MAZDA RX-7

azda RX 7 нь Маздагийн үйлдвэрлэж байсан спорт загварын машин юм. Нэрийн утгын тухайд R-rotary engine, X-ирээдүйг илэрхийлсэн тэмдэглэгээ бөгөөд 7 нь Маздагийн үйлдвэрлэсэн машины дугаарлалт ажээ. 1978 оны 3 сард Savanna-г шинэчилсэн  Savanna RX7 загвар мэндэлсэн юм.

1991 онд явагдсан 2 дахь шинэчлэлтээр Mazda Infini (анфини-Франц хэлний хязгааргүй гэсэн утгатай үг) загвар худалдаанд гарсантай холбогдуулан Infini RX7 болсон байна. 1997 оны 10 сард Mazda Infini загварын үйлдвэрлэл зогсож RX7 нэртэйгээр худалдаанд гарч 2002 оны 8 сар хүртэл үйлдвэрлэгдэж байсан. Үйлдвэрлэл зогссоны гол шалтгаан нь агаарын бохирдол утааны асуудлаас болжээ. Үүний дараа RX8 загвар худалдаанд гарсан боловч энэ нь RX7-ийн үргэлжлэл бус өөр шинэ төрөл болон худалдаанд гарсан юм.

1-р үе SA22C (1978-1985)

1978 оны 3 сард Savanna RX3-ийн үргэлжлэл болон RX7-ийн анхны загвар болох Savanna RX7 мэндэлсэн байна. Платформ нь Mazda SA платформыг хэрэглэсэн ба 12А кодтой усан хөргөлттэй 2 ротари хөдөлгүүрийг тавьсан ба шатахууны хомсдлын улмаас REAPS  гэдэг хийг дахин боловсруулдаг Thermal Reactor хэлбэрийг сонгосон бөгөөд энэ нь шатахуун зарцуулалтыг 40% хэмнэж чадсан байна.

Дараа жилээс нь Thermal Reactor-ийг хэрэглэхээ больж загвар дизайны хувьд нэлээд өөрчлөгдсөн. 1982 онд 6Pi хөдөлгүүртэй болсон ба 100 км-т 10.2 литрийн шатахуун зарцуулж байсан. Тухайн онд Японд худалдаалагдаж байсан загварууд нь 12А кодтой турбо хөдөлгүүртэй байсан ба Мазда RX7 нь Ротари Турбо хөдөлгүүр тавьснаараа  дэлхийд 2-т жагсаж байлаа. Хамгийн анхны ротари хөдөлгүүр нь Mazda Luce/Cosmo юм.

Тухайн цаг үеийн Super Car буюу шилдгийн шилдэг машинд RX7 зүй ёсоор багтаж байсан ба Porsche 924-тэй өрсөлдөж аль нь илүү талаар телевизийн нэвтрүүлэг хүртэл ихээр цацагдаж байсан. Загвар дизайны хувьд адил боловч хүчин чадал, үнийн хувьд арай доогуур байсан ба Nissan Fairlady Z-ийн хамтаар Америкт маш их алдартай байсан ба Poor man’s porsche хэмээн нэрлэгдэж байжээ.

2-р үе FC3S (1985-1991), Cabriolet FC3C (1987-1992)

1985 оны 10 сард сард шинэчлэл явагдаж FC3S загвар болсон. Платформ нь Mazda FC платформ бөгөөд үл хамаарах олон татуургат хойд тэнхлэг (Multilink suspension) болон 13B загварын хөргүүртэй (intercooler) турбо хөдөлгүүртэй болжээ. Японд анх удаагаа эсрэг 4 поршентой хөнгөн цагаан тоормосны аппаратыг хэрэглэсэн. Харин гадны зах зээлд 13В хэлбэрийн өөрийн соролттой болон 13В хэлбэрийн турбо хөдөлгүүртэйгээр зарагдаж байсан.

Анх үйлдвэрлэгдсэн цагаасаа олны анхаарал сонирхлыг ихэд татаж,  Porsche 944-тай харьцуулагдаж байсан бөгөөд энэ 2-р үеийн хүчин чадал нь ихээхэн нэмэгдэж Puamanzu Porsche буюу Porsche-н хувилбар хэмээн нэрлэгдэж байсан.

1989 онд хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба турбиныг сайжруулсантай холбоотойгоор хүчин чадал нь 185-аас 205 морины хүчин чадалтай болтлоо нэмэгдсэн. Шинээр хоорондоо бага зэргийн ялгаатай GT, GT-R, GT-X, GT-Limited, GT-Limited Special Edition төрлүүд худалдаанд гарсан. 

Мөн Infini Series хэмээн нэрлэгддэг 2 хүний багтаамжтай октан өндөртэй бензин хэрэглэдэг загвартай бөгөөд 215 морины хүчин чадалтай гэдгээрээ ихээхэн үнэлэгдсэн. Мөн 2-р үеийн RX7-н бас нэгэн төрөл нь Cabriolet бөгөөд ротари хөдөлгүүрийн 20 жилийн ойд зориулан 1987 оны 8 сард бүтээгдсэн.

3-р үе FD3S (1991-2002)

1991 оны 10 сард 2-р үеийн шинэчлэлээс FD3S хэлбэрийн RX7 гарсан ба уг оны 12 сараас худалдаанд гарчээ. 1971 оноос хойш 20 жилийн турш хэрэглэгдэж байсан Savanna нэрээ бүрэн мөсөн халж Infini (анфини) нэрийг авч Infini RX7 нэртэйгээр худалдаалагдаж эхэлсэн.

Сүүлд  Mazda-ийн Infini, Eunos дэлгүүрүүд нээгдсэнтэй холбоотойгоор Mazda RX7 нэртэйгээр худалдаалагдаж эхэлсэн юм.

RX7 нь дараалсан хос турботой 13В хэлбэрийн Ротари хөдөлгүүртэй ба энэ нь 255 морины хүчин чадлыг гаргаж, жинд нь харьцуулж үзвэл 5кг/1м.х болж байв. Ингээд хөдөлгүүрийн хүчин чадлыг сайжруулсаар ирсэн бөгөөд 1996 оны хэсэгчилсэн шинэчлэлтээр 265 морины хүчин чадалтай, 1999 оны 1 сард хийсэн шинэчлэлтээр 280 морины хүчин чадалтай болгож ээ.

Улмаар Mazda компани Eunos Cosmo-ийн үйлдвэрлэлээ 1996 онд зогсоосноор RX7 нь дэлхийн цорын ганц Ротари хөдөлгүүртэй ЯПОН загвар болсон юм. RX7-ийн хүчин чадал үзүүлэлт сайжирсаар байсан боловч Японы төдийгүй Хойд Америкийн зах зээлд спорт машины эрэлт буурсан, байгаль орчинд ээлгүй гэсэн шалтгаанаар 2002 оны 8 сард үйлдвэрлэл зогссон байна. 2002 оны 4 сард хаалтын загвар болгон RX7 Spirit R загварыг үйлдвэрлэсэн юм.