ЗӨВ СОНГОЛТ HYBRID HARRIER

Хайбрид ах дүүс: Харриер болон Клюгер хайбрид загварууд нь 2 уулаа 2005 оны 3 сард гарсан юм. Тиймээс тэднийг ах дүүс загварууд гэж хэлж байна. Кузов, хөдөлгүүрийн хувьд бие биетэйгээ ижилхэн бөгөөд гаргах хүчин чадлын хувьд ч ижил юм.

Тоёота компанийн люкс болон чамин тансаг байдлын илэрхийлэл Харриер хайбрид загварт шингэсэн бол хайбрид Клюгер нь спорт болон хүч чадлын илэрхийлэмж нь болсон билээ. Ийм тус тусын чиг баримтлалыг мөрдөж гарсан загварууд тул Хайрриер Хайбрид нь 5 зорчигчийн суудалтай, харин Клюгер нь 7 зорчигчийн 3 эгнээ суудалтайгаар хэрэглэгчдэд хүрэх болсон. Мэдээж люкс байдлын илэрхийлэмж болсон тул Харриер нь Клюгерээс илүү чимэглэл, хийцтэй мөн илүү сайн дуу тусгаарлагчтай болсон юм.

Ханшийн зөрүү

Клюгер болон Харриер нарын хооронд ханшийн асар их зөрүү Японд байдаггүй байсан.

Анх гарахдаа Харриер Хайбрид нь 4.095 сая иенээс 4.62 сая иений ханштай байсан бол Клюгерийн хувьд 3.99 саяас 4.368 сая (69-75 сая төгрөг одоогийн ханшаар) иений ханштай байсан байдаг. Тэгэхээр ердөө л 260,000 (4.5 сая төгрөг одоогийн ханшаар) иен илүү төлөөд хамгийн дээд загварын хувилбарыг худалдан авах бололцоо байсан байна.

Хэдийгээр Харриер Хайбрид нь үнийн хувьд бага зэрэг үнэтэй, 3-р эгнээний зорчигчийн суудал байхгүй хэдий ч түүний дуу тусгаарлалт, шилний маш сайн тусгаарлалт, ухаалаг түлхүүр, асаалтын товчлууртай систем зэрэг зүйлс нь түүний давуу тал болж байдаг. Мөн "S Premium Package" багцад арьсан бүрээстэй суудал дагалдаж ирдэг байсан..

Хайбрид шинжийг илтгэх дизайн

Кузовын хэмжээ нь 1845мм х 4755мм урт мөн 1690мм өндөртэй. Энэ нь энгийн Харриерээс бага зэрэг урт гэсэн үг юм. Үүнд мэдээж бамперийн дизайн, хайлшин обуд зэрэг зүйлс нөлөөлсөн байж таараа. Улмаар кузовын өнгөний метал бор өнгийн (зураг дээрх) нэмэлт сонголттой.

Дизайны хувьд "хайбрид мисс" шалгаруулалтыг авах сайн дизайнтай болсон. Энэ тал дээр үг ярих нь илүүц биз ээ.

Лексас чанар

Салоны хувьд Клюгерийн материалаас сайн болох нь мэдрэгдэнэ. Улмаар ухаалаг түлхүүртэй асаалтын систем (power switch), мөн товчлуур дарснаар тээшний хаалгыг нээж хаах бололцоотой нь маш зөв шийдэл болсон

Харриер олон талын хэрэглээтэй

Хойд суудлаас ердөө 2 см-ийн дор баттерэй байрладаг. Бусдаар энгийн Харриерээс өөр зүйл байхгүй. Дунд ангиллын люкс седанаас ч тохилог байдал нь танд мэдрэгдэх болно. Түүнээс эрлийзжүүлсэн шинж тэмдэг огт харагдахгүй.
Тээшний зайн хувьд Клюгерээс том. Учир нь түүнд 3-р эгнээний суудал үгүй. Шалан доор юмс хадгалах зай бий. Хойд хаалга нь цахилгаан мотороор онгойж хаагддаг бөгөөд Лексас чанар багажнаас үнэртэж байна.

