ХӨРГӨЛТИЙН СИСТЕМЭЭС ХИЙ АВАХ АРГА №102
Та хөргөлтийн шингэн буюу антифриз, тосол, ус зэргийг сольсны дараа хөргөлтийн системд хуралдсан хийг гаргах хэрэгтэй. Зарим автомашинд хий гаргах тусгай крант байдаг ба заримд нь байдаггүй.
Хөргөлтийн системд хий орвол салоны паар халуунаар үлээдэггүй. Энэ нь намар - орон сууцанд дулаан өгөх үед пааран дотор байсан хий дээш түрэгдэн явсаар хамгийн дээд давхарт хуралдан улмаар халуун усны эргэлтийг багасгаж хүйтэн болгодогтой ижилхэн зүйл юм. Тэгээд бид дээд айлаас аа хий авахуулна гээд явдаг шүү дээ. Үүнтэй адил процесс автомашины пааранд ч тохиолддог юм.
ХИЙ АВАХ АРГА
Таны машин хий авдаг кранттай байгаад түүнийг нь олохгүй ч байж магад. Тэгэхээр эхлээд та дараах дарааллын дагуу хийж гүйцэтгэнэ үү.
- Та эхлээд өгсүүр газар олох хэрэгтэй. Үүнд уулын бэл, засварын авирдаг яам, байруудын гарааш руу орох уруу гэх мэт.
- Машины урд хэсгийг өндөрт байрлахаар өгсүүлж зогсооно. Ингэж зогсоосны дараа капотыг сөхөж урд радиаторыг хүйтэн байх үед нь тагийг нь авна.
- Нэмэх антифриз эсвэл тосолыг бэлдэнэ. Хий гарсны дараа юмуу эсвэл өсүүлж зогссоны дараа шингэн доошилж магадгүй юм. Тэр үед нь дүүртэл шингэнийг хийнэ.
- Та машины паарны удирдлагыг улаан талруу нь гүйцэд шилжүүлсэн байх хэрэгтэй. Үүнийг машин гүйцэд халахаас өмнө хийнэ.
- Авто машины хөдөлгүүрийг асааж халаана.. Явж байгаад ирсэн хөдөлгүүрийг хөргөж байгаад радиаторын тагийг авсан нь зөв. Учир нь радиатор халуун байвал тагийг нээх үед халуун антифриз, тосол давралттайгаар гарч түлэгдэх аюултай юм.
- Хөдөлгүүр халж термостат нээгдэн бүтэн эргэлт хийснээр радиаторын ус халж нээлттэй байгаа тагны нүхээр хийн бөмбөлөг шингэн дотроос гарна. Цаашлаад нэлээд хэдэн минут хаазалж дунд зэргийн эргэлтээр ажиллуулснаар ахин хий гарахгүй бол радиаторын тагийг хийж таглана.
- Үүний дараа машинаа тэгш газар байрлуулж илүүдлийн саванд дээд зураасыг хүртэл антифрийз, тосолыг нэмж хийнэ. Ингэж хийгээгүй орхисноос ахин хий сорж болзошгүй юм.
Эх сурвалж: www.cardoctor.mn