ХОЙД ДУГУЙ ЯАГААД АЛЦАЙДАГ ВЭ? №201
Бидний ярьдгаар хойноо гартай буюу үл хамаарах тэнхлэгтэй машинууд хэрэглээний явцад алцайсан байдалтай болдог. Эд ангийн эдэлгээний явцад буюу гарны хэд хэдэн втулка муудах, хөдөлгөөн орох, цаап хөдөлгөөнтэй болох, амортизатор суух, пүрш уярах, пүршний дээд таваг ханзрах, тэнхлэг тохиргооны гар цохигдож гулзайх, гарнуудын эрэг боолт сулрах, тэнхлэг тохиргооны хуваарь зөрөх тохиолдлуудаас болж алцайдаг. Эдгээрээс нийтлэг эвдрэл нь пүрш суух, втулкууд муудах юм.
Тиймээс тэнхлэг тохиргоонд орохдоо босоо болон хэвтээ өнцөг хэр их хазайсан байгааг дурандуулж оношлуулаад шаардлагатай солих эд ангиудыг сольсноор дээрх эвдрэл үгүй болно.
Зарим төрлийн хөнгөн эвдрэлийг хойд тэнхлэгэнд тохиргоо хийж хэвийн болгох нь ч бий. Тэнхлэг тохиргооны хуваарьт (сурв. цагаан боолт) тохиргоо хийгдэх боломжтой байдаг. Зарим автомашины хуваарьт боолт гажих, цохигдсоноос болж эвдэрсэн байдаг. Энэ үед заавал шинээр сольж тавиулах нь зүйтэй.
Урьдчилан сэргийлэх
- Хэт их ачаа ачихгүй байх
- Харайлгахгүй байх
- Амортизатор, пүршийг цаг тухайд нь хамтад нь солих
- Втулкануудыг шалгуулж, оношлуулж байх
Эх сурвалж: www.cardoctor.mn