ЯЛГААГ УРЬДЧИЛЖ ТААГААРАЙ
Нийтлэлч Максим Гомякин Барселон хотод болж өнгөрсөн RAV-ийн дөрөвдүгээр үеийн танилцуулгаар зочилж шинэчлэлтүүдийг нь хураангуйллаа. Зургийг нийтлэлч болон Toyota.
Хөл бөмбөгийн аваргын өмнөх болон дараах Барселон хот газар тэнгэр шиг өөр юм. Тоглолт эхлэхийн өмнөх өдөр нь баяр хөөрөөр дүүрэн хүмүүс гудамж, талбайгаар зогсоо зайгүй холхилдоно. Зарим талаараа автомашиныг хөл бөмбөгтэй ижилсүүлж болно.
Өмнө нь ямар амжилт гаргаж байсан чинь огт хамаагүй. Чухам энэ мөчид яаж тоглох нь чухал! Цагаа олж довтлоогүй бол хожигдлоо л гэсэн үг. RAV4 ч олон жилийн турш Европ болон Оросын зах зээл дээр хүчтэй тоглогч байсаар ирсэн. Гэтэл талбай дээр Ford Kuga, Honda CR-V болон Volkswagen Tiguan гэх хүчтэй тоглогч нар байр сууриа эзлэх нь тэр.
Үнэнийг хэлэхэд анх зургийг нь хараад сэтгэл хөдөлсөнгүй. Гэхдээ бодит байдал дээрээ их сүртэй юмаа! Давтагдашгүйгээр онцлог болсон хэлтийх гэрэл, хормойгоор тойрсон хар хуванцар... Амьдралд ойрхон хирнээ загвар сайтай. Нөөц дугуйг багаажны хаалгаас зүүдгийг больсноор аэродинамик сайжирч машины хэлбэр ч илүү “дүүрэн” болсон юм шиг.
Тэнхлэг хоорондын зай 100 мм, урт нь 205 мм харин өргөнийг 30 мм-ээр илүү болсноор автомашины нийт хэмжээ ийнхүү томорсон юм. Харамсалтай нь жолоочийн суудлын хоёр талаас тулах байдал төдийлөн таалагдсангүй. Гагцхүү суудлын автомат тохируулагч болон бүсэлхий тулагч л нуруунд эвтэйхэн мэдрэмж төрүүлнэ.
Би RAV4-ийн урд самбрыг илүү чанартай хийцтэй байна гэсэн хүлээцтэй байлаа. Даан ч Toyota Auris-ийн адил хямд зардлаар шийдсэн бололтой. Дээд хэсгийн хатуу хуванцар, энгийн хирнээ тод заагчтай хянах самбар болон 90-ээд оны хэв маягтай хуруу мэдрэгчтэй дэлгэц, дижитал цагтай нарийн зурвас дэлгэц. Өдөржин GPS системийн орос хэл дээрх “Өнөөгийн замаар гарна уу” гэж хэлэхийг сонсон элгээ хөштөл инээлээ.
За яахав, буруу орчуулга нь тэндээ байдаг юм байгаа биз. Харин 2,5 литр бензин болон 2,2 литрийн дизель хөдөлгүүр нь арай л ноомой, үлбэгэр юмаа. Хөдөлгүүрийн зарим хүч нь гидртрансформаторт уусаж алга болох шиг л санагдана. Гэснээс, RAV4 анх удаа албан ёсоор 2,5 литрийн 2AR-FE хөдөлгүүртэй болсон юм.
Жолооч нар Camry болон америк RAV-ийн хөдөлгүүрийг сайн мэдэх байх. 180 морины хүчтэй энэ хөдөлгүүр нь зөвхөн 6 шатлалт автомат хурдны хайрцагтай хосолдог бол үндсэн 2 литрийн дизель хөдөлгүүр нь механик болон жолооны хүрдэн дээрх шилжүүлэгчээр араагаа сольдог Multidrive S CVT-тэй ирдэг юм. CVT хувилбарыг нь унаагүй ч 2,2 литрийн 2AD-FTV дизель хөдөлгүүрээр давхиж үзлээ.
Энэ нь Европ, Скандинав болон Оросоос гадна Турк, Украин болон Беларусийн зах зээлд нэвтэрсэн юм. Хөдөлгүүр хурдлах тусам тачигнах ч нэг эрчээ авчихвал чимээгүй болчихдог. Автомашины дуу чимээ тусгаарлах дээр нухацтай ажилласан нь арын эгнээнд илүү анзаарагдана.
Eco товчлуур дарвал дизель хөдөлгүүр тэр даруйд “булбарайхан” болно. Мэдээж хэмнэлт чухал л даа... Гэхдээ цаг явах тусам ийм явдал улам залхаана. Тэгж байхаар Sport горим руу шилжүүлбэл хурдны хайрцаг нэг шатлалд удаан барьж, хааз нь илүү мэдрэг болохоос гадна жолооны хүрд хатуурна. Воо, одоо харин сонирхолтой болж эхэлж байна шүү!
Элстэй шороон замаар дугуй хий эргэж эхэллээ. Ийм нөхцөлд Lock товчлуур дарвал муфт түгжигдэж ачааллыг урд хойд тэнхлэгт 50/50 хувиар тэгш хуваарилснаар асуудлыг тэр даруйд шийднэ. Хурд 40 км/ц давсан тохиолдолд электроник нь түгжээг унтрааж хүч дамжуулах ангийг энгийн, нэг ёсны урд хөтлөгчтэй горим руу шилжүүлнэ.
Мэдээж хүч дамжуулах ангийг урьдын адил бартаат замаас илүү халтираатай гадаргууг туулахаар хийсэн юм. (Тэгээд ч богино явдалтай тэнхлэгээр “хэвтээ цагдаа” болон овгор товгор газар дээгүүр тааруухан явна. Харин засмал замын дугуйгаар эргэлт туулахдаа сайн юмаа.)
Дөрөвдүгээр үеийн RAV4 нь их сонирхолтой хөдөлгүүр болон хүч дамжуулах эд ангитай. Одоо хямд хийцтэй салоныг сайжруулаад эрч хүч нэмээд өгвөл ч!
Сонирхолтой нь RAV4-ийн байж болох бүх хувилбараас 2 литрийн хөдөлгүүртэй, дөрвөн дугуй хөтлөгчтэй, механик хурдны хайрцагтай загвар нь хамгийн ихээр таалагдлаа. Энэ хувилбар нь илүү уян хатан бөгөөд эрч хүчтэй болохоор жолоодлого ч улам донжтой болдог юм шигээ. Механик RAV4-өөс бусдаас нь авч чадахааргүй мэдрэмж хүртлээ.
Эцэст нь хэлэхэд, Toyota-ийн шинэ RAV өөртөө ийм олон шинж чанар агуулсан автомашин болсон юм даа. Шинэлэг болно гэсэн мэдрэмж намайг хуурсангүй ээ.
Эх сурвалж: Албан ёсны зөвшөөрөлтэйгээр ЗаРулем Монголиа сэтгүүлээс бэлтгэв.