САВАНТАЙ УС АВТОМАШИНД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ №175

Савантай усаар машин угаах гээд байна уу? гэж бодож магадгүй юм. Мэдээж савангаар юм угаадгийг хүн болгон мэднэ. Бас машин угааж л байдаг шүү дээ. Гэтэл угаахаас илүү бас нэг хэрэглээ байдаг. Сүүлийн үед үүнийг хэрэглэхээ болиод байгаа мэт санагдаж байна.

Үйлдвэрээс нь гаргадаг заавар дээр хүртэл хэрэглэхийг заасан байдаг юм. Гэвч манай Монголын засварын газрууд залхуурах гэдэг юм уу, мэдэхгүй байдаг ч юм уу хэрэглэж байгааг ер харсангүй. Тиймээс  энэ тал дээр автомашин эзэмшигч бид нар өөрсдөө тэдэнд шаардлага тавих хэрэгтэй. Эцсийн эцэст өөрсдийнхөө төлөө л юм шүү. Ингээд ямар тохиолдолд савантай ус хэрэглэхийг мэдэж авцгаая.

1. Дугуй солих үед:

Бид дугуй худалдаж аваад солиулдаг. Бас дугуйгаа нөхүүлэх гэж задлуулж угсруулдгийг та бүхэн сайн мэднэ. Дугуйг обудонд угсрах үед угсрагч төхөөрөмжийн гулгалтыг хангах, нөгөө талаар обуд резин хоёрын барьцалдаа, нягт шахалтыг барих зорилгоор савантай усыг дугуйн ирмэгээр түрхдэг.

Гэтэл бодит байдал дээр өнөөдөр дугуй засварын газрууд ажилласан масло гэх хөдөлгүүрийн тосыг  ирмэгээр нь түрхээд л таны дугуйг угсарч байгаа. Асуухаар ингэдэг юмаа гээд л тоохгүй байж магадгүй юм.

Масло буюу нефть бүтээгдэхүүний суурьтай бусад бүтээгдэхүүнүүд нь резиний гол дайсан байдаг юм. Түрхсэн масло нь дугуйн ирмэгийг зөөлрүүлж, дараагийн удаад задлах үед таны дугуйн зөөлөрсөн ирмэг нь задлагч багажийн хөшилтийг даалгүй эмтэрч сэтрэх болно. Аз байвал бага эмтэрнэ, үгүй бол том эмтэрч тэр хэсгээрээ хий алдана.

Бид обудаараа алдаад байна гэж хэлдэг. Ингэсний дараа дотуур хаймар хий гэж танд хэлнэ. Дотуур хаймар багагүй үнэтэйг та мэднэ. Дотуур хамрыг хосоор нь хийх ёстой. Дотуур хаймар хийсэн үед дугуй тань балансгүй болж хурдлах үед чичрэх салганах болно. Нэмээд баланс хийлгэх хэрэгтэй. Энэ мэтчилэнгээр таны мөнгийг хий дэмий үрнэ гэсэн үг.

Бас нэг зүйл бол дугуй хагарах үед хийн даралт огцом багасахад тосоор тосолж шахагдсан дугуйн зөөлөрсөн ирмэг ободноосоо амархан гулгаж  мултарна. Бага хурдтай үед мултраад ободоороо яваад зогсож болох юм. Харин их хурдтай үед дугуй хагарахад ирмэг нь ободноос амархан салснаар обод ба дугуйн ирмэгийн завсраар хий маш түргэн гарснаар жолоодлого алдаж онхолдох нөхцөл бүрдэнэ.

Хэрэв савантай усаар ирмэгийг норгосон бол дугуй ободноосоо тийм ч амархан мултрахгүй зууралдаж, хагарсан дугуйгаараа яваад зогсох, эсвэл их хурдтай үед  гараа чангалж жолоог чанга барьж амжих юм. Учир нь хий зөвхөн цоорсон хэсгээрээ гарах учраас алдагдах нь удаан бөгөөд жолооч мэдэрч хариу арга хэмжээ авч амжих юм.

2. Янз бүрийн резин эд ангиудыг хийх үед:

Мөн л нөгөө маслыг түрхдэг явдал юм. Та засварын газар втулк резинээ солиулах гэж очдог байх. Хуучныг нь мулталж аваад шинэ резинийг прэссээр ч юм уу алхаар цохиж хийх үед зууралдаад орохгүй зовооно.

Тэгэхэд хамгийн түрүүн тослох бодол орж ирж нөгөө ажилласан масло ч юмуу, ямар нэг тос түрхэх болно. Түрхээд хийчихлээ. Машин гоё боллоо. Яваад л байна. Жил явлаа доогуур дуу ороод байна. Жилийн өмнө л солиулсан юм сан гэж бодно. Нөгөө түрхсэн масло чинь резинийг нь зөөлрүүлээд холхио үүсэж байгаа юм.

Савантай ус түрхэж хийсэн бол резин зөөлөрч муудахгүй, бас үүрэндээ наалдаж хөдөлгөөнгүй байх байсан. Хуучин машинууд орж ирээд анх гарсан втулктэйгээ 100 мянга илүү явсан байдаг. Гэтэл шинийг сольсны дараа 100 байтугай 10 мянга ч явж чадахгүй болдог нь дээрх шалтгаантай юм.

3. Сүүлийн үеийн авто машины урд болон хойд салхины шил наадаг болоод байгаа

Үүнээс өмнө резин хүрээнд суулган кузовт хийдэг байсан. Гэсэн хэдий ч одоо ч микро, ачааны авто машин автобус зэрэгт гэсэн хажуу талын шилийг резин хүрээнд суулгаж кузовт угсарч байгаа. Үүнийг суулгах үед савантай ус хэрэглээрэй гэж заасан байдаг.

Хийх үед гулгаж амархан суух бөгөөд хатахаараа зууралдан барьцалддаг. Тос түрхсэнээс  мөн л резин зөөлөрч барих чадвар нь муудах, шил хөдөлгөөн орж кузов дуутай санжганасан мэт болох, дусаал гоожих гээд таагүй байдал үүснэ. Аюулгүй байдлын хувьд ч тэр осолтой байдал үүсэж болох юм.

Жишээ нь автобус эргэх үед зогсож байсан зорчигчид шилэн дээр тулж дарах, налах үед бэхэлгээ нь суларсан шил мултарснаас хүн гадагш унах зэрэг осол гарч болзошгүй.

Социализмын үед гэх үед энэ бүхнийг мөрддөг стандарт байсан байх л даа. Тэр үеийн автын сурах бичигт савантай ус хэрэглэх талаар байдаг юм. Ардчилал гарч задгайрснаас хойш засварын газрууд дур дураараа ажиллацгааж стандарт мөрдөхөө больсон юм шиг.

Дээр хэлсэнчлэн хөдөө орон нутагт гарсан ноцтой ослууд дугуй буудаж хагарснаас боллоо л гэдэг. Магадгүй дээр хэлсэнчлэн тосолж суулгасан дугуйнаас болсон байхыг ч үгүйсгэхгүй.

Иймээс та өөрийнхөө төлөө ширхэг саван худалдаж аваад ямар нэг таглаатай гоождоггүй саванд ус хийж найруулаад машиныхаа ард хийгээд дээрх тохиолдлуудад хэрэглүүлэх хэрэгтэй. Урдаас чинь зүгээр тослоод болдог юм гэж ярина, тэдний үгэнд орох хэрэггүй л гэж хэлэх байна. Эцсийн эцэст машиныг тэр засаж байгаа хүн биш та л унана шүү дээ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.