HONDA RIDGELINE

1-р үе YK1 (2005 он-)

Ridgeline  нь Honda-ийн үйлдвэрлэсэн ачаатай спорт загварын тэрэг буюу SUT загвар юм. 2004 оны 1 сард нээгдсэн Хойд Америкийн олон улсын авто шоу буюу Детройдын автошоун дээр анхны консепт загвар нь танилцуулагдсан бол үүнээс яг жилийн дараа дахин энэ шоун дээр Ridgeline нэртэйгээр нийтийн хүртээл болж,

2005 оны 3 сараас худалдаанд гарсан байна. Загварын хувьд кабин болон ачааны хэсэг нь ямар ч залгаа гагнаас байхгүй бөгөөд платформ нь Acura MDX, Honda Odessey, Honda Pilot зэрэг машинуудтай адил “Light Trucks Global” платформыг хэрэглэсэн боловч 90 гаруй хувийг нь шинэчлэн Хондагийн  түүхэндээ үйлдвэрлэсэн хамгийн том овор хэмжээтэй, хамгийн урт тэнхлэг хоорондын зайтай  машин болж чадсан юм.

Ачааны хэсгийг бат бөх байлгах үүднээс өндөр хат суулгасан гангаар монокок хийцээр хийсэн байна. Хөдөлгүүр нь J35A , V хэлбэрийн  6 цилиндртэй, автомат 5 араатай, VTM-4 хэлбэрийн 4 дугуйгаар хөтлөгчтэй, MDX загвартай ижил боловч эдэлгээний хувьд илүү сайжруулсан. Дээр байрлалтай агаар дамжуулах нүх нь хөдөлгүүрийн бага эргэлт дэх эргэлтийн хүчийг нэмэгдүүлэхээс гадна  ус нэвтрэхээс хамгаалсан. Pick up загвартаа хамгийн анхны 4 дугуй нь үл хамаарах тэнхлэгтэй тэрэг болсон ба хойд тэнхлэг нь олон татуургатай. Залуур болон хурдны хайрцаг нь тусдаа хөргөгч системтэй.

Ачааны урт  нь 1,52м ба даац нь хамгийн ихдээ 500кг буюу хагас тонн бөгөөд кабинтайгаа нийлээд нийт даац нь 703кг ажээ.

Ачааны доод хэсэгт “In Bed Trunk” буюу жижиг чингэлэг байх ба энэ нь түлхүүрээр дээшээгээ нээгддэг, 240 литрийн багтаамжтай. Тус чингэлэг нь усны хамгаалалттай учир зэвэрч муудахгүй, хөргөгч болгон ашиглах ч боломжтой.

Запас дугуйгаа ачааны ард хэсэгт тавихаас гадна чингэлгийн мухар хэсэгт тавих боломжтой. Ачаа нь багтаамж сайтайгаас гадна 2 талд нь 3, 3 дэгээтэй. Мөн ачаа нь хоёр янзаар нээгддэг ба энгийн үед доошоо мөн хажуу талруугаа нээгддэг. Салон нь ажил амралтыг хослуулах боломжтой давхар үүрэг бүхий загвартай. Хянах самбараараа суудлын тохойвчуудыг хураах боломжтой.

Харин аюулгүй байдал талаас нь ABS, VSA, EBD (электрон тоормос), хажуугийн аюулгүйн дэр, шарвалт мэдрэх хажуугийн аюулгүйн хөшиг буюу TMPS гэх зэрэг системүүдтэйгээс гадна Америкийн авто замын газраас явуулсан ослын үеийн сорилтод Pick up загвар дундаа  хамгийн анхны 5 ширхэг од авсан машин болж чадсан юм.

Ridgeline-ий эмблем  нь Хондагийн бусад загвараас ялгарч “HONDA” хэмээн Ром үсгээр том бичсэн байдаг. “RT” “RTS” “RTL” гэсэн 3 хувилбартай. “RT” нь 17 инчийн хайлшин обудтай, энгийн агааржуулагчтай, харин “RTS” хувилбар нь 17 инчийн хайлшин обуд, дууны өсгөгч, дуу хоолойн удирдлагатай жолоодлого, цахилгаанаар ажилладаг урд суудал, 12 төрлийн автомат агааржуулагч, гадна агаарын хэм хэмжигч зэрэгтэй ба харин “RTL” хувилбар нь 18 инчийн обуд, арьсан бүрээс, автоматаар бүсэлхийн хэмжээг тохируулагч, суудлын халаалт, Homelink гэх зэргээр тоноглогдсон ба сонголтоор хиймэл дагуулын навигаци систем, DVD  тоглуулагч, люк, хиймэл дагуулын радио гэх мэтээр тоноглох боломжтой.

2007 онд дөрвөн төрлийн өнгөтэй загвараас гадна стандартаар зам дугуйн барьцалдаа сайжруулсан “RTX” загвар гарсан юм. Мөн “RTL”  хувилбар нь стандартаар люк болон радиотой болсон. Харин 2008 онд “RTS” “RTL”  хувилбарууд machined styling буюу шинэ загварын хайлшин обудтай болжээ.

2009 онд гадна загвар дизайнд нэлээн өөрчлөлт орсон бөгөөд урд нүүр, урд бамперын загвар шинэчлэгдсэн. Мөн хойд дохионы гэрэл улбар шараас улаан өнгөтэй болсон төдийгүй их бие нь ч өөр өөр өнгөтэй болсон.

Хөдөлгүүр нь J35Z5 загвар бөгөөд эргүүлэх хүч нь нэмэгдэж 3 морины хүчин чадлаар нэмэгдсэн. Статер нь илүү хүчтэй болсноор хөдөлгүүрийг илүү хурдан асаах боломжтой болжээ. Ингээд бүх загварууд  стандартаар дугуйны барьцалдаа сайжруулах системтэй ба “RTX” хувилбарын үйлдвэрлэл зогсжээ.

2012 оны загвар нь урд нүүр нь шинэчлэгдэж, орон зай нь илүү нэмэгдэж, шатахуун зарцуулалтад мөн анхаарал хандуулсан ба спорт  хувилбар нэмэгдэн гарсан. Өмнө нь үйлдвэрлэл нь Канадын Онтарио мужид явагддаг байсан бол 2009 оноос хойш АНУ-ын Албама мужийн үйлдвэрт явагдах болсон юм.