CRDI ДИЗЕЛЬ ХӨДӨЛГҮҮРТ АНХААРАХ ЗҮЙЛС №104

Сүүлийн үед дизель хөдөлгүүрүүд бүгдээрээ CRDi системд шилжиж байгаа бөгөөд түрүү үеийн хөдөлгүүрийг хойшид үйлдвэрлэх нь улам багасаж байна. Тиймээс сүүлийн үеийн энэ хөдөлгүүрийг ашиглахдаа хэд хэдэн анхаарах зүйл байгаа юм. Үүнд зөвхөн Солонгосын Starex, Porter, Bongo ч орж байгаа юм биш Ландкруйзер, Ландровер, Isuzu, Nissan, VW, Mercedes-ийн дизель загварууд хамрагдаж байгаа.

Тэр ч байтугай уул уурхайн хүнд даацын машин болох CAT, Komatsu зэргийн хөдөлгүүрүүд CRDi болсон байгаа юм. Өөрөөр нэрлэгдсэн боловч ижил ажиллагаатай гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал TDI, DiD, DDIS, DICOR, CRde гэсэн нэртэй хөдөлгүүрүүд нь бүгд CRDi систем юм.

Хамгийн эхлээд анхаарах зүйл бол дизель түлшний цэвэр байдал юм. Түлш цэвэр биш байснаас CRDi систем эвдрэх хамгийн гол шалтгаан болдог. Улаанбаатар хотын доторх шатахуун түгээх станцууд харьцангуй цэвэр түлш шахдаг бол хөдөө орон нутгийн станцуудын байдал тун хүнд байна.

Судалгаанаас харахад CRDi системийн гэмтлийн дийлэнх хувь нь хөдөөний шатахуун түгээх станцуудаас усны хольцтой ба бохир түлш авснаас болон уул уурхайн машинаас задгай саваар бохир түлш авч хийснээс болж байгаа нь харагдаж байна. Яах аргагүй авах тохиолдолд маш нарийн шүүж, цэвэрлэж байж хийх хэрэгтэй.

Дараагийн нэг шалтгаан нь түлшний шүүрийг заасан хугацаанд солихгүйгээр явснаас болж байгаа бөгөөд өнөөгийн зах зээлийн үнэ дөчөөд мянган төгрөгөөс дээш байгаа нь солихгүй удаан явах шалтгаан болдог. Хэрэв та 40 мянган төгрөг тухайн үед хэмнэж байна гээд солихгүй удаан явбал дараа нь түүнээс ч илүү зардал гаргах болно.

Яагаад гэхээр CRDi хөдөлгүүрийн нэг ширхэг форсунк хамгийн багадаа 400 мянган төгрөг байдаг ба дээр нь түүнийг тохируулахад мөн л 40 мянган төгрөгөөс дээш нэмж төлөх зэргээр бүр илүү их зардал гаргах болно.

Нөгөө талаар дизель хөдөлгүүрийн форсунк цэвэрлэгч бодисыг хэрэглэж болохгүй. Учир нь энэ бодис нь энгийн механик даралттай форсункд зориулагдсан бөгөөд түлшний найрлагыг өөрчилснөөр түлшний даралтад өөрчлөлтөд орж даралтын мэдрэгч буруу мэдээлэл өгснөөр компьютер түлшийг цацахгүй хааж магадгүй юм.

Нэгэнт даралт тогтоосон хэмжээнд биш учраас форсунк нээгдэхгүй болж түлш буцах шугамаар банкруу буцах цикл үүсч хөдөлгүүр асахгүй болно. CRDi форсункийг автохимийн цэвэрлэгчээр биш зориулалтын төхөөрөмж дээр цэвэрлэдэг.