TOYOTA CELSIOR

Toyota корпорац 1989-2006 онд үйлдвэрлэн гаргаж байсан F сегментэд хамаарах люкс ангиллын седан загвар юм.

Японы дотоодын зах зээлд Тоёота брэндийн Селсиор нэрээр борлуулагдаж байсан бөгөөд гадаадын орнуудад Лексас брэндийн LS загвар гэж нэрлэгдэн худалдаалагдаж байсан юм. 2005 оноос Японы дотоодын зах зээлд албан ёсоор Lexus брэнд орж ирснээр хойших загварууд нь Лексас LS брэндээр гарах болсон билээ.

1989 онд Америкт байгуулагдсан Toyota-н люкс ангиллын автомашины брэнд болох Lexus- сувгаар ES250 (япон дахь нэр нь Camry Prominent) загвартай хамт люкс загвар гэгдэн LS400 нэрээр худалдаалагдаж эхэлжээ. Тэр болтол Мерседес ба БМВ гэсэн брэндийн хажууд Японы машинууд хямд гэсэн имижтэй байсан юм.

Тиймээс ч хямд имижтэй япон машин люкс зах зээлд нэвтэрч чадахгүй гэж боддог байв. Гэвч 1980-аад оны эхнээс Toyota-н АНУ-д хийж эхэлсэн “Найрсаг байх” маркетингийн бодлогын үр дүн гарсан нь энэ байлаа. Улиг болсон германы машинд байхгүй чимээгүй байдал, япон инженерүүдийн нарийн бодож сэтгэсэн тоноглол, бүх зүйлийг нарийн хянамгай хийсэн зэрэг нь нийт америкчуудын зүрх сэтгэлийг байлдан дагуулснаар үндсэндээ Lexus брэнд байр сууриа олж бараг өрсөлдөгчгүй болсон юм.

Энэ загвар гарснаар автомашины ертөнц тэр чигтээ донсолж Мерседес, БМВ гээд люкс ангилалд автомашин үйлдвэрлэдэг  үйлдвэрлэгчдэд өөрсдийн седан машин хийх  арга барил, хийц загвараа эргэн харахад хүргэсэн гэдэг. Ингэснээр нэг улсын үйлдвэрлэгч болох Nissan-ын хойд Америкт байгуулсан люкс ангиллын “Infiniti” брэнд бий болж Мерседес, БМВ-тэй өрсөлдөх болсон юм. Мөн нэмж хэлэхэд энэ явдал Volkswagen компани люкс ангиллын зах зээлд амжилттай нэвтрэх замыг нээсэн гэж яригддаг.

Lexus LS400

Тухайн оны 10 сард Японы дотоодод Celsior нэрийн доор LS400-ийн борлуулалт эхэллээ. Японы эртнээс уламжилж ирсэн люкс загвар болох Crown байгаа учраас япон дахь борлуулалт америк дахь борлуулалтаас хожуу эхэлсэн юм. Тоёота нь Century ба Crown загварын хооронд байхгүй байсан хоосон орон зайг нөхөж седан загварын Алдарын оргилд байсан Nissan Cima загвартай өрсөлдөхүйц Celsior загвартай болжээ.

Ийнхүү шинэ загвар мэндэлснээр Toyota гэсэн бичгийг орлох эмблем хэрэг болсон бөгөөд өнөөгийн бидний сайн таних Тоёота эмблем анх энэ загвар дээр тавигдсан түүхтэй. Тусгай жолоочтой унах зориулалттай Century загварыг эс оруулбал седан загвар дотроо Японы хамгийн шилдэг дээд зэргийн загвар гэсэн байрыг эзэлж байсан юм. Хэдий том том компаниуд, нэр хүндтэй хүмүүс хэрэглэж байсан ч хуучин автомашины зах зээл дээр залуусын дунд ч эрэлттэй байсан юм. Тюнинг хийдэг загваруудын тоонд ч зүй ёсоор орж байжээ.

UZ гэсэн хөдөлгүүр тавьж, арлын код нь XF байсан учраас Тоёотан дүрмийн дагуу Z+X=C гэж загварын кодыг UCF  гэж тодорхойлжээ. Ингээд загварууд нь UCF10/11, 20/21, 30/31гэж кодлогдсон ба. ‘’0’’-ээр төгссөн загвар нь пүрштэй,  ‘’1’’-ээр төгссөн загвар нь хийн өргөгч тэнхлэгтэй гэдгийг ялгаж байжээ.

