ГАЛ МАНАЛЗУУЛСАН ОЧЛУУР

Алексей Воробьёв-Обухов болон Михаил Колодочкин нар очлуур сонгох талаар зөвлөлөө. Шулуухан хэлэхэд, сонголт хийх хамгийн зөв арга бол каталог харах юм. Жишээлбэл, NGK компанийн BCPR7ES-11 тохирно гээд каталогоос автомашиндаа таарах очлуурыг шууд мэдэх боломжтой. Автомашины гарын авлагад энэ талаарх мэдээлэл ялгаагүй байдаг ч сүүлийн үеийн очлуурын загварыг дурдаагүйгээс гадна үйлдвэрлэгчдийн гаргасан ангилал, кодчилсон систем нь толгой эргүүлнэ.

Хөдөлгүүрээс тайлж авсан нэг очлуураа жишээ болгон дэлгүүрт байх очлууртай харьцуулж сонголт хийнэ. Үүнд, зургаан талтын хэмжээ болон эрээсийн (резьба) алхам нь жишиг очлууртай таарч байх ёстой. Өмнө нь хөдөлгүүрийн дулааны горим нь нэн чухал үзүүлэлт байж. Харин одооны хөдөлгүүр улам сайжирснаар дулааны горим хооронд онцын ялгаа гаралгүй ойролцоо болж байгаа.

Тэгэхээр энэхүү нэгдсэн стандартаас үүдээд очлуурын нэр төрөл ч багасна гэсэн үг. Формула 1-ээр зогсоо зайгүй сурталчлах түрүү шаталтын хөндийт очлуурыг сонгохгүй байсан нь дээр. Энэ төрлийн очлуур хөдөлгүүрийн эргэлт ихтэй үед хүч чадлыг тодорхой хэмжээгээр өсгөх ч сул ажиллагаа, бага эргэлтэд тохиромжгүй. Тэгээд ч холимгийн хаалтыг бүрэн нээх үед цилиндр доторх холимог маш бага даралттай байдгаас болж очлуурын дотоод хөндийг агааржуулахад хангалтгүй аж.

  • Ямагт найдвартай брэндийн очлуурыг сонгох хэрэгтэй. Олон жилийн туршлагаас харахад За рулёмын зүгээс NGK, DENSO, BERU, Bosch зэрэг очлуурыг сонгохыг зөвлөх байна.
  • Зургаан талт нь 14, 16, 20.8 гэсэн гурван хэмжээтэй байдаг. Арван хоёр талтай ч гэж бий. Цилиндртээ хоёр клапантай хөдөлгүүрт 20,8-тай очлуур хэрэглэдэг бол арай сүүлийн үеийн дөрвөн клапантай хөдөлгүүрт 14, 16-тай таардаг.
  • Ихэвчлэн M14x1.25 мм болон М12х1,25 мм гэсэн хоёр алхамтай эрээс байдаг. Бүх очлуурыг 19 мм урттай үйлдвэрлэдэг бөгөөд хуучны 12.7 мм очлуур ховордсон юм. Хөдөлгүүртээ таарч тохирохгүй эрээстэй очлуурыг суурилуулахыг хатуу хориглодог. Хэт урт эрээстэй очлуур поршенд тулж цилиндр руу илүү гарсан хэсэг дээр тортог үүссэнээр буцааж авах боломжгүй болдог. Богино эрээстэй очлуур нь эрээсийн хэсэгт оч үүсгэн ажиллагааг доголдолд оруулахаас гадна хэсэг хугацааны дараа ялгаагүй тортог тогтож авахад бэрх болдог.
  • Сүүлийн үеийн ихэнх очлуур нэг удаагийн хэрэглээнийх болсон. Эхний чангалалтаар нягтруулавч шайб хэлбэрээ алддаг учраас цилиндрээс авсан очлуурыг дахин хэрэглэхгүй байхыг NGK компани сануулж байна. Юутай ч очлуурыг хэт чангалбал эрээсийг гэмтээхгүй ч битүүмжийг алдагдуулж болзошгүй.
  • Үнэт металлаар хийсэн электрод хамаагүй илүү байдаг. Жишээ нь, платин бүрхүүлтэй, 0,4 миллиметрийн хэт нимгэн иридий бүхий электродтой NGK Iridium Tough-ийн очлуур 100,000 км хүртэл хэвийн ажиллаж шатахуун хэмнэнэ.
  • Хөдөлгүүр бүрт таарч тохирох электродын зай харилцан өөр байдаг. Ихэвчлэн очлуурын зайг үйлдвэрээс тохируулдаг. Үйлдвэрлэгч нар хажуугийн электродыг нэмж нугалахгүй байхыг зөвлөдөг. Очлуурын ажиллах хугацаа нь хажуу сахлын тооноос хамаардаг. Нэг сахалтай очлуур 15,000 км, хоёр бол 30,000 - 40,000 км, гурван сахалтай очлуур 60,000 км хүртэлх гүйлтэд хэвийн ажилладаг юм. Мэдээж олон сахалтай очлуур илүү үнэтэй тусна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.