ТОСНЫ КАСТЕР №273

Хөдөлгүүрийн доор байрлах тос хураах тэвшийг тосны кастер гэдэг. Тосны кастер нь хүйсний жийрэг, тосны кастерын жийрэг зэрэг бүрдэл хэсгүүдтэй. Хэрвээ таны моторын харалдаа доороос тос гоожих, шүүрсэн нь мэдэгдэж байвал тосны кастерыг шалгаж үзэх нь зүйтэй.

Ихэвчлэн доороос хад чулуу гэх мэт зүйлийг хүчтэй мөргөхөд кастер хагарч цуурах эсвэл тос сольсны дараа хүйсний боолт дутуу чангалагдсан байх магадлалтай байдаг. Харин нэг зүйлийг анхааруулахад хөдөлгүүрийн дээд хэсгээс шүүрч урссан тос кастерыг бүрхэж түүнээс гоожсон юм шиг харагдах нь олон байдгийг анхаараарай.

Тосны кастерын жийрэг

Хөдөлгүүрийн блок болон тосны кастер хооронд жийрэглэдэг эдийг кастерын жийрэг гэж нэрлэдэг. Түүнийг цаасан эсвэл резинэн мөн шахмал резинэн материалаар хийдэг. Дээрхтэй адил доороосоо хүчтэй цохилт авсан тохиолдолд кастерын хонхойж жийргээр тос алдах эрсдэлтэй байдаг.

Тиймээс таны машин SUV төрлийн бол доод хамгаалалтыг бүрэн бүтэн байлгах, хүнд нөхцөлтэй замаар аялдаг бол сайжруулсан ган, төмөр хийцтэй хамгаалалтыг ашиглаж байгаарай.