СЭХЭЭНД ОРСОН ӨВЧТӨН

Хэдийгээр автомашины хөдөлгүүр бөх ч цагаасаа өмнө ажиллагаанаас гарах тохиолдол байдаг. Моторын эвдрэл болон түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар Михаил Колодочкин болон Александр Шабанов ийнхүү дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Хөдөлгүүрийн ажиллах хугацааг ашиглах горимын тайлбарт заасан байдаг ч капотоос гарах уур эсвэл дуу чимээгээр эвдэрснийг хэлж болно. Ийм үед бүрэн засвар хийж болох ч ихэнхдээ тэр чигт нь шинээр солих шаардлагатай байдаг юм.

Тиймээс уг нийтлэлээр хөдөлгүүрийн эвдрэл нь гадны нөлөө эсвэл хөдөлгүүрийн согог гэмтлээс үүдэлтэй эсэхийг баримт, зургийн хамт “оношлох” тул анхаарлаа хандуулна уу.

КЛАПАН ДУУГАРЧ БАЙВАЛ...

Жолооч нарын дунд “дизель хөдөлгүүрийн клапан нэгэн хэмнэлттэй дуугарч байж хурд авдаг” гэх яриа өргөн дэлгэрсэн байдаг. Энэ нь ташуу ойлголт юм шүү. Ихэвчлэн хоцорч хаагдах клапанг дээш хөдлөх поршен цохиж гэмтээх талтай. Үүнд олон шалтгаан бий.

Жишээлбэл, хөдөлгүүр халахад гаргах клапангийн температур огцом өсдөг. Ингэснээр халуун хэмд клапангийн шилбэ халж тэлснээр чиглүүлэгч үүрэн дотор гацдаг.

Зарим тохиолдолд хөдөлгүүрийг халаалгүй огцом хаазалбал клапангууд гацаж үүрэндээ сууж амждаггүй юм. (Тийм болохоор өвлийн хүйтэнд машинаа заавал халааж байж хөдөлдөг юм шүү.) Түүнчлэн чанаргүй тос хэрэглэвэл хий хуваарилах механизмын тосон клапанд элэгдэл үүсч нарийн суваг бөглөрснөөр хөдөлгүүрийн клапан гацдаг учиртай.

Ховор тохиолдолд пүрш хугарснаас болж клапан нь хуруувч резинээс мултарч цилиндр руу унадаг. Үүнд засварчин буруутай болно.

Түүнчлэн гаргах клапангийн шилбэн дээр өнгөр тогтдог. Клапангийн шилбэ болон клапан чиглүүлэгчийн үүр хооронд “чулуужсан” лак болон коксын өнгөрүүд хуримтлагдаж гацалт үүсгэдэг юм.

  1. Замд явж байтал капотоос тачигнах чимээ гаран машин зогсох нь юунаас үүдэлтэй вэ? Энэ зургаар хөдөлгүүрийн халалтаас болж клапан гацсаныг харуулж байна. Поршенд тогтсон өнгөрийг харвал их хэмжээний ноцолт болсон гэсэн таамаг төрнө. Машины жолооч мөнгөө хэмнэж чанаргүй бензин авсан бололтой.
  2. Клапанд ямарч гэмтэл учирч болно... Энэ тохиолдолд клапан гацах биш эсрэгээрээ суларч цилинд руу унасан байна. Цилиндрийн гавлыг чангалсан засварчинд “Миний машиныг дутуу зассанд баярлалаа” гэж хэлээд бүрэн засварт оруулахаас өөр аргагүй болж дээ.
  3. Энэ зургаас харахад эргэлтийн өндөр давтамж болон их ачааллаас болж поршен клапан хоорондоо мөргөлдсөн байна. Хөдөлгүүрийг тэр даруйд унтраагаагүй болохоор клапан нь поршенг цоолжээ.

1

2

3

УС ХӨДӨЛГҮҮРИЙГ ГЭМТЭЭНЭ

Хөдөлгүүрт ус орсон бол тэр чигт нь солих шаардлагатай байдаг. Иймд, цилиндрт ямар нэгэн байдлаар ус орсноор усанд тулсан поршен дээд туйлын цэгт хүрэлгүй буцдаг. Үр дүнд шатун тахийж эсвэл бүр мөсөн хугардгаас гадна тахир голын вкладыш тэр чигтээ цуурч хагарах аюултай юм. Хугарсан шатун хоёр тийш савж цилиндрийн блокыг цохисноор дуу чимээ гарч улмаар блок цоорч уур гарч эхэлнэ.

