SHELL-ЫН ТАЛААР ХЭР МЭДЭХ ВЭ?

SHELL брэндийн түүх дэлхийд цуурайтуулсан анхны санаачлагуудаас өгсүүлээд агуу зураачдыг багтаасан эрдэнэсийн сан л гэсэн үг. Эдгээрээс цөөн хэдэн баримтыг дурдахад л бид хэн болох, хаанаас ирснийг мэдэж авна.

20,000 км туулсан анхны нислэгт Shell маркийн шатахуун ашигласан

Цюрихээс Кейптаун чиглэлийн энэхүү нислэгийг 1926 оны 12-р сард үйлджээ. Нисгэгч Вальтер Миттельхозер уг түүхэн үйл явдлыг фото зургийн хальснаа буулгасан байдаг. Хожим энэ хүн SwissAir авиа компанийн үүсгэн байгуулагчдын нэг болсон түүхтэй.

Shell концерн жолооч нарт зориулсан автозамын сүлжээний зургийг нэвтрүүлсэн анхдагчийн нэг

Авто тээврийн хэрэгсэл дөнгөж хөгжиж эхэлсэн тэр цагт Shell компани автозамын сүлжээний зураг нэвтрүүлсэн анхдагчдын нэг болов. Компанийн архив 1931-2010 оны хооронд хэвлүүлсэн автозамын газрын зургийн арвин их цуглуулгатай. Анхны зурагт Голландын автозамын сүлжээг оруулж байв. Харин 1980-аад оноос эхлэн Голландад жолооч нарын дунд өндөр эрэлттэй байсан Het Honderdduizend Stratenboek хэмээх газрын зураг нь “Замын Библи” гэдэг нэрээр түүхэнд бичигдэн үлджээ.

Shell компани компьютер технологи нэвтрүүлсэн анхдагчийн нэг

1953 онд Shell концернийн Амстердам дахь лаборатори компьютер ашиглаж эхэлсэн Голландын анхны байгууллагаар тодорч байв. Энэ нь алдарт эрдэмтэн Алан Тьюрингийн тусламжтайгаар Манчестерийн их сургуульд бүтээсэн Ferranti Mark I хэмээх компьютер байжээ. Хожим уг компьютерыг худалдаанд MIRACLE (Mokum's Industrial Research Automatic Calculator for Laboratory Engineering) гэдэг нэрээр гаргаж байв.

Shell концерн сурталчилгааны плакат, автозамын сүлжээний гарын авлага зэргийг бүтээхдээ алдартай зураачдыг татан оролцуулдаг байжээ

1920 болон 1930-аад оны үед тус компани Жон Армстронг, Бен Николсон, Эдвард Ардиззон, Дункан Грант, Пол Нэш, Грэм Сазерлэнд, Ванесса Белл зэрэг алдартай зураач нартай хамтран ажилладаг байсан бөгөөд тэдний бүтээлүүд хожим Английн урлагийн алтан фондод орсон байдаг.

Shell компани 1934-1984 оны хооронд “Тойрог бүрийн автозамын зураглал” хэмээх цувралыг эрхлэн гаргаж байсан нь жолооч нарын дунд өндөр эрэлттэй байв. Уг цувралыг яруу найрагч Жон Бэтжеман, зураач Жон Пайпер нарын удирдлага дор бүтээхдээ утга зохиол, түүх, урлаг болон загварын ертөнцийг нэгтгэхийн сацуу авто спортыг түгээн дэлгэрүүлэх, Английн алслагдсан бүсүүд дэх түүхийн дурсгалт газруудыг сурталчлахыг зорьж байжээ.

Сурталчилгаандаа эмэгтэй жолооч ашигласан анхны компани бол Shell юм

Shell компани эртнээс эмэгтэйчүүдийн сонгох эрх, тэдний бүх төрлийн оролцоог ил тод дэмжиж ирсэн түүхтэй. Тиймээс 1920-иод оноос эхлэн тус компани эмэгтэй жолоочийг сурталчилгаандаа тогтмол ашигладаг болжээ.

Shell концерн жолооч нарт аюулгүй жолоодлогын талаарх зөвлөгөөг хүргэж эхэлсэн анхны компани

1950-иад оноос эхлэн компанийн олон нийттэй харилцах хэлтсээс эмэгтэй жолооч нарт чиглэсэн анхны аяныг өрнүүлж, үүндээ “Кэрол Лейн” хэмээх зохиомол баатрыг ашиглаж байв.

“Кэрол Лейн”-ий анхны дүрийг нисгэгч, сэтгүүлч мэргэжилтэй Кэролайн Айверсон Акерман хэмээх бүсгүй амилуулжээ. Тэрээр жилд хэдэн мянган бээр туулан эмэгтэй жолооч нарт төрөл бүрийн зөвлөгөө өгч явдаг байсан нь Shell компанийн дүр төрх, нэр төрийг дээшлүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн.

