ЯАГААД БАЯЖААД АСАХГҮЙ БОЛДОГ ВЭ? №249
Цаг агаар хүйтэнд үед жолооч бидэнд машин асахгүй хүндрэл тохиолддог. Машин асахгүй байх шалтгаан нь бензин хөдөлгүүр баяжих буюу свечэ бензинээр норох үзэгдэл юм. Яагаад энэ үзэгдэл нь зөвхөн өвлийн улиралд тохиолддог вэ гэхээр - хүйтэнд нягт ихтэй агаар, бензиний молекултай бүрэн холилдож чадахгүйгээс тэсрэлт бүрэн явагддаггүй.
Өөрөөр хэлвэл тоосруулж цацагдсан бензин халуун агаартай бүрэн холилдож үүн дээр оч өгөхөд тэсрэлт явагдаж хөдөлгүүр хэвийн асдаг бол хэт хүйтэнд тоосруулж цацагдсан бензин агаартай бүрэн холилдож чадаагүйгээс болж шингэн төлөвөө хадгалснаар свечэг норгодог.
Зуны цагт баяжилт гэдэг үзэгдэл гардаггүй. Учир нь моторын тос зуурахгүй тул цилиндрийг чөлөөтэй хурдан эргүүлснээр хөдөлгүүрт компресс хурдан үүсэж агаар бензинийг хурдан хольдог. Эсрэгээрээ царцуу тос, удаан эргэх хөдөлгүүр, хүйтэн агаар нь компрессийг бага үүсгэж баяжуулдаг.
БАЯЖСАН МАШИНЫГ ЯАЖ АСААХ ВЭ?
- Свечэгээ аваад үзэхээр поршенгийн орой дээр бензин нь ус шиг мэлтэлзэж байдаг. Хамгийн зөв арга бол гадаа хүйтэнд асаах гэж оролдсоноос дулаан гарааш руу чирч оруулах хэрэгтэй. Үүний дараа свечэг тайлж, цилиндрт байгаа бензинийг даавуунд шингээж соруулж авах хэрэгтэй. Дээр үйл ажиллагаанд анхаарах зүйл байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс гал болон газаар үлээлгэж болохгүй. Галаар үлээлгэхэд поршенгийн орой дээр байгаа бензинийг төдийлөн ууршуулдаггүй. Харин ч эсрэгээрээ свечэний амсар дээрх байх моторын тагны сальник зэргийг шатаах, хайлуулах аюултай. Үүний улмаас мотороос тос гоождог болдог.
- Поршенгийн орой дээрх бензинийг байхгүй болгосны дараа форсункны залгуур эсвэл гал хамгаалагчийг салгаж моторыг свечэгүйгээр хэд хэдэн удаа стартер дарна.
- Одоо хөдөлгүүрт халуун свечэ хэрэгтэй. Үүний тулд ассан машины халуун свечэг тайлаад өөрийн машиндаа хийж асааж болно. Эсвэл өөрийн свечэнүүдийг халааж хөдөлгүүрт хийгээд асааж болно. Анхаарах зүйл: Газаар хэт халааж, улайсссан свечэг цаашид солих хэрэгтэй. Учир нь свечэн доторх эсэргүүцэлтэй электрод шатаж хөдөлгүүрийн үйл ажиллагааг доголдуулдаг.
БАЯЖААХГҮЙ БАЙХ АНХААРУУЛГА
Машиныг хөлдөхөөс нь өмнө асааж байх - Асаагчтай дохиолол, тодорхой цагт өөрөө асааж байх, хөргөлтийн шингэнийг халаадаг төхөөрөмж хэрэглэх, хучлага хэрэглэх, сайн аккумулятор, сайн тос, нөмөртэй гараашд байршуулах аргуудыг хэрэглэж болно.
Эх сурвалж: www.cardoctor.mn