ДИФФЕРЕНЦИАЛЫН ТӨРӨЛ & ЯЛГАА №251

Нээлттэй дифференциал

Ямар үүрэгтэй вэ: Нээлттэй дифференциал гэдэг нь хөдөлгүүрээс гарах эргүүлэх хүчийг ялгаатай хурдаар эргэх боломжтой болгож машины дугуйнуудад хуваарилж өгдөг.

Үр нөлөө: Ийм төрлийн дифференциал нь автомашины аль нэг дугуй газартай хүрэлцэхгүй байгаа тохиолдолд эсрэг талын дугуйны эргүүлэх хүчийг нь бууруулдаг. Муугаар бодвол, хэрэв автомашины нэг талын дугуй шаварт суух, гулгах, дугуй газар хүрэхгүй өргөгдөх зэрэг нөхцөлд уг дугуй хий эргэх ба харин замтай сайн харьцаж буй нөгөө талын дугуй машиныг хөдөлгөх эргүүлэх хүчийг гаргаж чадахгүй болно гэсэн үг.

Орчин үеийн traction-control system-үүд энэ асуудлыг шийдэхийн тулд хий эргэж байгаа дугуйг автоматаар тоормослож өгдөг байна. Гэвч бусад төрлийн дифференциалууд нээлттэй дифференциалаас илүү ажиллагаатай бөгөөд нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхдээ хурдан байдаг.

Ямар төрлийн машинуудад байдаг вэ: Ихэнх энгийн гэр бүлийн суудлын автомашинууд, жижиг миниван, хэмнэлттэй машинд суурилагдсан байдаг.

Түгжигчтэй дифференциал

Ямар үүрэгтэй вэ: Энэ төрлийн дифференциалыг цоожилсон тохиолдолд автомашины дугуйнууд үргэлж зэрэг хурдаар эргэнэ. Иймд элс, шавар болон цастай замд энэхүү дифференциалыг түгжвэл машины замтай харьцаж байгаа талын дугуй - тогтвортой жигд зогсолтгүй эргэж чаддаг.

Үр нөлөө: Түгжээгүй байх үедээ нээлттэй дифференциалтай адил зарчмаар ажилладаг. Гэвч түгжээтэй үедээ барьцалдах чадвар сайтай. Асфальтан зам дээр явахад автомашины эргэлтэд нөлөөлдөг ба жолоодлогод муугаар нөлөөлж болзошгүй.

Ямар төрлийн машинуудад байдаг вэ: Toyota Land Cruiser, Jeep Wrangler, Mercedes-Benz G-Class зэрэг жийп машинуудад байдаг бөгөөд байхгүй тохиолдолд нэмэлтээр суурилуулж болдог.

Limited-Slip Дифференциал

Ямар үүрэгтэй вэ: Энэ төрлийн дифференциал нь өмнөх нээлттэй ба түгжигддэг төрлүүдийн хосолсон хувилбар гэж хэлж болно. Ихэнх нөхцөлд нээлттэй төрөл шиг ажиллаж, гулгамтгай зам дээр өөрөө автоматаар түгжигддэг. Түгжээ нь тусгай шингэнт буюу виско төрлийн, авцуулах холбоо эсвэл арааны тусламжтайгаар түгжигддэг.

Үр нөлөө: Цэвэр механик limited-slip дифференциал нь хариу үйлдэл үзүүлэхдээ маш сайн байдаг. Гэхдээ энэ төрлийн дифференциал дугуйнд гулгалт үүсэхээс нааш түгжигддэггүй.

Ямар төрлийн машинуудад байдаг вэ: Ихэвчлэн спорт загварын машинуудад байдаг бөгөөд спорт тоноглолтой Nissan 370Z, Mazda MX-5 Miata, Scion FR-S буюу Subaru BRZ зэрэгт байдаг.

Электрон удирдлагатай Limited-Slip дифференциал

Ямар үүрэгтэй вэ: Электрон удирдлагатай дифференциал нь нээлттэй болон түгжээтэй дифференциалын давуу талыг өөртөө шингээж хувьсах байдлаар ажилладаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр секундэд 100 удаагийн тохируулгийг дифференциалын ажиллагаанд хийж чадна гэсэн үг юм. Жишээлбэл: Хэрвээ комьютер эргэлтэн дээр машин шарваж байгааг мэдэрвэл машиныг тэнцвэртэй болтол дугуйнуудыг цоожилж, хуваарилалтыг хийх юм.

Үр нөлөө: Уламжлалт LSD дифференциал шиг ажиллагаатай, удаан эргэлттэй болсон дугуй руу эргэлтийг илүү дамжуулдаг.

Ямар төрлийн машинуудад байдаг вэ: BMW M3 болон M4, Cadillac ATS-V & CTS-V, Chevrolet corvette, Ferrari 488GTB

Torque-vectoring дифференциал

Ямар үүрэгтэй вэ: Нэмэлт араан дамжуулгийг ашигладаг, ингэснээр дугуй тус бүрт очих хүчийг уян хатан зохицуулах боломжтой болсон. Энэ төрлийн дифференциал нь YAW мэдрэгчийн туслалцаатай машины хурдан удаан, эргэлт зэргийг мэдэрч дугуйн эргэлтийг удирдаж өгдөг давуу талтай.

Үр нөлөө: Энэ төрлийн дифференциал жин ихтэй, овор хэмжээ том, үнэтэй мөн шатахуун зарцуулалтад муугаар нөлөөлдөг.

Ямар төрлийн машинуудад байдаг вэ: Audi S4, S5, ба S6; BMW X5 M болон X6 M; Lexus RC F.