АВТОМАШИН ЭХЛЭН СУРАЛЦАГЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Ер нь машин жолоодож байгаа хүн үргэлж сурч байдаг. Авто сургууль, авто курсууд зөвхөн хамгийн анхны ерөнхий жолооны мэдлэг л өгдөг. Ийм учраас жолооч хотын эрчимт замын хөдөлгөөнд орохоос өмнө өөрийн машины талаар бvрэн мэдлэгтэй болсон байх хэрэгтэй.

Тухайлбал, машины овор хэмжээ, удирдлагын хөшүүргийг мэдрэх чадвартай болох, хойшоо ухралгүйгээр дов толгод руу өгсөх, араар ухрах, эргэх хөдөлгөөн хийх, огцом зогсох, хязгаарлагдмал орчинд маневрлах. Энэ бүхнийг хийж сурахдаа аль болох хүн багатай мухар гудамжийг сонгож, өглөөний хүнгvй үед хийвэл тохиромжтой.

Хэт өөртөө итгэлтэй байх нь туршлагагүй байхаас илvv аюултай. Айж, болгоомжлолгүй, харин өөртөө хэт итгэлтэй шинэ жолооч нарын эхний 5-7 мянган километрт осол аваар гаргах магадлал өндөр байдаг. Шинэ жолооч өөрийн олж авсан мэдлэгийг бусдад харуулах, нотлохыг хичээж эхэлдэг. Тэд "давхих" дуртай зарим нэгнийг дуурайж огцом хөдлөх, шууд хурдаа нэмэх зэрэг vйлдэл хийж алддаг.

Тэгээд ч энэ өөртөө хэт итгэлтэй байдал нь тэдэнд маш сургамж болох нь бий. Жолоо барих үедээ тайван байх хэрэгтэй. Ер нь Жолоочийн эзэмших ёстой хамгийн чухал чанар бол өөрийн сэтгэл хөдлөлийг бүрэн хянаж сурах явдал юм. Жолоодохдоо тайван байна гэдэг нь анхаарлаа сулруулж, анзааргагүй болно гэсэн vг биш юм.

Гэрлээр эсвэл дуут дохио өгөх мөчид та тайван байдлаа хадгалж сурах хэрэгтэй. Учир нь ингэж дохио өгөхөд туршлагагүй жолооч эрс маневрлах, алдаа хийх мөргөх зэрэг буруу үйлдэл хийдэг. Үүнээс гадна зарим соёлгүй жолооч бүдүүлгээр дохиж зангах vед ч гэсэн юу ч болоогүй юм шиг тайван байж сурах хэрэгтэй бөгөөд хэзээ ч тэдний бүдүүлэг үйлдэлд тэдэн шиг хариу бүү өг, мөн тэдэнтэй битгий хэрэлдэж байгаарай.

Эгнээгээ барьж сур

Шинэ жолооч нар тээврийн нягт урсгал, олон эгнээ хөдөлгөөнтэй гудамжинд эгнээгээ барьж сурах нь чухал байдаг. Өөрийн эгнээг эзэлсний дараа хоорондын зайг нарийн баримталж хөдлөөрэй. Хэрэв хэд хэдэн эгнээнд зэрэг эргэлт хийх хэрэгтэй байвал зэргэлдээх эгнээнд оролгүйгээр өгөгдсөн радиусын дагуу эргэ.

Машин жолоодох үедээ хийх маневруудыг яаралгүй аажуухан хийгээрэй. Таны хийх гэж байгаа үйлдэл бусдад ойлгомжтой байх ёстой тул эргэлтийн заагчийг цаг тухайд нь зөв өгөөрэй.

Замын хөдөлгөөнд байр эзлэн явах

Автомашинаар байрлан явахдаа хоорондын болон хажуугийн зайг барьж явах ёстой. Урд яваа машин огцом тоормослоход шүргэхгүй байхаар хэмжээ авч явах шаардлагатай. Мөн ар талын машин тань ямар ч зайтай явж мэдэх тул зам тээврийн ослоос сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослохгүй байхыг анхааруулъя.

Унадаг дугуйтай яваа тохиолдолд зориулалтын замаар хэрвээ байхгүй бол маш болгоомжтой тухайн эгнээний аль болох баруун талдаа шахаж явах хэрэгтэй.

Байраа солихдоо

  • Бусад хөдөлгөөнд оролцогчдод саад болохгүйгээр, аюулгүй байдлыг хангасан тохиолдолд
  • Хоёр талынхаа толийг сайн харах мөн толинд харагддагүй хэсгүүдийг сайтар шалгасны үндсэн дээр
  • Хэрвээ шаардлагатай гэж үзвэл дуут дохио өгөхийг хориглоогүй үед дуут дохио өгч бусад хөдөлгөөнд оролцогчдоо сануулах

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.