  • Мөн ихэнх тохиолдолд хөргөлтийн шингэн нь гавлын жийргээр цилиндрт ордог. Тэр тусмаа хөдөлгүүр ажиллагаагүй байх тусам их хэмжээгээр ордог юм. Хөргөлтийн шингэн хөдөлгүүрт орсноор яндангаас цагаан утаа гарна. Үүнийг анзаарсан даруйд цаг алдалгүй засварын газар руу ачилтын машинаар хүргүүлээрэй.
  • Жийрэг нь хөдөлгүүрийн хэт халалт, засварын дараах буруу угсралт болон цилиндр дахь удаан хугацааны ноцолт буюу детонациас болж сэтэрдэг.
  • Гүн ус тогтсон газар хэт хурдтай туулж гаталснаас цилиндрт ус орох нь түгээмэл явдал юм.

1. Хөдөлгүүрт ус орсноор цилиндрийн блок хагарч цоорон шинээр солихоос өөр аргагүй болдог юм. Энэ зургаас дизель, шахалтын өндөр зэрэг, хөдөлгүүрийг ажиллагаанаас гаргахад багахан хэмжээний ус хангалттай байдгийг харж болно.

2. Мөн ус шатуныг ийм болгоно. Гэхдээ ихэнхдээ шатун голоороо хугардаг. Энэ зураг дээрх шатуныг раллигийн тамирчдын автомашинаас авсан бөгөөд уралдааны зам нь донсолгоо ихтэй харин ус нь гүнзгий байсан юм.

3. Энд ч мөн адил хөдөлгүүр рүү ус оржээ. Үүнийг поршенгийн үйрмэг болон поршенгийн толгойд тогтсон цагаан өнгөрөөр ойлгож болно. Шалтгаан нь: Хөдөлгүүр хэт халснаас болж цилиндрийн гавал буюу дээд анги, блокын гадаргууд завсар гарч битүүмжлэл (блок болон цилиндрийн гавлын шүргэлцэх гадаргуу) алдагдан ус орсноос болдог.

1

2

3

ХООЛ НЬ ХОР БОЛНО ГЭГЧЭЭР

Хөдөлгүүр бол дулааны машин юм. Өөрөөр хэлбэл хөдөлгүүр ажиллаж байвал тодорхой хэмжээний дулаан ялгарч байна гэсэн үг.

Шаталт явагдах тоолонд хөдөлгүүр хална гэж ойлгож болно.

Гэлээ ч автомашины эд ангиуд тодорхой хэмжээний халуун тэсвэрлэх чадвартай байдаг учраас хөдөлгүүрийг хэт их халаах нь үр ашиггүй юм. Хэрвээ ямар нэгэн байдлаар заагдсан хэмээс хэтэрвэл юуны түрүүнд поршен болон клапангууд гэмтдэг.
Хэт халалт нь дараах зүйлүүдээс хамаарна.

  • Нэгт, усны помпны ремень тасрах, помпны сэлэх далбангийн гэмтэл, хөргөх шингэний дутагдлаас үүдэх хөргөлтийн системийн дульмаг ажиллагаа.
  • Хоёрт, хөдөлгүүрийн эдэлгээний хугацаа буюу хугацаа өнгөрөх тусам хөргөгч цамцанд бохир, өнгөр тогтсоноос болж хөдөлгүүр хурдан халж эхэлдэг. Ялангуяа жолооч үргэлж хямд, чанаргүй хөргөлтийн шингэн хэрэглэх, удаан хугацаагаар ус туулж явж байсан бол хэзээ нэгэн өдөр энэ асуудалтай тулгарч таарна.
  • Гуравт, чанаргүйгээс болоод удаан шатдаг шатахуун.
  • Дөрөвт, оруулах, шатаах ээлжийн хоцрогдол, хэт ядуу эсвэл хэт баян холимгоор ажиллах зэрэг хөдөлгүүрийн тохиргоо алдагдсан тохиолдолд.
  • Тавд, хөдөлгүүрийн ажиллагааг заасан ачааллаас хэтрүүлэх жолоочийн тоомсоргүй байдал. Жишээ нь бага эргэлтээр усны насос арай ядан ажиллаж байхад хаазыг шаланд тулгаж моторт хэт их ачаалал өгөх явдал юм. Хөргөлтийн систем руу шилжээгүй дулаан нь ихэнх тохиолдолд хөдөлгүүрийг хэт халаадаг. Үүнд жолоочийн өөрийнх нь буруу гэхээс биш хөдөлгүүрт буруу тохоод нэмэргүй юм.

