УСТӨРӨГЧИЙН МАШИНЫГ ХЭН ҮЙЛДВЭРЛЭХЭЭР ЗЭХЭЖ БАЙНА ВЭ?

Хайбрид болон цахилгаан автомашин нь устөрөгчийн түлшээр ажилладаг автомашин бэлэн болтол байх болно

Сүүлийн үеийн шинжлэх ухааны хөгжлөөр үүсэж бий болоод байгаа эрчим хүчний хэд хэдэн төрлийн эх үүсвэр бүртгэгдээд байгаагийн нэг түлшний элементийн гэж орчуулаад байгаа fuel cell-ын эрчим хүчний эх сурвалж юм.

Түлшний элемент гэдэг нь химийн урвалын энергийг цахилгаан энерги болгон хувиргадаг цахилгаан химийн төхөөрөмжийг түлшний элемент гэдэг бөгөөд төхөөрөмжийн ажиллах зарчим нь устөрөгч хүчилтөрөгчтэй нэгдэх цахилгаан химийн урвал дээр үндэслэгддэг байна.

Устөрөгч нь манай дэлхий дээр байх хамгийн элбэг элемент боловч байгаль дээр цэврээрээ байдаггүйгээр онцлог юм. Тиймээс устөрөгчийг гарган авахдаа устөрөгч ихээхэн агуулсан бодисоос гаргаж авах юм.

Цахилгаан автомашинууд хэдийнээ худалдаалагдаад эхэлчихжээ, гэхдээ өөр төгс шатахууны хэрэглээг судалсаар л байна. Дотоод шаталтын хөдөлгүүрийг баттерэйгээр ажилладаг хөдөлгүүрээс солих нь маш том асуудал болоод байгаа бөгөөд энэ талаар авто үйлдвэрлэгч нар нухацтай судалсаар байна.

Хэр хол зайд явах, хэдэн удаа цэнэглэж болох мөн түүний хөгжүүлэлт зэрэг нь цахилгаан автомашины үндсэн гол асуудал юм. Тэгвэл олон хүн, авто үйлдвэрлэгч нар устөрөгчийн түлшийг ирээдүйн өөрчлөлт шинэтгэлийн чухал шийдэл хэмээн үзэж байна.

"Цахилгаан автомашин болон хайбрид автомашин нь устөрөгчийн хөдөлгүүртэй автомашинд хүрэх арга зам" хэмээн IHS байгууллагын автомашин хариуцсан ерөнхий шинжээч Дэвин Линдсэй хэлсэн байна. "Хайбрид болон цахилгаан автомашин нь устөрөгчийн түлшээр ажилладаг автомашин бэлэн болтол байх болно" хэмээн нэмж хэлсэн байна.

Устөрөгчийн түлшээр ажилладаг автомашин газрын тосны хэрэглээг тодорхой хэмжээгээр багасгаж чадахаас гадна улмаар байгальд ээлтэй байх юм. Цахилгаан автомашин нь хэдийгээр газрын тосны хэрэглээг арилгах мөн нүүрсний хэрэглээг бууруулахад чиглэж байгаа боловч яг үнэндээ холбооны улсын нийт цахилгааны 40 гарам хувийг нүүрснээс гаргаж байна. Тэгвэл устөрөгчийг сэргээгдэх баялагаас гаргаж авснаар байгаль орчинд ямар ч бохирдол үүсгэхгүйгээр онцлог билээ.

Устөрөгчийн хөдөлгүүртэй автомашин нь 5 минутын дотор банкаа дүүргэх боломжтой байдаг бол одоогийн цахилгаан машин нь 1 цаг гаруй хугацаанд бүрэн цэнэглэгдэж дүүсдаг билээ. Мөн цахилгаан машины туулах зайд орчны температур чухал нөлөөлдөг бөгөөд хүйтэн уур амьсгалтай бүсэд энэ байдал ихээхэн мэдрэгддэг байна. Харин устөрөгчийн автомашин нь ямар ч үед тогтвортой байдгаараа онцлог байна.

Мэдээжийн хэрэг устөрөгчийн хөдөлгүүртэй автомашин гэхийг сонсоод маш төвөгтэй технологи гэдгийг хүн бүхэн төсөөлнө. Энэхүү технологийг авто үйлдвэрлэгч нар яарахгүйгээр хөгжүүлсээр байгаа бөгөөд устөрөгчийн хөдөлгүүр нь устөрөгчийн түлшийг цахилгаан энерги болгон хувиргах тул хөгжүүлэлтийн хувьд удаашралтай байгаа юм.

Тоёота

Ихэнх компани бензин-цахилгаан хайбрид автомашиныг ихэвчлэн массын хүрээнд үйлдвэрлэж байна. Тоёота компани устөрөгчийн автомашиныг гарган авахын тулд мөн түүний хөгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний цаг болон мөнгийг тогтмол зарцуулж байгаа бөгөөд Тоёотагийн Advanced Technology Group-ийн менежер Крэйг Скоттийн хэлснээр "Бид маш олон шалтгааны улмаар устөрөгчийн автомашинд дуртай байгаа, хамгийн чухал нь хүмүүс үүнийг хүсэж байгаа тул манай компани түүнд анхаарлаа хандуулж байна" гэжээ.

Мөн Скотт цааш хэлэхдээ "Устөрөгчийн автомашин нь дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины өрсөлдөгч байх болно. Одоогийн хайбрид, цахилгаан машинуудад тохиолдож байгаа гол асуудал болох туулах зайн асуудал түүнд байхгүй" гэсэн байна.

