БАЙГАЛИЙН ЭРХШЭЭЛД ҮЛ СӨГДӨХ LX
- Цоо шинэ Lexus LX-ээр элсэн далайг гатлав.
- Нийтлэлч Михаил Гзовский, зургийг Сергей Шерстенников ба Lexus
Би ердөө л тэмээтэй зураг авахуулахын төлөө хар замаас гарч элс рүү буулаа гэж үү дээ? Юу бодож байсан юм бол оо? Одоо тэгээд Арабын цөлд босго хүртлээ элсэнд шигдсэн LX-ээ яаж гаргаж авна аа? Намайг 40 хэмийн халуунд элс малтаж байх үеэр Макс Гомянин Toyota LC 200-гаа гаргаж авахаар метр хэрийн өндөр цас малтаж суугаа гэнэ. Үйлийн үр бололтой шүү. Энд эргэн тойронд ганц ч амьд амьтан алга, яана аа!
Cуусаар л...
Хүмүүс надад элсэн манхан их зальтай гэж анхааруулж байсан. Харахад нягт мэт боловч ялимгүй хөдөлгөчхөөр тал талаас элс буугаад ороод ирнэ. “Элс”-ээс авахуулаад “Чулуу, шавар” хүртэлх бүх горимыг нь туршиж Multi-terrain Select системийг их зовоосон доо. Ямар ч нэмэр алга! Шинэ Auto ухаалаг горим нь ч тус болж чадаагүй. Мэдээж тэнхлэг хоорондын дифференциалыг хэдийнээ түгжиж бууруулах дамжуулгаа асаасан. Гэхдээ ингэлээ гээд ямар ашиг байна?
За байз, кузовоо өргөөд үздэг юм билүү? 4 Wheel-AHC гэсэн хий шингэн хавсарсан өргөгч тохируулгатай тэнхлэгийн ачаар ийм боломж бий. Тэнхлэг өргөх товчлуур дээр дартал LX урд тэнхлэгээ 50 мм-ээр, хойдохоо 60 мм-ээр өргөсөнд нийт 225 мм өндөр боллоо.
Тэмээ хэвтэж байгаад босох шиг сүртэй харагдаж байна. Би энэ үйл явцыг бүхэлд нь хянах камераар ажиглаж сууна. Multi-terrain Monitor систем өдгөө зөвхөн эргэн тойрныг зогсохгүй автомашин доогуурхыг хүртэл харуулдаг болжээ. Урд камер эргэдэг болсноор жолооч автомашиныхаа байрлалыг илүү сайн мэдэрч явахад тустай юм. Харин яг одоо энэ кино надад нэмэр болохоосоо өнгөрсөн.
Азаар үүрэн утасны сүлжээ барьдаг газар таарч удахгүй тусламж ирэхээр болов.
Шинэ програм хангамж
Уг нь өдөр ямар гоё эхэлж байлаа даа! Том, гялгар, тансаг, эрхэмсэг бүхэнд “нугасгүй” нутгийн ард иргэд өмнөө яваа суудлын тэргийг залгих нь уу гэмээр асар том радиаторын хаалттай “мангасыг” атаархлаар дүүрсэн харцаар үдэж байсансан.
Косметик засал хийж үү? Үйлдвэрлэгчийн зүгээс лав “цоо шинэ загвар” гэнэ. Үнэний хувь байгаа л байх. Юутай ч бат бөх рам нь хэвээрээ байна. Харин гаднаас нь 2007 болон 2012 оны сайжруулсан хувилбарын төрхийг олж харлаа. Гэхдээ ч энэ төмөр биеийн бүх эд ангийг шинэчлээд барахгүй салонд ч өмнөх Lexus-ийг санагдуулах юм тун бага байна.