1. Нэг мэдэхэд автомашин “доголдож” хүчээ алдаж эхэлдэг. Задлаад үзвэл поршен элэгдсэн байна. Юунаас болов? Ихэвчлэн поршенгийн толгойд үүсэх элэгдэл нь шатах хөндийн хэт өндөр температураас болдог. Үүнд, нэг бол автомашинаар хамаагүй давхих, аль эсвэл шатаах ээлжийн хоцрогдол, үгүй бол хэт баян холимог  байна гэсэн үг. Тортог поршенг элэгдүүлдэг ч энэ зургаас харвал поршенгийн бүс гэмтээгүй байна. Яг энэ нөхцөлд поршен хэт халснаар тэлж цилиндртэй үрэлцэн  элэгдсэн байна.

2. Ой модоор явсан Нивагийн радиатор цоорсон байна. Жолооч үүнийг тоолгүй хот хүртэл явчихна гэж бодсон боловч тэгсэнгүй. Халалтаас болж поршенгийн бүсийн ховил хайлж хэлбэрээ алдсан байна. Аз болж поршен гацалгүйгээр зогссон байв. Эс тэгвээс шатун хугарч цилиндрийн блокийг гэмтээх байлаа. Санаа зоволтгүй, ийм нөхцөлд поршенг солиход л хангалттай юм.

3. Жолоочийн хэлэхээр нормалдах үед гцжээ. Асалт удааширч хар утаа ялгаруулж эхэлсэн байв. Задалж үзвэл поршенгийн бүс хугарсан байсан. Шатахуун хэмнэх үүднээс бага октантай бензин хийжээ. Үр дүнд нь удаан ноцолт болон поршенгийн халалт. Гаргах клапан ч мөн улайссан байв. Харамч хүн хоёр дахин илүү төлнө гэгчээр юм болжээ.

4. Харин дизелийн поршенгийн халалт ингэж илэрнэ. Хэдийгээр поршенгийн толгой цуурах нь ховор үзэгдэл ч хөдөлгүүрийн хэт халалт үүний магадлалыг өгсгөдөг. Ford Transit даац хэтрүүлэн ачиж  уулын замаар давхисан бололтой. Нэгэнт ийм машин авах мөнгө нь байсан юм бол засуулах мөнгө нь байх байлгүй дээ.

5. Поршенгийн гурван бүслүүрийн амсар харалдаа байрлавал халуун хий ямар ч саадгүй  шатах хөндийгөөс кастер руу өндөр хурдтай дамжиж замд таарсан болгоныг хайр найргүй шатаах тул поршен захаараа улайсдаг.
Шалтгаан нь засварын явцад гавлын боолтуудыг зөв дарааллаар чангалаагүйгээс болж деформаци үүссэнтэй холбоотой. Цилиндрийн хананд хортон суусан тул поршенг дангаар нь солиод нэмэргүй юм. Тиймээс гилзийг нь тэр чигт нь давхар солих хэрэгтэй.

1

2

3

4

5

ЗУУРАЛТ

Тэр бүр түгээмэл биш ч нэг тохиолдвол үр дагавар нь тун аюултай бөгөөд машинаа бүрэн засварт оруулаад ч нэмэргүй байж магадгүй юм.