1- р үе F10 (1989-1994он)

1989 оны 10 сарын 9-нд борлуулалт эхэлсэн бөгөөд V8 4000сс 1UZ-FE хөдөлгүүртэй, A,B,C гэсэн 3 хувилбартайгаар гарч эхэлсэн.

  • Өнөөгийн Тоёота эмблемийн анхных нь энэ загварт тавигдсан. Урд хойд тэнхлэг нь хос гартай Double wishbon хийцтэй байсан ба A. B хувилбар нь пүрштэй загвар байв.
  • B хувилбарт амортизаторын хатуу зөөлнийг тохируулах TEMS систем тавигдсан байдаг.
  • Харин С хувилбарт хамгийн тухтай явдалтай гэгдэх хийн тэнхлэг тавигдсан. 

Энэ хувилбарын дэд хувилбар болох F pacкage нь Century загварын адил жолоочтой байхаар зориулагдсан байв. Өөрөө жолоодоход зориулагдсан нь A хувилбар байсан боловч хамгийн их борлуулагдсан нь С хувилбар байсан юм. Хуучин автомашины зах зээлд ч ялгаагүй C хувилбар хамгийн эрэлттэй байв. Энэ A, B, C гэсэн хувилбар 3 үе ашиглагдсан. Мөн япон автомашины хувьд анх удаа өөрөөсөө гэрэлтдэг хянах дэлгэцийг хийж өгсөн ба энэ нь орчин үеийн дээд ангиллын машинуудын дижитал дэлгэцийн үндэс болсон төдийгүй жижиг автомашинаас авахуулаад нийтийн хэрэглээний автомашинд хэрэглэгдэх болсон юм.

Энэ Celsior-ийн хувилбаруудыг гадна талаас нь хараад ялгах боломжгүй билээ.

Мөн үйлдвэрийн нэмэлт захиалгаар Pioneer брэндийн DAT (Digital Audio Tape) тоглуулагчийг тавиулж болох ажээ.

1992 оны 8 сард хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн бөгөөд 16 инчийн обод тавигдаж түүнийг даган тоормосны дискний диаметр томорсон байна. Урд зорчигчийн аюулгүйн дэр, хоолойн мэдээлэл бүхий GPS систем бүхий навигацийн системийг тавих болсон юм. Тухайн үед ийм систем 7 мянга гаруй долларын үнэтэй байжээ.

2-р үе F20 (1994-2000он)

1994 онд шинэчлэгдсэн загвар гарчээ. Хөөсөн эдийн засгийн үе дууссаны дараа гол зах зээлээ хойд америк гэж төлөвлөсөн LS загварын үнэ өссөнөөс өрсөлдөх чадвараа алдаж эхэлсэн байна. Тиймээс 5 жилийн дотор дараагийн шинэчлэгдсэн загварыг гаргасан юм.

Гэвч гадна талаас нь харахад урд талын нүүрийг ялгахад маш хэцүү өмнөх загвартайгаа төсөөтэй болсон ба урд хойд талыг богиносгосноор эргэх радиус багасжээ. Мөн тэнхлэг хоорондын зайг арай уртасгаснаар хойд суудлын зайг нэмэгдүүлсэн байна.

Өмнөх загварын тоормосны барилт арай сул байсныг нэмэгдүүлж хөнгөн цагаан тоормосны аппарат тавьсан. Хөдөлгүүрийн эд ангиудыг сайжруулснаар 5 морины хүч нэмэгдүүлж, нийт жингээс 110 кг-аар хөнгөрүүлжээ. Зарим тоноглол буюу зорчигчийн суудлын хажуугийн кноп хийгдэхээ больсон, суудлын санамж байхгүй болсон зэрэг нь жаахан урам хугарахаар болсон байв.

1996 оны 8 сард бага зэргийн өөрчлөлтөөр дээр дурдсан хажуугийн кноп, суудлын санамж эргэн хийгдэх болжээ. Аюулгүй байдлыг дээшлүүлэх үүднээс GOA дотогш цөмөрдөггүй их биеийн бүтцийг хэрэглэх болов. Мөн урд 2 суудлын хажуугийн аюулгүйн дэрийг стандартаар тоноглох болжээ. Европт зориулсан явдал бүхий eR Version хувилбарт арьсан суудал болон люкийг стандарт тоноглолоор хийх болжээ.

1997 оны 7 сард хэсэгчилсэн шинэчлэлт явагдлаа. Урд нүүр, их гэрэл тусдаа болж дизайн ч ихээхэн өөрчлөгдсөн байна. Мөн гэрлийн тусгал тохируулагч болон HID гэрэл хийж өгчээ.

