ЗАМЫН ХААДЫН НҮД ЧИХ /LX570, LAND CRUISER

12,000 гаруй машинд цахилгаан оношилгоо хийж зассан Мэргэшсэн инженер Ц. Эрхбадаргуун

Land Cruiser 200, Lexus LX 570 хоёр хүчирхэг эд ангитайгаас гадна цахилгаан тоноглолынхоо ачаар бүхий л бартааг туулж, халуун хүйтнээс харшдаггүй универсал автомашин юм. Түүнд түлхүүргүйгээр онгойдог Smart Entry, түлхүүргүйгээр асдаг Smart Start-с гадна дундаа бартаат замын хурд түгжих Crawl, уруудах үед туслах Downhill Assist Control, динамик тэнцвэржүүлэгч KDSS зэрэг жолоочид туслах олон нэмэлт системүүд бий.

Land 200, LX 570 хоёр угсралтын өндөр чанар, ашиглаж буй технологиороо бусдаасаа дээгүүр гэлээ ч манай орны эрс тэс цаг уур амьсгалд “төмөр хүлэг”-ээ хайрладаг, түүнийгээ олон жил ашиглахыг хүсдэг бол дараах зөвлөгөөг дагаарай.

  1. Дөнгөж орж ирсэн LC 200 эсвэл LX 570 авсан бол нэг сарын дараа заавал үзлэг оношилгоонд оруулаарай. Хэрэв хуучныг “гар дээрээс” авах гэж байвал мэдээж мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, оношилгоо хийлгэх нь эрсдэлээс хамгаална. 
  2. Хийн өргөгчгүй LC 200-д 150,000км дараа хянах дээр KDSS системийн гэрэл асах, тэнхлэгийн зүүн талд цохих чимээ гарах, кузов илт хазайх, машин дэвхэрч эхлэх зэрэг шинж илэрч болзошгүй. KDSS нь автомашиныг ямар ч гадаргуу дээр явахад кузовыг тогтворжуулах үүрэгтэй систем юм. Манай нөхцөлд уг системийн гадна гэр нь шавар болж гэмтэх нь элбэг. Тиймээс мэргэжлийн газар оношилуулж цэвэрлүүлэн шаардлагатай үйлчилгээг нь хийлгээрэй. 
  3. LC 200-ийн хянах дээр “4LO” гэрэл асах нь бууруулах дамжуулгыг ашиглахгүй байгаа сануулга юм. Тэгэхээр сардаа ядаж нэг удаа бууруулах дамжуулгаа холбож бүх цахилгаан тоноглол, төхөөрөмжүүдээ ажиллуулбал энэ гэрэл асахгүй. Гэсэн хэдий ч ассаар байвал яаралтай оношлуул. Харин VSC, ABS, 4LO бүгд зэрэг ассан бол тоормосны ABS системээ шалгуулна уу. Уг системийн цахилгаан утас бараг ил байдаг учир тасарч гэмтээд анхааруулах гэрэл ассан байх магадлал өндөр юм. 
  4. LC 200-аар хөдөө их явдаг бол ойрын гэрлээ сольж тусгалыг нь сайжруулахыг зөвлөе. 
  5. LC 200-ийн дугуйн даралт мэдрэгч хугацаанаасаа өмнө шатах гэм бий. Энэ нь хүйтэнд тэсдэггүйтэй холбоотой. Сэлбэг болон засвар нь гайгүй хямд төсөр тул нэг их төвөг удахгүй.
  6. LX 570, 100,000км-ийн дараа хийн өргөгчтэй тэнхлэгт асуудал үүсэх гээд байдаг. Ерөнхийдөө ашиглалттай холбоотой бөгөөд засвар хялбар авдаг тул санаа зоволтгүй.
  7. LX 570-н агааржуулалтын системийг жилдээ нэг удаа шалгуулаарай. Хоолой нь бохирдвол гэрэл, генератор, төв компьютер ажиллагаагүй болдог эрсдэлтэй. 
  8. LX 570-д хэт их ачаалал бүү өг. Элс шавар, жалга довоор ширүүн жолоодох, бартаа ихтэй замаар хамаагүй давхих, урт зайд өөр тээврийн хэрэгсэл чирвэл стартер, асаалтын систем, шатахуун дамжуулах болон хөдөлгүүрийн удирдлагын системд гэмтэл учирна. Цаашлаад генератор ашиглалтаас гарч цахилгаан тоноглол бүхэлдээ эвдрэх эрсдэлтэйг анхаарна уу. 
  9. Өвөл хүйтэнд LC 200, LX 570-ыг заавал дулаан гаражид хонуулаарай. Ихэнх цахилгаан тоноглол, төрөл бүрийн мэдрэгчүүд нь манай хүйтнийг тэсэлгүй ашиглалтаас гарах эрсдэлтэй. Нэг нь эвдэрвэл нөгөөдөө давхар нөлөөлж болзошгүй.