PADDLE SHIFTER ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? №284

Автомашины хөгжлийн түүхэнд ерөнхийдөө 2 төрлийн автомашин байсаар ирсэн. Энэ нь автомат машин болон механик араатай машин. Гэвч тодорхой хэдэн тансаг ангиллын автомашинууд шинэ төрлийн ялгарлыг бий болгох зорилгоор энэ хоёрын дундах төрлийг бий болгосон билээ.

Энэ бол хагас автомат буюу авцуулах холбоон гишгүүр ашиглахгүй боловч жолоочийн оролцоотойгоор арааг шилжүүлдэг төрөл юм. Хагас автомат машинуудын хувьд paddle shifter эсвэл товчлуурын тусламжтайгаар арааг хооронд шилжүүлдэг. Иймээс та ийм төрлийн автомашин авах гэж байгаа бол юуны түрүүнд энэ нь хэрхэн ажилладаг харин дараагаар нь хэрхэн ашиглах талаар мэддэг байх шаардлагатай юм.

Араа шилжүүлэхийн ач холбогдол

Механик хурдны хайрцагтай автомашины хувьд хэд хэдэн давуу талтай бөгөөд үүний нэг нь хөдөлгүүрээс илүү их хүчийг гаргах боломжийг жолоочид олгодог. Ийм учраас дийлэнх спорт автомашинууд механик кроптой байдаг. Мөн механик машин хурд авахдаа илүү хурдан байх боломжтой.

Энэ бол олон тооны жолооч хувьд маш чухал үзүүлэлт юм. Улмаар өмнөх үеийн автомашины хувьд үйлчилдэг механик автомашины хамгийн том давуу тал нь шатахуун хэмнэлт байсаар ирсэн гэхдээ орчин үеийн автомат машинууд илүү ухаалаг болж буй нь ойлгомжтой. Мөн механик машины хувьд автомат кроптой машинтай харьцуулахад араанд элэгдэл үүсэх нь арай бага байдаг аж.

Хагас-Автомат хурдны хайрцаг

Хагас автомат машины хувьд механик машинтай хэд хэдэн талаараа адил юм. Иймээс paddle shifter нь машины хөдөлгүүрээс илүү их хүчийг гаргах боломжийг олгодог бөгөөд илүү хурдан хурдаа авах бололцоотой. Харин техник талаасаа хагас автомат хурдны хайрцаг нь автоматтай яг адил бөгөөд жолооч өөрөө арааг шилжүүлэх боломжийг олгодгоороо ялгаатай юм.

Paddle Shifters-ийн зорилго

Энгийн механик автомашины хувьд жолооч авцуулах холбооны тусламжтайгаар арааг шилжүүлдэг. Авцуулах холбоо буюу консны гишгүүр дээр гишгэснээр хөдөлгүүр болон хурдны хайрцаг хоорондоо салдаг ба энэ хооронд хурдны хайрцаг руу ямар ч хүч дамжуулдаггүй.

Ингэснээрээ арааг шилжүүлэх боломжтой болдог. Автомат хурдны хайрцгийн хувьд араа нь автомат буюу компьютержсон системийн тусламжтайгаар араа шилждэг. Энэ нь хөдөлгүүрийн хурднаас хамаарч тохирох араа автоматаар сонгогдог бөгөөд жолоочийн оролцоо ямар ч шаардлагагүй.

Paddle Shifters юугаараа өөр вэ?

Тэгвэл Paddle Shifter жолоочид удирдлагаар араа шилжүүлэх электрон дохиог хурдны хайрцаг руу өгөх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл автомат хурдны хайрцагны араа шилжих командыг жолооч гараас өгнө гэсэн үг юм. Харин жолооч ямар нэгэн команд өгөхгүй байгаа тохиолдолд хагас автомат машин арааг автоматаар шилжүүлнэ (зарим үйлдвэрлэгч автоматаар дараагийн араанд дэвшихгүй, Механикаар сонгосон тохиолдолд зөвхөн тухайн араанд байлгах тохиргоотой байдаг)

Paddle shifter-ийн гол давуу тал нь арааг зөвхөн хөдөлгүүрийн хурднаас хамаарч солихгүй жолооч өөрийн жолоодлого, нөхцөл болон мэдрэмжээр тохируулан өөрөө арааг шилжүүлэх боломжтой юм. Жишээ нь жолооч уулын уруу уруудахдаа арааг хүндрүүлэх бөгөөд үр дүнд нь тоормос гишгэх шаардлагагүйгээр удаан буух нөхцөл бүрдэх юм.

Paddle Shifters Хэрэглэх

Энгийн paddle shifter нь рулийн гадна талд байрладаг бөгөөд баруун талынх нь ихэвчлэн нэмэх тэмдэгтэй, зүүн талынх нь хасах тамдэгтэй байдаг ба үүгээрээ арааг хүндрүүлж хөнгөрүүлнэ. Зарим автомашинд paddle shifter нь энгийн арааны адил голын консоль дээр байх боловч арааны тооны оронд нэмэх хасах гэсэн хоёр тэмдэгтэй байдаг. Paddle shifter-г ашиглахын тулд механик горимд нь шилжүүлж нэгдүгээр араа, хоёрдугаар араа гэх мэт механик машин адил арааг жолооч өөрөө тохируулан явуулна.

Paddle shifter нь автомат болон механик арааг сайтар хослуулсан бөгөөд аль алиныхаа давуу талуудыг тусгасан байдаг. Түүний тусламжтайгаар жолооч автомашинаа илүү мэдэрч, интерактив жолоодлогыг мэдрэх болно. Үүнийг ашиглах нь маш хялбар бөгөөд механик машин барьж чаддаггүй, авцуулах холбоо зэрэгт таагүй ханддаг жолооч нарын хувьд ч хялбар сурах боломжтой байдаг. Мөн хэрэв жолооч ашиглахыг хүсээгүй тохиолдолд зөвхөн автомат горимд нь шилжүүлэхэд л хангалттай.

Сул тал

Арааг зөвхөн шатлалын дагуу дэвшүүлж бууруулдаг нь түүний сул тал юм. Жишээ нь механик машин 5-р араанаас шууд 3 луу шилжүүлж болно. Харин хагас автомат кроптой бол 5>4>3 гэж шатлалтай дамжих нь мэргэжлийн тамирчдын хувьд хугацаа алдах сул талыг бий болгодог. Харин энгийн хэрэглээнд энэ нь огт нөлөөлөхгүй билээ.