LX 570-ийн нэг хувилбарт салоны хийцийг цайвар арьс, бүдэг өнгөтэй самрын модоор гүйцэтгэжээ. Ийм эрхэмсэг бөгөөд загварлаг хийцийг өмнө нь аль ч Lexus-ээс харж байгаагүй. Суудлын хэлбэрийг өөрчилсөн нь сайшаалтай ч япончуудын жишгээр жижгэрүүлсэн нь харамсалтай. Хэдийгээр 10 янзын тохируулгатай хэрнээ түшлэгийг дээш доош сунгаж, нуруундаа тааруулж тохируулах боломжгүй юм.
Нас нь аль хэдийнээ явсан болохоор шинэ технологи нэвтрүүлэхэд арай тохиромжгүй бололтой. Үгүй ядаж гол өрсөлдөгчдийнх нь иж бүрдэлд багтдаг автомат хаалга түгжигчээр тоноглож чадаагүй нь үүнийг батлах мэт. Бас multimedia системийг удирдаж сурахад багагүй хугацаа хэрэгтэй. Remote Touch (joystick) хэмээх нэг ёсны компьютерын хулгана шиг товчоор цэс удирдахад заримдаа онож дарж чадахгүй мунгинаж өгнө. Явдал дунд бол бүр бүтэхгүй.
Японы зарим топ ангиллын автомашинд хоорондоо авцалдаагүй системийг хүчээр нэгтгэсэн мэт мэдрэмж төрдөг. Энд ч мөн ялгаагүй. Уг нь дангаараа маш сайн ажилладаг мөртлөө нэгдэж ажиллахаараа дутагдалтай болохоор надад агааржуулагчийн удирдлагын системийг Х компани, multimedia системийг Y компани, харин хөдөлгөөний үйлдэл хариуцсан программ хангамжийг Z компани гээд тус тусдаа байгууллага гүйцэтгэсэн юм шиг санагдаад байх юм.
Гэтэл сайн мэдээ дуулмагц дээрх дутагдлыг мартаж эхлэв. Тухайлбал, 28 дефлектор бүхий 4 бүст Climate Concierge агааржуулагчийн удирдлагаас суудал халаагч болон сэнс удирдаж болдог болжээ. Тэр бүү хэл, цахилгаан дэмий үрэхгүйн тулд хойноо зорчигчгүй үед автоматаар унтардаг юм байна. Салхины шилэн дээр тоон үзүүлэлтийг тусгаж харуулдаг 10 инчийн Head-Up Display дэлгэцтэй болсон нь нүдээ олсон зүйл.
Шинэчилсэн урд самбарыг хөнгөн цагаан цаг, 12,3 инчийн дэлгэцээр гоёжээ. Арын эгнээний суудлыг цахилгаан хөдөлгөгчтэй болгосны ачаар 89 мм урагшлуулж, хойшлуулж болно. За тэгээд, аяллыг зугаатай болгох үүднээс арын зорчигчдод зориулж 11,6 инчийн сайн нягтаршилтай хоёр ширхэг дэлгэц суурилуулж, 5.1-ийн гэрийн кинотеатртай ижилхэн Mark Levinson аудио системээр тоноглосон байна.
Чшшш, чимээгүй!
LX 450d 8 цилиндр дизель хөдөлгүүртэй болсон нь сайн мэдээ дундаас хамгийн чухал нь байв. Өмнө нь Lexus бүх автомашинаа hybrid болгоно гэж мэдэгдэж байсан. Жинхэнэ хувьсгал болно доо! Яаж ч бодсон ийм шийдвэр гаргах цаг аль хэдийнээ болсон.
Учир нь:
- Нэгдүгээрт, Mercedes-Benz GL (тун удахгүй GLS хувилбар гарна) болон Range Rover гэсэн томоохон өрсөлдөгчид дизель хөдөлгүүртэй хувилбараа гаргачихсан.
- Хоёрдугаарт, ангилал нэгтэй Land Cruiser 200-д суурилуулдаг дизель хөдөлгүүр бэлэн байна.
Land Cruiser-ийн 249 морины хүчийг ихэсгэж 272 болгосон ч эргүүлэх дээд хүчний хэмжээг 650 Н•м хэвээр үлдээжээ. Балансыг янзын тохируулсан байна. Сул эргэлтэд бараг доргихгүй. Чив чимээгүй!
