ХАЙБРИДЫГ САЛГАЖ БОЛДОГ УУ? №287

Тоёота компани автын түүхэнд HYBRID технологийг энгийн хэрэгцээнд нэвтрүүлж хувьсал хийсэн. Тэд хэд хэдэн төрлийн хайбрид системийг бий болгосон. Үүнээс Монголд түгээмэл байдаг нь:

  • Бүтэн Hybrid буюу бидний сайн мэдэх Prius загвар
  • Mild (Майлд) Hybrid буюу хагас хайбрид систем юм.

Бүтэн буюу Приусд бидний сайн мэдэх бүх машинд байдаг 12 вольтын туслах аккумулятороос гадна 288 вольтын өндөр чадлын үндсэн аккумулятор байдаг. Харин Майлд хайбридад 12 вольтоос гадна 36 вольтын нэмэлт аккумулятортай байдаг.

Жолооч нарын дунд Хайбрид салгах гэсэн ойлголт яваад байдаг нь доорх 2 шалтгаантай.
  1. Mild Hybrid машины хайбрид системийг бүхлээр нь салгах. Энэ төрлийн системийн сэлбэг олдоц багатай, үнэтэй байдгаас шалтгаалж жолооч нар өөрийн хүсэлтээр салгуулдаг. Юуг салгадаг вэ гэвэл: 36 вольтын аккумулятор, инвертер (кинетик энергийг цахилгаан болгон хувиргагч), жанам зэргийг салгаж авснаар энгийн бензин хөдөлгүүрийн зарчмаар ажилладаг.
  2. TRC OFF. Шарвалтаас хамгаалах систем болох TRC-г унтрааснаар дугуйг сул эргүүлж, зүтгүүлэх боломжоор хангадаг. Өөрөөр хэлбэл шаварт суусан үед TRC идэвхтэй бол дүлэгнээд хөдөлдөггүй, харин унтрааж идэвхгүй болгосноор маажиж эхэлдэг.

HYBRID САЛДАГГҮЙ

Эндээс доорх дүгнэлтийг хийж болно.
  1. Майлд хайбридыг салгаж бензин хөдөлгүүрийг дангаар нь ажиллуулж болно. Үүнд бидний сайн мэдэх Краун загвар багтана.
  2. Бүтэн хайбрид загваруудын хайбрид системийг салгах боломжгүй (TRC системийг идэвхгүй болгохыг Хайбрид унтраах гэж андуурдаг. Унтраах зааврыг ЭНД дарж үзээрэй). Бидний сайн мэдэх бүх Prius, Alphard, Estima загварууд үүнд хамаарна.