УГ НЬ БҮХ МАШИН БУРУУ РУЛЬТЭЙ БОЛОХ БАЙСАН
Иймээс ямар нэгэн гэнэтийн халдлага болоход өөрийн зэр зэвсгийг өөдөөс ирж буй талдаа ойр буюу баруун гар талдаа байлгах нь зөв гэж үзэж байв
Яагаад зарим улсад замын зүүн гар талыг барьж, автомашины жолооны хүрд нь баруун гар талдаа байрладаг буюу буруу рультэй байдаг вэ? үүний талаар судалж орууллаа.
Зам тээврийн хөгжил хэдэн мянган жилийн турш хөгжсөөр ирсэн. Торгоны зам зэрэг худалдааны замууд хөгжилд чухал ач холбогдолтой байсан. Тэгвэл зам тээврийн удирдлагын талаарх ойлголт дундад зууны үеэс үүдэлтэй байна.
Замынхаа зүүн гар талыг барьж явах ойлголт өөрийгөө хамгаалахтай холбоотой юм. Учир нь дэлхийн нийт хүн амын 85% нь баруун гараа ихэвчлэн ашигладаг. Иймээс ямар нэгэн гэнэтийн халдлага болоход өөрийн зэр зэвсгийг өөдөөс ирж буй талдаа ойр буюу баруун гар талдаа байлгах нь зөв гэж үзэж байв. Эндээс өөдөөс ирж буй талтай баруун гар талаараа зөрөх буюу замынхаа зүүн гар талыг барьж явах ойлголт хамгийн анх үүссэн. Энэ нь яван явсаар хөсөг тэрэг зүүн гар талыг баримталж явахын эхлэл болсон байна.
Ингээд бүхий л соёл иргэншилтэй нийгэм 1700 оныг хүртэл зүүн гар талаа баримталж явдаг болов. Харин Францын хувьсгалын дараа тэд бүхий л дүрэм журмыг өөрчилж эхэлсэн байна. Үүнд замын хөдөлгөөний дүрэм ч багтсан бөгөөд замынхаа баруун гар талыг баримтлах дүрэм рүү шилжжээ. Наполеон энэхүү хандлагыг хадгалж үлдээн цааш нь бусад улс орон, эзэлсэн улсууддаа хэвшүүлж эхэлсэн байна. Хүн ам өсөхийн хэрээр замын хөдөлгөөний эрчим ихсэж, Европын ихэнх газар нутагт хөдөлгөөнийг хялбар явуулахын тулд баруун гарын дүрэм улам бүр хэвшил болов.
Их Британи, Франц, Голланд Португали зэрэг улсууд өөрийн колоничилж байсан оронд өөрсдийн дүрэм журмыг тогтоож эхэлснээр баруун гарын дүрэм Америк, Ази тивд түгсэн байна.
Энэхүү тээврийн дүрэм мөн тухайн үедээ нийтэд түгээд байсан дөрвөн моринд хөтөлсөн тэрэгний хөдөлгөөнтэй хоршиж эхэлсэн байна. Тэргэнд жолоочийн суудал байхгүй учир, тэргийг хөтөлж яваа хүн баруун гараараа морьдоо шавхуурдахад амар учраас морины зүүн арын хэсэгт суудаг байв. Үүнээс улбаалж өөдөөс ирж буй тэрэгтэй мөргөлдөхөөс сэргийлж баруун гар талаа баримталж явдаг болжээ.
Яван явсаар моторт автомашины үйлдвэрлэлд мөн нэвтэрч автомашины жолооны хүрдийг зүүн гар талд нь суурилуулж, тээврийн хэрэгслийг баруун гар талын дүрмийг баримталж жолоодох болсон байна.
Гэвч дэлхийн нийт улсуудын 35% нь хамгийн анх үүссэн зүүн гар талаа барьж явах дүрмийг авч үлдсэн байна. Эдгээр улс нь дийлэнх нь Их Британийн колоничлолын үед нэвтэрсэн дүрэм юм. Харин Япон улсын хувьд Британичууд тэднийг эзэлж байгаагүй боловч Японы хамгийн анхны зам тээврийн системийг хөгжүүлэхэд Британийн инженерүүд хөгжүүлж өгсөн нь нөлөөлжээ. Тэд Японы үндэсний төмөр замын системийг зүүн гар талын дүрмээр хийж өгсөн нь явсаар авто замыг сүлжээнд нөлөөлсөн байна.
Ингээд л та бидний байнгын жолооддог Япон автомашин буруу рультэй болжээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn