АТ МАШИНЫГ АРААГ ХЭЗЭЭ, ХААНА, ЯМАР ТОХИОЛДОЛД ХҮНДРҮҮЛЭХ ВЭ? №290

Автомат хурдны хайрцагтай машины арааг хэзээ хаана хүндрүүлж байхыг мэдэж байх нь магадгүй шинэхэн жолооч нарт сонин санагдаж болох юм. Ердийн шулуун зам дээр D-ээс бусад араанд хийх ямар ч шаардлагагүй.

Харин зарим нөхцөлд автомашины арааг хүндрүүлэх нь ач холбогдолтой юм. Иймээс шинэхэн жолооч нарынхаа мэдлэгт нэмэр болох үүднээс автомат хурдны хайрцагтай (АТ) автомашины арааг хэзээ хаана хэрхэн хүндрүүлэх талаар хүргэе.

Арааг яагаад хүндрүүлэх шаардлага гардаг вэ?

Автомат болон механик хурдны хайрцагтай ямар ч төрлийн автомашины арааг хүндрүүлэх нь ерөнхийдөө нэг үндсэн шалтгаан бий. Та шавар шалбаагтай зам эсвэл цасан хунгар дээгүүр явж байхад автомашины дугуй замтай харилцах байдал нь буурдаг. Энэ үед хөнгөн араан дээр явах нь дугуй хий эргэж улмаар шавар эсвэл цасанд сууж хөдлөх боломжгүй болгодог.

Хэдийгээр автомат хурдны хайрцаг нь компьютержсон удирдлагатай боловч энэхүү компьютер нь хөдөлгүүрийн эргэлтээс хамаарч арааг дараагийн араа руу шилжүүлэх замаар арааг сольдог. Компьютер нь жолооч тань шиг нүд чихгүй учраас ямар нөхцөл байдалд ямар зам дээр явж байгаа вэ гэдгийг танаас илүү тооцоолж, үйлдлийг гүйцэтгэж чадахгүй.

ХҮНД АРАА ЗАМТАЙ ИЛҮҮ САЙН БАРЬЦАЛДАНА

Ийм учраас арааг хүндрүүлэх хамгийн их шаардлагатай нөхцөл бол traction багатай нөхцөл буюу автомашины дугуй замтай бага харилцах үед юм. Хэрэв шавар шалбаагтай зам дээр, эсвэл цасан хунгар дээгүүр явж байгаа тохиолдолд  хөнгөн араатай явахад автомат хурдны хайрцагтай машин хий эргэсээр гарах боломжгүй СУУДАГ.

Ихэнх энгийн автомат машины хувьд L нь хамгийн хүнд буюу 1-р арааг 2-нь 2-р арааг илэрхийлж тухайн араан дээр ажиллах боломжийг олгодог. Хүнд араан дээр автомашин дугуйг зугуухан боловч хүчтэй эргүүлж өгдөг байна. Ингэснээр шавар, цасанд нам хэмээр жигд тухайн араандаа эргэж гарах боломжтой болдог. Улмаар хүнд араа нь ачаа чирэх, зарим нөхцөлд хөдөлгүүрийн тоормос хийж уруудахад тусалдаг.