ЯАГААД ЗААВАЛ ӨВЛИЙН ДУГУЙГ СОНГОХ ГЭЖ? №217

Гадаа хүйтэрч, мөстсөн зам дээр явна гэдэг маш сонор сэрэмж шаардах улирал дөхөж байна. Тиймээс өвлийн дугуйн зөв хэрэглээн талаарх зөвлөмжийг танд хүргэж байна.

Бүх улирлын дугуй хэмээн зарагддаг дугуй нь өвлийн улиралд яг тохирсон байж чаддаггүй. Хэдийгээр ямар ч цаг агаарын нөхцөлд хэрэглэгчдэд тав тухтай байдлыг мэдрүүлдэг ч өвлийн улиралд тийм ч төгс зохицож чаддаггүй. Шавар болон цасны (M+S) тэмдэглэгээ нь бүх улирлын дугуй дээр байдаг ч яг өвлийн улиралд зориулагдсан дугуйн хэмжээнд хүртэл ажиллаж чаддаггүй.

Энэхүү M+S тэмдэглэгээ бүх улирлын ихэнх дугуйн бөөрөн дээр байрладаг хэдий ч өвлийн дугуйн чадварт хүрдэггүй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг гэдгийг мартаж болохгүй. Өвлийн дугуйг цас болон мөсөнд зориулан тусгайлан үйлдвэрлэдгээр давуу аж. Жишээлбэл тусгай бүтэцтэй резины хольцыг ашигласнаар цас тогтдоггүй давуу талтай болдог байна.

Vredestein Tyres-ийн Rene Wolters-ийн мэдээлснээр "Өвөлд зориулагдсан дугуй нь хажуудаа цас, шаварны логотой дугуйнаас хол илүү чадвартай. Уг бичиг нь өвлийн нөхцөлд хэрэглэж болно гэж заасан утгатай болохоос өвлийн замд ТӨГС нийцнэ гэсэн утгатай биш юм" гэжээ.

Өвлийн дугуйн өөр нэгэн чухал зүйл бол дугуйн сорох, шимэх чадвар. Coopertires компанийн менежер Kurt Berger-ийн хэлснээр "Сорох чадвар өвлийн дугуйн чадварыг илтгэх хамгийн гол зүйл. Дугуйг замтай илүү барьцалдуулах боломжийг олгодог" гэсэн байна.

Үүнээс гадна сорох чадвартай дугуйнаас дуу гарах муу талтай, гэхдээ ус зайлуулах, барьцалдах, жолоодлогын мэдрэмж илүү болдог давуу талтайг нь мартаж болохгүй. Дугуй нь өргөн мөртэй бол гулгах чадварыг багасгадаг гэхдээ гарах дуу нь бусад дугуйнаас их болдог. Харин хажуугийн мөртэй бол илүү замтай барьцалдах чадвартай болдог гэжээ.

Өвлийн дугуйн төрлүүд

Зөв өвлийн дугуйгаа сонгоно гэдэг амаргүй ажил. Хамгийн гол зүйл нь таны явдаг замын нөхцөл ихэвчлэн мөстэй байдаг уу эсвэл цастай байдаг уу? гэдгээс сонголтоо хийх хэрэг гарна. Өвлийн дугуйг тэр бүрчлэн цас эсвэл мөсөнд тусгайлан зориулж дизайнчлаад (шинэ хээн загвар гаргах) байдаггүй.

Харин үйлдвэрлэх орцны хувьд бага зэргийн өөрчлөлт хийснээр өөрсдийн хүссэн үр дүнд хүрдэг байна. Жишээ нь мөсөнд илүү барьцалдах чадвартай дугуйг хийхийн тулд өөр төрлийн химийн орцыг буюу цахиурыг ашигласнаар хүйтэн нөхцөлд резин зөөлөн чанараа алддаггүй. Ингэснээр мөсөн дээр илүү байна гэсэн үг юм. Улмаар энэ төрлийн дугуй нь илүү дуу багатай байдаг.

Харин цасанд зориулагдсан өвлийн дугуй нь мөрний блок хооронд илүү өргөн зайтай болдог мөн бага зэрэг хатуу хийцтэй ажээ. Ингэснээр цасанд туулах чадвар өндөрсгөж өгдөг байна.

Дугуй нь автомашиныг замтай харилцан үйлчлэхэд гол хөшүүрэг нь болдог. Хэдийгээр сүүлийн үеийн өндөр чадвартай аюулгүйн системүүд болох бүх дугуйн хөтлөгч систем, тэнцвэржилтийн систем нь маш их хэрэгтэй байдаг ч мөстэй, цастай ямар ч барьцалдах нөхцөлгүй замд дугуй л хамгийн чухал зүйл нь болдог.

Өвлийн дугуй нь тусгайлан дизайнчилсан мөртэй, замтай илүү харилцах чадвартай байдаг

Бүх дугуйн хөтлөгч системтэй автомашинд өвлийн дугуй хэрэгтэй эсэх тал дээр та эргэлзэж байж магадгүй. Бүх дугуйн хөтлөгч систем бол гулгамтгай нөхцөлд тэнцвэртэй байдлыг хангахад магадгүй туслах байх. Гэхдээ та зогсохыг хүссэн үед тусалж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй.

Гулгамтгай налуу замд дугуйнууд барьцалдах чадваргүй нөхцөлд бүх дугуйн хөтлөгч систем аюулаас аварч болох юм. Түүнийг та өвлийн дугуйтай хослуулан хэрэглэвэл мэдээжийн хэрэг цас мөсөн улам аюулгүй жолоодлогоо гүйцэтгэх боломжтой болно.

Маш олон оюутнууд өвлийн дугуйн ач холбогдлын талаар судалгаа, туршилт хийсэн байдаг. Тэдний туршилтаар өвлийн дугуй нь бүх улирлын дугуйнаас богино зайд зогсож байсан бөгөөд үүнийг 50 км/ц хурдтай өвлийн нөхцөлд туршиж үзсэн юм байна. Өвлийн дугуй нь бүх улирлын дугуйнаас 25% илүү богино зайд зогсож байсан бөгөөд энэ нь 2 эсвэл 3 машины урттай дүйцэх хэмжээс юм.

Зарим жолооч нар урд эсвэл хойд 2 дугуйгаа өвлийн дугуйгаар солиход болчихно гэж үзэж магадгүй, энэ нь харин ч таныг гулгаатай замд том аюулд оруулж байна гэдгийг ойлгодоггүй. "Өөр өөр төрлийн дугуйг урд хойноо хийж ашиглах нь эргэлтийн үед асуудал үүсгэдэг. 2 өөр төрлийн дугуйг хэрэглэснээр эргэлтийн үед жолоодлого алдагдах өндөр магадлалтай" хэмээн Berger хэлсэн байна.

Өвлийн дугуйн гол зүйлсийг дээр дурдлаа. Бүх улирлын дугуй -7 градусаас эхлэн ашиг тустай байдлаа алдаж эхэлдэг. Тиймээс дээрх бүх зөвлөгөөг чанга мөрдөж одооноос дугуйгаа өвлийн дугуйгаар солиорой.