Бидний тест хийсэн загвар "L Package" буюу дунд төвшний багцаар тоноглогдсон байв. Хурд авалтын хувьд Ниссан-ийн VQ35DE хөдөлгүүртэй харьцуулахад 1970 кг хүнд жинтэй кузовтой хэдий ч илүү хурдан санагдсан. Хурд авах үед урд дугуй хөтлөх бөгөөд замтай барьцалдах чадвар муудсан үед/тултал нь хаазыг гишгэсэн үед VDIM систем хойд цахилгаан моторыг ажиллагаанд оруулж хүч нэмдэг.

Харриер-ийн хайбрид систем нь шатахуун хэмнэхэд туслахаас гадна илүү их хүчийг гаргахад туслах болсон байна. 225/60R17 дугуйг 235/55R18-тэй дугуйгаар сольсон тул урд тэнхлэг болон хойд тэнхлэгт бага зэрэг жин нэмэгдсэн, дээрээс нь баттерэйтэй тул 40 кг кузовын жин дээр нэмэгдэх болжээ.

Бидний тест хийсэн Харриер хайбридийн"L Package" нь 18 инчийн дугуйтай ч сайжруулсан спорт амортизатор нь ирээгүй. Маневрийн хувьд Клюгерээс тийм ч илүү зүйл байхгүй. Гэхдээ том дугуйтай тул цас, шаварт илүү, эргэлтийн хурд арай өндөртэй юм болов уу гэж бодлоо. "S Premium Package"-д Potenza RE031 дугуйг хийж өгдөг юм билээ. Энэ нь ч зүй ёсны хэрэг болов уу.

Шатахуун зарцуулалтын хувьд круйз контролыг асааж тогтмол 100-115 км/ц хурдтай нэг зорчигчтой, эйр-кондишн асаалттай үед дэлгэц дээр 11.6км/л гэж гарч байв. Хотод бол энэ тоо 18-20л/100км болж өсөх хандлагатай. Хурдны хязгаарын хувьд 180 км/ц бөгөөд үйлдвэрлэгчээс ийнхүү хязгаарлаж өгсөн.

Клюгер хайбридтэй харьцуулахад мэдээжийн хэрэг загвараар урд нь гишгэнэ. Хэдийгээр 90-ээд оны үед спорт ззагваруудыг хурц өнцөгтэй хийж байсан хэдий ч шинэ зуун эхэлснээр энэ байдал бага зэрэг өөрчлөгдөж ууссан шинжтэй болж ирсэн. Улмаар зөвхөн Япондоо анхны дуу тусгаарлагчтай урд салхины шилийг хийж өгсөн, мөн сайжруулсан хэлбэртэй хаалганы шил зэрэгтэй болж өгснөөр Клюгерээс намуухан болж чаджээ. Ерөнхийдөө Харриер Хайбрид нь энгийн Харриерээр урд бампер, LED гэрэлтэй хойд их гэрэл, олон үйлдэлтэй хянах самбар, дуу тусгаарлагчтай салхины шил, S-L багц, хөнгөн цагаан обудыг тусгайлан стандартаар санал болгох болсон, мөн багцаас хамаарсан салоны панелийн өөрчлөлттэй байдаг байна.

"S Premium" багцад арьсан суудал, спорт амортизатор, хөнгөн цагаан салоны панел зэрэг зүйлс бий. Харин "L Package"-д сувдан цагаан болон улаан хүрэн кузовын өнгө, мөн салоны өвөрмөц өнгөний сонголт бий. Хөдөлгүүрийн хувьд V хэлбэрийн 6 цилиндртэй 3310 сс-тэй 3MZ-FE загварын хөдөлгүүртэй ба түүнээс 208 морины хүч гардаг байна. Улмаар урд болон хойноо цахилгаан мотортой бөгөөд тэдгээрээс 165 морины хүч гардаг байна.

Хойд Америкт түүнийг Лексас брэнд нэрийн дор RX400h хэмээн гаргадаг бөгөөд 2009 оноос RX450h болгон сайжруулсан. Та яагаад 3.3 литрийн хөдөлгүүртэй байж Лексас загвар дээр 400 хэмээн нэрийдсэнг гайхаж магадгүй. Учир нь хайбрид системийн хамтаар 4.0 литрийн V8 хөдөлгүүртэй ойролцоо чадал гаргадагт оршдог тул ийнхүү нэрийджээ.