Тоёота компани устөрөгчөөр ажилладаг автомашины тестийг 10 хүрэхгүй жилийн хугацаанд хийгээд байна. Тэд саяхнаас олон улсын авто шоунуудад өөрсдийн FCV-R хэмээх (зураг дээрх) устөрөгчөөр ажилладаг концепт загварыг танилцуулаад байгаа бөгөөд компанийн хэлснээр 2015 оноос үйлдвэрлэгдэж эхэлнэ гэсэн юм. Скоттийн хэлснээр устөрөгчийн технологи ерөнхийдөө дуусах шатандаа орсон гэсэн бөгөөд Тоёота компани үүнийг бүтээхэд ихээхэн хугацааг зарцуулсан төдийгүй устөрөгчийн түлшийг хийх дэд бүтцийг бий болгоход тусалсан гэжээ.

Хонда

Устөрөгчийн хөдөлгүүртэй автомашиныг хязгаарлагдмал бүсэд санал болгож байгаа бөгөөд Японы авто үйлдвэрлэгч Хонда компани өмнөд Калифорнид лизингээр хэрэглэгчдэд санал болгож байгаа ажээ.

"FCX Clarity загварыг зөвхөн лизингээр өмнөд Калифорнид санал болгож байна" хэмээн Хондагийн олон нийттэй харилцах албаны төлөөлөгч Крис Мартин хэлсэн байна.

FCX Clarity (зураг дээрх)-г харахад тийм ч этгээд чамин дизайнтай биш бөгөөд Сивик загвартай ижилхэн шахуу юм. Энэхүү загвар Аккорд загвараас 10 см богинохон ба түүнд устөрөгчөөр ажилладаг цахилгаан моторыг суулгаж өгсөн байна.

Ингэснээр FCX Clarity нь 100 км замыг 2.9 литр устөрөгчийн түлшээр туулдаг ба нийт 385 км замыг туулах чадвартай ажээ.Энэ нь одоогийн өндөр чадвар бүхий цахилгаан автомашинууд болох Шэви Вольт, Фискер Карма зэрэг загвараас 2 дахин их зайг туулах чадвартай гэсэн үг юм.

Хьюндай

Мартиний хэлсэн зүйлс бусад авто үйлдвэрлэгчдийн чихэнд хүрсэн бололтой. Хьюндай компани мөн устөрөгчийн хөдөлгүүртэй автомашиныг Tucson SUV загвар дээрээ суурилуулан туршиж байна.

"Хьюндай компанийн хэтийн төлөвлөгөөн дагуу 4-р үеийн түлшний элементийн системийг одоогоор хөгжүүлэн туршилт хийж байна. Манай компани FCEV-г байгальд хоргүй, тээврийн хэрэгсэл болно гэдэгт итгэлтэй байна" гэж Хьюндай Канадын олон нийттэй харилцах тасгийн төлөөлөгч Чад Хирд хэлсэн байна.

Тэрээр цааш хэлэхдээ Хьюндай компани лизингээр 1,000 гаруй FCEV автомашиныг энэ жилд гаргахаар төлөвлөөд байгааг дуулгасан ба мөн Тоёота компанитай адил 2015 оноос устөрөгчийн автомашиныг олноор үйлдвэрлэх болсноо хэллээ.

Хэвлэлийн хурлын үеэр Хьюндай компанийн хэлснээр "Устөрөгч бол шинэ энергийн эх үүсвэр байх болно. Бидний Tucson FCEV (зураг дээрх) 100 км замыг 3.36 литр түлшээр туулах чадвартай бөгөөд бүрэн цэнэглэлтээр 640 км замыг туулах чадвартай" гэжээ.

Мерседес-Бенз

Германы авто үйлдвэрлэгч хэд хэдэн дизель хөдөлгүүртэй хайбрид загвар болон цахилгаан автомашиныг үйлдвэрлэж эрэлт ихтэй зах зээлд өөрсдийн байр суурийг бий болгоод байгаа юм. Тэд ч мөн адил бусад авто үйлдвэрлэгчидтэй адил устөрөгчийн хөдөлгүүртэй автомашин хийхээр ханцуй шамлан ороод байгаа ба өнгөрсөн жил бага оврын B-Class загвар дээр суурилсан устөрөгчийн түлшээр ажилладаг автомашинаа сонирхуулж байсан билээ.

"B-Class F-CELL нь маш олон давуу талтай, тэрээр байгальд хоргүй, бүрэн цэнэглэхэд ердөө 3 минут шаардлагатай бөгөөд нэг цэнэглэлтээр ойролцоогоор 400 км замыг туулах чадвартай, мөн өдөр тутмын хотын амьдралд хэрэглэхэд маш тохиромжтой" хэмээх Мерседес-Бенз Канадын хэвлэлийн төлөөлөгч Майкл Майнелли хэлсэн байна.

Мерседес-Бенз компани байгальд ээлтэй мөн энергийн шинэ эх үүсвэрийг өөрсдийн загваруудад ашиглах бодлогын хүрээнд устөрөгчийн түлшийг ашиглах болсон юм.

Хэдийгээр цахилгаан автомашины цэнэглэгчийн асуудалтай ижилхэн устөрөгчийн түлшийг тараах дэд бүтэц хомстолтой байгаа хэдий ч авто үйлдвэрлэгч устөрөгчийн дэд бүтцийг байгуулах тал дээр ажиллаж байна ажээ. Гэхдээ энэ бүхэн бодож байгаагаас хурдан биелж байгаа бөгөөд удахгүй бүрэн дүүрэн биелэх болно гэдэгт итгэлтэй байж болох юм. Мерседес ч гэсэн Тоёота болон Хьюндай нартай ижил 2015 оноос өөрсдийн загвараа хийхээр төлөвлөөд байна.