Хөдөлгүүрийн хувьд VVT-i системийг нэмж өгснөөр 265 м.х-ээс 280 м.х-тэй болгон сайжруулжээ. Автомат хурдны хайрцгийг 4 шатлалаас 5 шатлалтай болгон сайжруулсан байна. Нийт 6 аюулгүйн дэрийг хийснээс гадна тогтворжилтын VSC, тоормосны туслах систем, шинэ системийн аюулгүйн даруулга бүс, анхааруулах гэрэл, радарын хурд баригч систем, хөдөлгүүрийн асаалтыг хянах чип түлхүүр зэргийг стандарт тоноглолд оруулан суурилуулжээ. 

1999 оны 4 сард Celsior загварын 10 жилийн ой тохиож анхны тусгай хувилбарыг худалдаалсан байна. C хувилбар, В eR Version хувилбарт дан өнгийн будалтыг оруулж өгчээ. Түүнээс гадна BBS брэндийн тусгай обод ба тусгай өнгийн дуб модон оруулгыг хийсэн байна.

3-р үе F30 (2000-2006он)

2000 оны 8 сард шинэчлэгдсэн загвар худалдаалагдаж эхэллээ. Хөдөлгүүр томорч 4.3 литрийн 3UZ-FE шинэ хөдөлгүүр тавигджээ. Гадна дизайны хувьд өмнөх загваруудаас тэс ондоо болсон ба бөмбөгөр бандгар загвартай болсон байна.

Мөн хаалганы рам нь хэвлэмэл байхаа больж рам нь тусдаа болсон ба хойд хаалганд гурвалжин шил хийсэн. Энэ загварт маш их электрон болон цахилгаан тоноглолыг тавьсан байна. Бүх хаалганд “Easy locker” систем, хаалганы алсын удирдлага стандарт тоноглолоор Smart Key асаалтын систем сонголтоор хийлгэх боломжтой болсон юм.

Мөн л өмнөх загваруудыг адил A,B,C гэсэн хувилбаруудыг гаргасан ба түүн дотроо олон дэд хувилбаруудыг гаргажээ. Байгаль орчинд ээлтэй байлгах асуудлыг ч орхигдуулсангүй хорт хаягдлын хэмжээг 75%-аар бууруулсан байна. Нийтийн худалдааны автомашин дотроо дэлхийн хамгийн бага агаарын эсэргүүцлийн коэффициенттой (Cd 0.25) автомашин болсон юм.

Дотор салоныг Токиогийн Империал, Риц-Карлтон зочид буудлуудын зочны өрөөний стилээр гаргаж, суудлыг British Airways ба JAL нисэхийн компанийн 1-р зэргийн суудлын стилийг баримтлан хийсэн байна.

2003 оны 8 сард хэсэгчилсэн шинэчлэл хийсэн ба үүгээр их гэрэл, капот, крыло багаажны таг шинэчлэгдэн сайжирсан дизайнтай болжээ.

Хойд гэрлүүд LED гэрэлтэй болсон юм. Уртаараа 5 мм нэмэгдсэн бөгөөд автомат хурдны хайрцаг нь 5-аас 6 шатлалтай болон нэмэгджээ. Ингэснээр шатахуун зарцуулалтыг 1 литр бензинээр 8.2 км явдаг байсныг 8.9 км болгон багасгажээ.

Энэ удаад B хувилбар, А ба В хувилбарын eR Version дэд хувилбарууд гарахаа больж. Гэсэн ч А, eR, C гэсэн хувилбар гарах болсон ба С хувилбарын дэд хувилбар болох F package, Interior Selection, F package-Interior Selection гэсэн 3 дэд хувилбар л үлджээ.

Аюулгүй байдлын хувьд локаторын жолоодлого нэмэлт захиалгаар, навигацийн систем бүхий хувилбарт VICS (Vehicle Identity Check System) ба ухрахын камер стандартаар дагалдах болсон. Мөн дугуйн ободны хэмжээ томорч 17 болсон ба eR хувилбарт 18 инчийн обод тавих болсон.

Гэвч 2006 оны 8 сараас Lexus брэндийн LS загвар албан ёсоор япондоо борлуулагдах болсноор тухайн оны 5 сард 17 жилийн түүхтэй Celsior загварын сүүлчийн загвар болжээ. Түүнээс хойш түүний орон зайг Crown Majesta загвар үргэлжлүүлэн нөхөх болсон билээ.