ТОГОРУУ ШИГ ХӨДЛӨХӨД ГЭМГҮЙ

Зөвхөн сайтар шалгаж, үзсэний дараа л явж болно.

Ялангуяа эргийн дагуух мөсийг онцгой шалгах хэрэгтэй. Мөсний зузаан 2.5 тн хүртэл жинтэй машинд 20 см, 4 тн хүртэл жинтэй машинд 30 см байвал зохино.

100 хувь найдвартай биш мөсөн дээгүүр явах үед бүхээгний хаалга хоёуланг нь онгойлгон дотор нь зөвхөн ганц жолооч сууж явсан нь зөв юм. Учир нь мөс цөмөрвөл усан доор даралтаас шалтгаалан хаалгаа онгойлгож чадахгүйд хүрдэг.

Юмыг яаж мэдэхэв.

Хэрэв мөсөн дээр цасан хунгар тогтсон бол дугуйгаа хий эргүүлэхгүйн тулд 10-15 см цасны үе үлдээгээд хунгарыг цэвэрлээрэй. Яагаад гэхээр мөсөн дээр цастай үед хий эргэх магадлал бүр ч ихэсдэг.

Мөсөн дээгүүр 15-20 км/ц хурдтай явах нь хамгийн тохиромжтой. Гарцны мөс усанд идэгдсэн буюу хагарч цав гарсан байвал эргийн тэр хэсэгт мод тавьж хүч нэмэгдүүлж болох юм. Гэхдээ ийм байвал эрсдэл ихтэй л гэсэн үг.

Ганцаараа хэзээ ч бүү гулга

Мөсөн дээгүүр хэд хэдэн машин нэгэн зэрэг гарах болсон үед хоорондын нь зайг 25-35 м-с багагүй байлгаарай. Энэ нь массыг жигд хувааж, тараахад хамгийн тохиромжтой зай юм.

Ачаа тээвэрлэх үед аль болох хөрсөн замаар явсан нь дээр. Зайлшгүй мөсөөр явах хэрэгтэй болвол өмнө нь машин явж байгаагүй нь ч хамаагүй хамгийн зузаан гэж бодсон хэсгээрээ л гараарай.

Ийм тохиолдолд ихэвчлэн хүнд араагаар удаан явах шаардлагатай болдог учир хөдөлгүүр хэт халах магадлал бий. Иймээс хөргөх системийн температурын залгуурыг байнга ажиглаж, шаардлагатай бол зогсож хөдөлгүүрийг хөргөсөн нь дээр.

Ер нь мөсөн дээгүүр явах үед аль болох 2-3 машинтай цуг нийлж явах нь хамгийн зөв, гав ганцаараа ганц машинтай явах үед, ямар ч хол байсан тойрч гарсан нь л дээр байдаг юм шүү.