HONDA HR-V АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?
Хондагийн машинууд дотроос олны дунд нилээдгүй худалдаалагдсан загвар бол H-RV юм. Гэвч одоо үзэгдэх нь улам цөөрөөд байгаа билээ.
3 болон 5 хаалгатай бензин бага иддэг хөдөө гадаа ч явчихна гээд эхэндээ ам сайтай байсан бага оврын жийпэнцэрүүдийн нэг юм.
Дизайны хувьд бол нутагтаа шилдэг дизайн шагнал авч байсан юм билээ. Урдаас нь харахад нэг тийм мэлхийрхүү төрхтэй бөгөөд хажуугийн ховил урд гуперийн байдал зэрэг нь газар уснаа явагч анфибия гэдэгтэй төстэй харагддаг. Урд шил нь нилээн налуу, богинохон хамар, урд хойдох нь богино саад туулах өнцөг ихтэй. Араас нь харвал шил нь бөмбийж кузов хэсэгтээ орсон бөгөөд нэг л мулзан харагдана. Харин хойноо спойлертой бол зүгээр харагддаг юм.
Хойд гэрэл нь дээрээс доош хүртэл үргэлжилсэн нилээн урт бөгөөд хагарвал жаахан үнэтэй тусч мэдэхээр юм.
Дотор салоны ерөнхий байдал нь Хондагийн загварууд нэг иймэрхүү байдагдаа гэдгийг санагдуулам бөгөөд их энгийн оролдож гайхаад байх юм байхгүй. Паарны удирдлага нь гараараа эргүүлдэг, жижиг дэлгэцтэй дижитал гэсэн 2 төрөл байдаг ба гар удирдлага нь илүү амар.
Дижитал нь жижиг товчлууртайгаас гадна олон дамжиж байж сонгодог. Эхэн үедээ гадна толь тохируулагч нь урд хянах дээр рулийн баруун доод талд байсан бол сайжруулалтаар хаалганы удирдлагатай хамт байрлуулсан нь их аятайхан болсон юм.
Суудлын өндөр нам хэвийн бөгөөд арын суудлын өвдөгний зай боломжийн гэхдээ их уужуу биш. Урд талын дээр доор 2 хайрцаг юм хийхэд тохиромжтой боловч дотор нь хатуу хуванцар болохоор хатуу зүйлс хийвэл торжигноод байхаар юм. Жолоочийн тохойн түшлэг хувилбараасаа хамаараад байх эсэх нь бий.
Арын суудлын түшлэг хялбархан урагш бууснаар уртавтар зүйлс ачих боломжтой болж байв. Мөн урд суудлыг урагшлуулж түшлэгийг буулгаснаар ор болчихоно. Зарим хувилбарт руль дээрээс араа солигчийг байрлуулсан ба энэ нь спорт явалтад тохиромжтой юм. Урд хянах дэлгэцийн өнгө онцлог цайвар цэнхэр өнгөтэй нь зүгээр санагдлаа. Хөгжмийн доод хэсэгт нилээн том зай байх ба бас ундааны тавиуртай 12 вольтийн гаралт бий.
Хөдөлгүүр нь 2 янз. Энгийн, VTEC системтэй гээд. Мэдээж VTEC нь илүү хүчтэй боловч VTEC систем ажилтал хаазлах тохиолдол байхгүй дээ. Хөдөлгүүр нь 90 оны эхэн үеийн трамблёртэй технологитой, свечанууд нь ил бөгөөд авахад хялбар байдаг.
Хэт хүйтэнд бол асахдаа тийм ч сайн биш, тоосгон гаражид бол асчихна. Шатахуун зарцуулалт дээр голоод муулаад байх юм байхгүй үнэн бага иднэ.
Урд тэнхлэг нь 1 гартай хялбар бүтэцтэй. Урд хөтлөгчтэйн хойд тэнхлэг нь Di Dion гэх хамаарах хатуу холбоосон учраас их ачаанд алцайгаад байхааргүй байв. Харин 4WD хувилбар болон хойд хөтлөгч ороод ирэхээр тэнхлэг нь гартай болж их ачаанд алцайхаар юм.
Гэхдээ 4WD нь байнгын маажаад байхгүй хэрэгтэй үед шахуургаар автоматаар залгагддаг учраас бензинд хэмнэлттэй. Ганц дутагдал байгаа нь дунд глушителийг яг 2 тэнхлэгийн голд нилээн доор хийчихсэн. Манай монголд бол энэ нь тулаад мордчихоор.
Үүгээр тулсан үед урагш огцом ухас хийлгэвэл зөөлөн яндангаа ханз татмаар л юм. Бусдаар бол гайгүй. Уул нь бол хөдөө явахад зориулагдаагүй л дээ гэхдээ манайхан жаахан өндөр л бол хөдөө явдаг юм хойно. Автомат кроп нь CVT ба үнэтэй тос хэрэглэдэг тэгсэн мөртлөө ажиллагаа муутай амархан эвдэрдэг гэсэн муу нэр дагаастай. Энэ нь нөгөөх кропны тохируулгатай холбоотой бөгөөд түг гэсэн дуу ордог.
Тэр нь эвдэрсэн гэсэн үг биш ердөө л ажиллагааны горимын програмчилал нь алдагдсан байдаг. Ер нь энэ хондагийн CVT-нууд бүгд ийм бөгөөд заавал ч үгүй тусгай сервисээр үйлчлүүлэхээр тооцож хэдэн төгрөг авах гэсэн арчаагүй бодлого гэмээр ч юмуу.
Эхэндээ бол бензин бага иддэг энэ тэр гээд авах л байх л даа. Гэхдээ алсдаа бол хэн тэгж байн байн сервис орж ядаргаа болон мөнгөө үрэхийг хүсэхэв, цэрвээд л эхэлнэ шүү дээ. Үүнийг тэр зохиож байгаа нөхдүүд нь мэдээсэй билээ. Харин механик кроптой нь бол ямар ч асуудалгүй.
Хэрвээ та H-RV авах бол түүний кроп тохируулдаг аргыг нь мэдээд, дээр нь ямар үед тийм болдог вэ гэдгийг бас мэдэж байх шаардлагатай. Тэгэхгүй бол өглөө бүр машинаа асаахдаа шаналах болно. Бас нэг зүйл хэлэхэд H-RV нь бензиний тунгаагуур байхгүй байдаг.
Зөвхөн насос дээрх шүүрээрээ шүүдэг ба инжектор буюу форсунк цэвэрлэгч хийсэн үед банкны хог хаягдлыг сорж шууд инжекторын даралт тохируулагч дээр аваачиж бөглөө үүсгэдэг. Үүнээс болоод машин чинь асаад хааз авахгүй, хэсэг яваад унтраагаад асаахаар зүгээр бочихно. Энэ мэт байн байн асааж унтраалгана. Иймээс бензин банкнаас ирэх хоолой дээр өөрсдөө бензиний шүүр хийж тавих хэрэгтэй. Форсунк цэвэрлэгчийг хэмжээгээр нь тааруулж хийх хэрэгтэй, илүү хийж болохгүй.
Эх сурвалж: Автомашин сонирхогч Р.Энхболд