- Давуу тал: Өрсөлдөгчдөө давах эрмэлзэл нь хэвээрээ. Дуу чимээ багатай, шатахуунд хэмнэлттэй
- Сул тал: Зөвхөн бензин хувилбар нь 7 хүний суудалтай
Хожим нь 367 морины хүчтэй, V8 бензин LX 570-д суумагц дизель хөдөлгүүр бүр ч дуу багатай байгаад нь гайхаж гарлаа! Мэдээж бензин хөдөлгүүртэй LX хамаагүй сэргэлэн (100 км/ц-ийг 7.7 секундэд, харин 450d нь 8.6 секундэд авдаг) ч хоёр автомашины гарааны хурд ялгаагүй сайн.
Бензин хөдөлгүүртэй LX нь найман шатлалт Super EST шинэ автомат хурдны хайрцагтай. Гэхдээ LX 450d-ийн зургаан шатлалтай хурдны хайрцгаас илүү гэх байдал надад ажиглагдсангүй. Яах вэ, найман шатлал гэхээр бага зэрэг илүү ажиллагаатай ч аль аль хурдны хайрцаг нь араа шилжүүлгийг яг таг боловч зөөлөн гүйцэтгэдэг. Арвилан хэмнэлт тал дээр Super EST автоматын гол давуу тал оршиж байж мэднэ. Надад бол диаметрийг 354 мм хүртэл томруулсан тоормосны диск илүү сэтгэгдэл төрүүлж LX бараг 2 тонноор хөнгөн болсон мэт санагдлаа.
- Түүнчлэн тэнхлэг тохируулгын AVS болон таван төрлийн горимтой Drive Mode системтэй болсноор арал анги илүү боловсронгуй болжээ.
- Drive Mode систем нь хөдөлгүүр, тэнхлэгийн ажиллагааг нум, рулийн хүчлүүр болон агааржуулагчийн удирдлагатай уялдуулдаг систем юм. Sport+ гэсэн хамгийн хатуу горимоор бадриун LX маань улам дуулгавартай болж хазайх нь багасна.
Найрамдал мандтугай!
– Тусламж хэрэгтэй юу?
Пикапаас бууж ирсэн кандуратай (араб үндэсний хувцас-ред.) нутгийн индиан надаас хариу хүлээлгүй шууд л дугуйны хий гаргалаа (чөтгөр ав гэж, би элсэн дээгүүр явахдаа баримталдаг хамгийн чухал дүрмээ яагаад мартаж орхив оо...). Хэн хэнд нь трос байгаагүй учраас нэлээн хүрздэж гарлаа. Нэмэр болсонгүй.
Хагас цагийн дараа өмнөх үеийн LX унасан нэгэн эрхэм туслахаар ирлээ. Үндэсний хувцастай, бугуйндаа Rolex цагтай ганган, баян эр юм гээч. Дугуйны хийг шалчийтал гаргачхаад тросоор татсаар гурав дахь оролдлогоороо суга татаж гаргав. Би залууст талархан хүйтэн рашаан амсуулж нөгөө хэд ч тэр замаа хөөлөө.
Маргааш нь би юу ч болоогүй мэт тогтоосон маршрутын дагуу аанай л элсэн манхнаар жирийлгэж явав. Сэрэмж алдахгүй явбал бат бөх тэнхлэг, нум болон дөрвөн дугуйн хөтлөгчөөр бусдын хүрч чаддаггүй тэр л даваа гүвээг LX бахдалтай туулна. Газрын хөрс нь элс, цас эсвэл шавар шавхайтай байсан ч үл тооно.
Харин насыг нь дарж чадах биш дээ. Юутай ч, хээнцэр будаг, орчин үеийн цахим системээр гангарсан болохоор “өвгөн LX” хамаагүй залуу харагдаж байна.
Эх сурвалж: Албан ёсны зөвшөөрөлтэйгээр ЗаРулем Монголиа сэтгүүлээс бэлтгэв.