Ерөнхийдөө гадны хийсэн тестээс үзэхэд V8 цилиндртэй Порше Каенне, Ренж Ровер HSE, Cadillac SRX, BMW X5 загваруудаас илүү хурдан 100 км/ц хурдыг авдаг, тэгсэн хэрнээ шатахуун зарцуулалт болон СО2 ялгаруулах хэмжээ хамгийн багатай гэдэг давуу талыг өөртөө шингээсэн нь яахын аргагүй ухаалаг хэрэглэгчдийн сонирхлыг татах болсон байна.

Хэрэглэгчид хойд цахилгаан моторыг ямар үед яаж ажилладаг талаарх мэдээлэл байхгүй байж магадгүй. Сануулахад уг цахилгаан мотор/генератор нь огцом хүчтэй хурд авах, огцом эргэлт хийх, урд дугуй хий эргэх гэх мэт тохиолдолд ажилладаг.

Хойд цахилгаан мотор нь тэжээлээ цахилгаан баттерэй болон урд тэнхлэгийн цахилгаан мотор/генератороос авдаг бөгөөд эргээд хурд авах/буурах тохиолдолд цахилгаан баттерэйг цэнэглэх үүрэгтэй.

Нэг юмыг сануулахад Харриер хайбрид/RX400h нь хэдийгээр бүх дугуйн хөтлөгч (AWD) системтэй гэж байдаг ч түүнийг оффроад замд зориулан бүтээгээгүй гэдгийг мартаж болохгүй.

Хайбрид баттерэйн хувьд 288 вольтын суудал дор байрлах ба цахилгаан моторыг автомашин асаах, хурд авах, ухрах гэх мэт үйлдэл хийхэд хангах үүрэгтэй.

Хурдны хайрцгийн хувьд электрон удирдлагатай ECVT хурдны хайрцгийг ашигладаг. Энэ нь түүнд зөөлөн хурдлах боломжийг өгдөг төдийгүй хэмнэлтийг дээшлүүлэхэд тусалдаг. Хурдны хайрцагтай Hybrid Synergy Drive-ийн цахилгаан мотор/генератор, урд цахилгаан мотор/генератор холбогддог бөгөөд шулуун замд хамгийн дээд зэргийн хэмнэлтийг хөдөлгүүрээс гаргахад нь дэмжлэг болдог байна.

Хэрвээ та энгийн Харриер эсвэл Харриер хайбрид алийг нь авахаа эргэлзэж байгаа бол хамгийн түрүүнд хаана хэрхэн ашиглах вэ гэдгээ тооцоолоорой. Дан хотод, бөглөрөөнд унадаг бол мэдээж хайбрид нь танд илүү их хэмнэлтийг санал болгох болно. Мөн анхааруулахад хэрвээ та хайбрид автомашинаа (бүх загварууд орно) удаан хугацаагаар зогсоох шаардлагатай бол (30-аас дээш хоног) сар болгон гаргаж 30-аас доошгүй минут унаж байгаарай. Хэрвээ баттерэй цэнэгээ дуусгавал таны машин асахгүй ба хэн нэгнээс туслалцаа эрэх шаардлагатай болно.

Хайбрид системийн эвдрэл гэмтэл Приустэй ижил тул одоо энэ тал дээр айх зүйлгүй. Засварын газрууд маш олон болсон шүү дээ. Одоогоор сүртэй, ноцтой эвдэрсэн талаарх мэдээлэл дуулдаагүй л байна. Тиймээс найдвартай байдалд нь итгэж болно. Уг хайбрид системийг 1997 оноос хойш хөгжүүлсэн шүү дээ.

Мөн дээр нь сануулахад хурдны хайрцгийн "B" (Brake) байрлал нь огцом налуу газар буухад хөдөлгүүрийн тормос хийх зориулалттай хийгдсэн араа бөгөөд уламжлалт араан "L" горимтой ерөнхийдөө ижилхэн юм. Гэхдээ хайбрид систем дээр хэрэглэгддэг тул энэ араан дээр тохируулсан үед баттерэйг хамгийн их хүчээр цэнэглэх (механик аргаар тормосоос цэнэглүүлж байгаа) чадвартай. Энгийн нөхцөлд хэрэглэх нь тохиромжгүй гэдгийг санах хэрэгтэй.