Shell концерн Антарктид дахь экспедицийн багийнханд шатахуун нийлүүлдэг байв

Антарктид судлаач Эрнест Шеклтон болон ахмад Скотт хэмээх алдартнууд тээврийн хэрэгсэлдээ Shell-ийн шатахуун ашиглаж байжээ. Мөн Луи Блерио нисгэгч Ла-Маншийн хоолойг гаталсан анхны нислэгтээ Shell Spirit шатахууныг ашигласан байв. Сүүлийн үеийн баримтаас дурдвал, саяхан тус компани зөвхөн нөхөн сэргээгдэх эрчим хүчний тусламжтайгаар Өмнөд туйлд хүрэх зорилготой South Pole Energy Challenge хэмээх экспедицийн багийг био түлшээрээ хангажээ.

Японд аж үйлдвэржилт өрнөж эхэлсэн тэртээх он жилүүдэд Shell компани эрчим хүчний эх үүсвэр нийлүүлж байв

Shell концерн үүсэн бий болсон түүх Алс Дорнодын бүс нутаг болон 19-р зууны үед эндээс Европ руу далайн дун импортолж, импорт-экспортын бизнес эрхэлж байсан Маркус Самуэль хэмээх худалдаачинтай нягт холбоотой.

1878 онд Маркусын хөвгүүд Японы аж үйлдвэрийн хувьсгалыг дэмжих зорилгоор Ёкохама хотноо бизнесээ явуулж эхэлжээ. Удалгүй бизнес нь үсрэнгүй хөгжсөн учир тэд импортоо тасалдуулахгүйн тулд асар том агуулах барьсан байдаг.

Shell-ийн бэлгэ тэмдэг болсон Pecten дунгийн дүрсийг мөнгөн дэвсгэрт болон шуудангийн маркад мөнхжүүлсэн

2014 онд Shell компани Филиппинд үйл ажиллагаа явуулж эхэлсний 100 жилийнхээ ойг тэмдэглэсэн юм. Энэ ойг тохиолдуулан тус улсын Засгийн газраас улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Shell компанийн бэлгэ тэмдгийг мөнгөн дэвсгэртэндээ мөнхжүүлж, шуудангийн маркуудыг хэвлэсэн.

Shell компани анх 1899 онд эмэгтэй ажилтантай болсныг та мэдэх үү?

Түүнийг Хендрика Троелстра гэдэг байсан бөгөөд олон хэл эзэмшсэн, зохиолч, орчуулагч нэгэн байжээ. Тэрээр Royal Dutch Shell компанийн захирлын туслахаар ажилладаг байв.

Shell-ийн цуглуулгад 500 гаруй дун байдаг

Эдгээр дун бүтээгдэхүүний нэр сонгоход их тус болдог ажээ. Тухайлбал, өндөр чанарын Helix Ultra хэмээх бүлэг тосыг Helix lucorum дунгийн нэрээр нэрлэсэн байдаг. Харин Rotella болон Rimula тоснуудыг Microgaza Rotella, Rimula Marei дунгуудаар нэрлэсэн түүхтэй.

Shell концерн хөгжмийн салбартай холбоотой баялаг түүхтэй

Shell компани 1980-аад оны үед телевизийн аялгуут сурталчилгаа бүтээж, Бинг Кросби болон Сэмми Дэвис зэрэг одтой хамтран ажиллаж байсан түүхтэй. Түүнчлэн 1979 онд компаниас өрнүүлж байсан аяны хүрээнд Beatles хамтлагийн “Help!” цомгийг цөөн тоогоор дахин гаргаж байжээ.

Харин 2015 онд хөгжмийн зохиолч Том Хоутой хамтран Abbey Road студид Sound of Shell буюу Shell компанийн аудио логог бичүүлж байв.

Shell концерны архив Гаага хотод байдаг

Энэхүү архивын газрыг агааржуулалтын автомат системээр тоноглосон. Shell-ийн дундаршгүй арвин архивд 1890-ээд оны түүхэн баримтууд хадгалагддаг бөгөөд эдгээрийн ачаар компани бүрэлдэн тогтсон анхны өдрүүдийн талаар өргөн ойлголттой болох боломжтой. Мөн энд түүхийн нэн ховор дүрсүүдийг буулгасан кино хальсны сан бий. Хамгийн сайн хадгалагдан үлдсэн хальснуудыг дижитал хэлбэрт хөрвүүлээд эх загварыг нь Голландын Eye FILM хүрээлэн болон Английн BFI кино хүрээлэнгийн тусгай хамгаалалтад шилжүүлсэн ажээ.