ЦАХИЛГААН ХОЛИМГИЙН ХААЛТ ГЭЖ ЮУ ВЭ? №96

Холимгийн хаалт: Жолооч бидний ярьдгаар агаар нээж хаадаг хавхлагийг холимгийн хаалт гэдэг. Сүүлийн үеийн машинууд (Королла, Краун, Кэмри, Экстрэйл, Харриер, Витз гэх мэт) троссоор онгойх биш цахилгаанаар нээж хаадаг хавхлагатай болсон.

Хуучны машинууд жолооч хааз гишгэхэд холимгийн хаалт дээр татагдсан троссны дагуу хавхлага нь нээгдэж хаагддаг байсан бол орчин цагийн машинууд жолооч хааз гишгэхэд хаазны мэдрэгчээс авсан мэдээллийн дагуу компьютер цахилгаан хавхлагийг тэр хэмжээгээр нээж хаадаг.

Яагаад бохирддог вэ?

Бохирдсон холимгийн хаалттай машин хүйтэнд унтраад байдаг. Учир нь цахилгаан холимгийн хаалттай машинуудын хавхлага дээр нагар их тогтсон үед нормаль өндөрсөхгүй. Шалтгаан нь хавхлагын моторт нагар ачаалал өгснөөр нээж чаддаггүй байна. Юунаас болж бохирдож байна вэ гэхээр нарийхан зайгаар маш их хүчтэй урсгал явагдаж байдаг. Тиймээс энэхүү хүчтэй агаарын урсгалаас үүдэн бохирдол үүсдэг байна.

Түүнээс гадна цахилгаан холимгийн хаалт нь цахилгаан нормаль баригчийн үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл жолооч хааз гишгээгүй үед цахилгаан холимгийн хаалт нь бага градусаар онгойж нормальдуулах хэмжээний агаарыг оруулж байдаг.

Цахилгаан холимгийн хаалттай машинуудад анхаарах зүйлс:

Тогтмол (жил бүр) цэвэрлэж байх хэрэгтэй. Хэт удаан бохирдолтой явсан тохиолдолд аккумуляторыг салгасны дараа нормаль тогтохгүй болдог. Энэ үед задалж цэвэрлэх нь зүйтэй.

Эвдрэл, гэмтлийн шинж
  • Хөдөлгүүр доголдох
  • Нормаль хэвийн бус дээш доош хэлбэлзэх
  • Хянах дээр check engine шар гэрэл асах
  • Хаазыг гишгэсэн ч дүлий болох

Ниссан маркын автомашинуудын цахилгаан холимгийн хаалтыг цэвэрлэсний дараа заавал компьютерээр градусыг нь тохируулах шаардлагатай байдаг.