  • Учир нь тахир голын сувгаар тос гүйхгүй болсноор тахир голын гадаргуу нь вкладыштай шууд тосгүй шүргэлцэнэ. Ингэснээр вкладыш шувтарч тахир голыг гацаана. Үүнийг автомашины засварчид “мотор цохих” гэдэг. Үр дүнд тахир голын хүзүү зорогдож, бүр муугаар бодвол шатуны шилбэ хугарснаар шатуны хэлтэрхийнүүд эвдэрч гэмтсэн цилиндрийн блок руу орсноор жинхэнэ “циркийн үзүүлбэр” эхэлнэ.
  • Ингэх болсны шалтгаан нь юу байж болох вэ? Үүнд олон хүчин зүйл нөлөөлөх ч аль нь ч хөдөлгүүрийн бүтцээс хамаардаггүй юм. Тосны шахуурга эвдэрч элэгдэх, тосны шүүр бөглөрөх, тосны аюулгүйн клапан ажиллахаа байх гээд нэг үгээр тосолгооны системийн доголдлоос болж вкладыш зуурдаг. Эсвэл хөдөлгүүрт тос дутсанаас ч болж магадгүй. Моторын доод кастер гэмтэх эсвэл тахир голын сальник муудахад тос их хэмжээгээр алддаг юм. Мөн тос өтгөрч полимержин, тосны системийн сувагт тортог үүсвэл ийм асуудалтай тулгарч болно.
  • Жолооч нар ихэвчлэн хөдөлгүүрт хэт их ачаалал өгснөөр дээрх гэмтэлтэй тулгардаг. Шаварт суун дугуй хий эргэх үед эргэлт бага харин хөдөлгүүрт ирэх ачаалал их байдаг ба удаан хугацаанд энэ чигээр байвал вкладыш гэмтэж таарна. Үүн дээр хөдөлгүүрийн халалт нь поршен, клапанг гэмтээгээд зогсохгүй вкладышийг бүр мөсөн үгүй хийнэ.

Бүр энгийн тайлбарлавал, хэрвээ сул эргэлтийн үед тосны даралтын гэрэл анивчихад тэр чигтээ яваад байвал хэзээ нэгэн өдөр зуурч л таарна.

1. Энэ зургаас “Тосны тахал” буюу тосыг хар өнгөтэй өтгөн давирхай болж хувирсныг харж болно. Вкладыш тослогдохоо байж, шатуны хамгийн ачаалалтай хүзүүн дээр гар биеийн вкладыш дотроо эргэж мөнөөх гацалт үүссэн байна. Мөн тахир голын хүзүү их хэмжээгээр элэгджээ. Энэ бүхнээс урьдчилан сэргийлж болох байсан уу? Мэдээж шүү дээ. Капот доторхыг ойр ойрхон харж тосны түвшинг шалгахаас гадна хянах самбарын тосны даралтын гэрлийг ажиглаж байгаарай.

2. Гар биеийн вкладыш ийн эргэвэл шатун ийм болно. Шатуныг шинээр сольж тахир голыг өнгөлөх шаардлагатай. Сүүлийн үеийн хөдөлгүүрийн гэмтсэн эд ангийг тус бүрт нь салгах боломжгүй учраас цилиндрийн блоктой нь хамт тэр чигт нь солих хэрэгтэй байдаг. Засварын ажлын үнэ автомашины үнэтэй дөхнө.

Алдааг өөрөөсөө хай!

Бидний дүгнэлт ийм байна. Автомашины буруу 99% байдаггүй болохоор сүүлийн үеийн хөдөлгүүр хэврэг, хуурамч болсон гэж гомдоллох нь утгагүй хэрэг л дээ. Ихэвчлэн хөдөлгүүрийг эвдэх шалтгаан нь хөөрхий машиныг гамгүй эдэлж, заасан стандартаас нь хэтрүүлж ашигладаг жолооч нар байдаг юм.

Түүнчлэн шунал, бензин тосоо хэмнэх гэсэн хүсэл, чанаргүй засвар, цаг тухайд авто оношилгоонд оруулж засуулаагүй шалтгаанууд автомашиныг жагсаалаас гаргахад хүргэдэг. Мөн эв хавгүй, туршлагагүй авто засварчид бодийг нь хөтөлдөг.

Цаг тухайд нь үйлчилгээ хийлгэж гамтай эдэлсэн хөдөлгүүр эвдрэх учиргүй юм.