БӨХ ЗҮРХТЭЙ ЗАМЫН ХААД /LX570, LAND CRIUSER
Монголчуудын андахгүй хоёр “жийп” бол Toyota Land Cruiser 200 болон Lexus LX 570 юм. Тав тух, чамин загвар, туулах чадвараараа энэ хоёр SUV дэлхийд гайхагддаг билээ.
Уг хоёр машин нэг платформтой учир олон юмаараа төстэй. Тэр дундаа ижилхэн хөдөлгүүртэй. Ялгаа нь Land Cruiser 200-д 4.0л 1GR-FE V6 бензин хөдөлгүүртэй хувилбар бий. 2007-2011 оны хоорондох загварт хий хуваарилах VVT-i, харин 2012 онд сайжруулсан Dual VVT-i системтэй болсноос гадна илүү хүчирхэгжиж 285 морины хүчтэй болсон. VVT-i гэдэг нь зөвхөн оруулах хавхлагын нээж хаах хугацааг автоматаар удирддаг бол Dual VVT-i нь оруулах болон гаргах хавхлага хоёуланг нь компьютероор зэрэг удирддаг систем юм.
1GR-FE хөдөлгүүрт taper-squish бүтэцтэй шатах камер ашигласнаар хөдөлгүүрийн хүчийг нэмж, шатахуун зарцуулга, хорт утааны хэмжээг бууруулсан. Анхны GR хөдөлгүүрийн поршен, тахир гол нь хүнд байсан бол Dual VVT-i хөдөлгүүрийг илүү хөнгөн поршен, хөдөлгүүрийн блокийг хамгаалдаг тусгай ширмэн гильцтэй болсон.
“Хуурай газрын хөлөг онгоц” гэгддэг уг хоёр машинд нийтлэг 4 хөдөлгүүр бий. Нэлээд өмнөх оны Lexus болон Land Cruiser-ууд 4.7 л 2UZ-FE V8 бензин хөдөлгүүртэй. Уг хөдөлгүүр VVT-i системтэй, системгүй гэсэн хоёр хувилбартай. VVT-i системгүй анхны хувилбар нь 230-232 морины хүчтэй байсан бол VVT-i системтэй, холимгийн хаалт нь цахим удирдлагатай, хий хуваарилах механизм нь шүдтэй ременьтэй болсноор 270-280 морины хүч гаргадаг байв.
Мөн 2UZ-FE-ийн цилиндр нь ширмэн блоктой, хөнгөн цагаан гавалтай, цилиндр тус бүр нь 4 хавхлагатай, нэлээд бат бөх, найдвартай хөдөлгүүр байсан юм. Хожим 2UZ-FE-г халж, 4.6 л 1UR-FE V8 бензин хөдөлгүүрээр сольсон. Шууд цацалтын D4-S системтэй уг хөдөлгүүр 347 морины хүчтэй боловч Land Cruiser-т 304 м.х. гаргана.
Тэгвэл 5.7л 3UR-FE V8 бензин нь шууд цацалтын D-4S системгүй боловч Dual VVT-i системтэй, 381 м.х. хөдөлгүүр юм. Хий гаргах хөндийг нь зэвэрдэггүй гангаар хийсэн.
Дөрөв дахь хөдөлгүүр нь 4.5 л 1VD-FTV V8 турбо дизель юм. Энэ нь Toyota-н анхны V8 дизель хөдөлгүүр бөгөөд 32 хавхлагатай, түлш цацалтын Common Rail системтэй, нэг эсвэл хос турботой. Хос турботой хувилбарыг анх 2007 онд универсал Land Cruiser 200-д суурилуулж байсан. Нэг турботой нь 202 болон 205 м.х, хос турботой нь 268 болон 272 м.х.
Lexus LX 570 болон Land Cruiser 200-д суурилуулдаг дээрх хөдөлгүүр бүгд бат бөх хийцтэй, найдвартай ажиллагаатай.
Харин эдгээр хөдөлгүүрийн эдэлгээг уртасгаж, он удаан жил ашиглахыг хүсвэл дараах зөвлөгөөг мөрдөөрэй.
- Аль болох Euro 2 стандартын хөдөлгүүртэй загвар сонгохыг зөвлөж байна. Учир нь бусад хөдөлгүүрүүд манай бензин, түлшийг голдог учраас шүүрийг ойр ойрхон солих шаардлагатайгаас гадна яваандаа инжектор эвдрэх эрсдэлтэй.
- Хэрэв Lexus эсвэл Land тань 2010 оноос өмнөх үеийн 1VD-FTV дизель хөдөлгүүртэй бол мэргэжлийн газраар хөдөлгүүрийн дугаараа шалгуулаарай. Учир нь энэ үеийн хөдөлгүүрийн поршен, кольц, вакум помп эвдэрч, тос их идэх гэмтэл учирдаг. Энэ нь ашиглалтаас илүүтэй үйлдвэрийн алдаа байх нь элбэг. 2010 онд уг хөдөлгүүрийг сайжруулсан учир үүнээс хойш дээрх эвдрэл бараг гарахаа больсон.
- 1VD-FTV дизель хөдөлгүүр тос, түлш нилээн голно. Тиймээс хамгийн чанартай хөдөлгүүрий тос сонгож, чанартай түлшээр банкаа цэнэглээрэй. Ингэвэл уг хөдөлгүүр урт насалж, элдэв асуудал гаргалгүй 400,000 км-ээс ч илүү явах болно.
- LX-570 бол их хотын чамин тансаг унаа гэдгийг мартаж болохгүй. Хэт их ачаа тээвэрлэн хөдөө гадаа явж, уул өөд чарлуулан өгсөх, шаварт бярдаж зүтгүүлэх нь хөдөлгүүрийг хэт халааж, доод эд ангид сөргөөр нөлөөлнө.
- 3UR-FE бол бараг засвар авдаггүй хөдөлгүүр гэдгийг мартаж болохгүй. Тиймээс сайн чанарын тос хэрэглэж, тосны түвшнийг байнга хянаж хэвшээрэй. Тосны хэмжээ багасвал хөдөлгүүр их амархан “өлддөг”. Энэ маягаар удаан явбал хөдөлгүүрт ноцтой гэмтэл илэрч эхэлнэ.
- 1GR-FE хөдөлгүүртэй Land Cruiser-г 50,000 км тутамд холимгийн хаалт цэвэрлүүлэх, 100,000 км тутамд клапаны зайг тохируулах үйлчилгээг хийлгэхийг зөвлөж байна.
- 2UZ-FE хөдөлгүүрийн духны ременийг 100,000км тутамд шалгуулж шаардлагатай бол солиулаарай. Мөн клапангийн зай тохируулах үйлчилгээ шаардлагатай бол хийлгэнэ үү.
- Тансаг ангиллын уг хоёр машиныг хүйтний улиралд заавал дуулан газар хонуулах хэрэгтэй. Хэрэв хүйтэнд байнга гадаа хонуулбал яваандаа хөдөлгүүрийн термостат, форсунк зэрэг маш олон эд анги хугацаанаасаа өмнө эвдрэх, гэмтэх эрсдэлтэй.
Эх сурвалж: Доктор Авто Сүлжээгээс эрхлэн гаргасан Ланд Круйзер сэтгүүлээс