх машинуудын нэр, логог уншиж сурсан байдаг аж. Харин одоо тэр өөрийн гэсэн логоны цуглуулгатай болсон гэвэл та итгэх үү? Гол нь тэр аль нэг машины лого салж унах хүртэл нь хүлээдэггүй юм.

Харин тэр хүссэн компанируугаа захиа илгээж хариу ирэхийг нь тэвчээртэй хүлээдэг байна. Мэдээж бичиг үсэг тайлагдаагүй түүнд ээж нь тусалдаг нь ойлгомжтой. Patch-ын ээж Lindsay түүний өмнөөс захиаг нь ийнхүү бичдэг аж: 

“Миний хүү Patch машинд маш их хайртай. Тэр гэрийнхээ цонхоор хурдтай явж өнгөрөх машинуудыг харж суухдаа хэзээ ч уйддаггүй. Нэгэн өдөр тэр зам дээр салж унасан төмөр логог олсон ба тэр үйл явдал түүний амьдралын хамгийн мартагдашгүй жаргалтай мөч болон хувирсан юм.

Хэрвээ танай компанид ямар нэг илүү лого байгаа бол Patch маань авахдаа тун таатай байх болно шүү.”

Захиа маш ойлгомжтой бөгөөд зорилгоо бүрэн илэрхийлсэн байх ажээ. Тэд Patch-ын цуглуулгаас хэдэн зоос захиандаа хийж мөн тухайн брэндийн машинтай авахуулсан зургийг нь цуг хавсаргадаг байна. 

Тэд одоогийн хамгийн нөлөө бүхий том компаниудаас авахуулаад оршин тогтнохоо больсон хуучин брэндүүдрүү ч мөн захиагаа илгээжээ. Харин удалгүй тэдний захианы хариу ар араасаа ирж эхлэв.

Volvo асар том логог бусад хэрэгслүүдийн хамт, Jeep лого нь дууссанд хүлцэл өчөөд малгай, үзэг гэх мэт бусад дурсгалын зүйлс, BMW бол найрсаг хариу захиа бичээд цоо шинэ гялалзсан логоноосоо нэгийг явуулав. Гэх мэт Tesla, Bugatti, Honda гээд бүгд л өөр өөрсдийн хариуг түүнд илгээж байлаа. Бүр машин худалдаалахаа больсон бусад компаниуд хүртэл өөрсдийн гарын бэлгийг түүнд өгчээ.

Хүсэл сонирхолтой хүү ба түүний тусалж дэмждэг ээжийнх нь оролцоотой тэд бүх компаниас гэнэтийн бэлэг хүлээж авч чадсан билээ. Honda түүнд “Машинд хайртай сэтгэл чинь хэзээ ч унтрахгүй гэж найдъя” гэж хэлсэн байдаг. Харин Bentley түүнд “Өөрийн түүхээ надтай хуваалцсанд баярлалаа” гэв.

Энэ гайхалтай хүүд туслах хэн нэгний гарт захиа нь очсон нь гайхалтай хэрэг. Мөн бүх хариу гараар бичигдсэн байсан нь хамгийн гайхалтай.

Энэ дундаас Volkswagen-ы хариу хамгийн их сэтгэл догдлуулсан нь байлаа. Тэд “Чиний захиа манай оффисын бүх хүнийг жаргалтай болголоо, чамд баярлалаа. Цаашид ч бас олон хүнийг аз жаргалтай болгож байгаарай.” гэсэн байжээ.

Харин хамгийн сүүлд түүнээс том болоод ямар машинтай болмоор байна гэж асуухад тэрээр ямар ч эргэлзээгүйгээр “Ford” гэж хариулсан юм. Учир нь түүний анх олсон лого Ford-ых байсан бөгөөд машинд дурлах сэдлийг анх өгсөн аж.