BRT СИСТЕМ УЛААНБААТАР ХОТОД

#NEWS

Анхны BRT-ыг 1974 онд Бразил улсын Куритиба хотод нэвтрүүлсэн байдаг бол сүүлийн үед энэхүү зорчигч тээврийн системийг хүн амын нягтаршил өндөртэй хотуудад ихээр нэвтрүүлэх болсон. Монгол хэлэнд Тусгай Замын Автобус гэж орчуулж, ашиглаж байгаа хэдий ч энэ нь зөвхөн автобусны талаар бус Нийтийн тээврийн тээврийн автобус чөлөөтэй зорчих коридор, түүнд үйлчлэх хөдлөх бүрэлдэхүүн, зорчигч хурдан автобусандаа суух боломж бүхий зогсоолын байгууламж зэрэг бүхэл бүтэн зорчигч тээврийн системийн тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл BRT нь Метро (MRT, LRT)-той адилхан багтаамж ихтэй зорчигч тээврийн төрөл юм.

Аливаа хотууд BRT системийг нэвтрүүлэхдээ шинээр зам барьж хийхээс илүүтэйгээр байгаа замынхаа 2 эгнээг зөвхөн нийтийн тээврийн автобус чөлөөтэй явах нөхцөлийг бүрдүүлэх замаар зохион байгуулдаг. Үүнийг дагаад уулзваруудын хөдөлгөөний зохион байгуулалт, явган хүний зам хөндлөн гарах гарцын асуудлуудыг цогцоор нь авч үздэг.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-д багтаамж ихтэй тээврийн төрлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн байдаг бөгөөд эхний ээлжид хотын босоо болон хөндлөн тэнхлэгийн дагуу BRT-ыг нэвтрүүлэхээр тусгасан.

Энэхүү ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотод BRT-ыг нэвтрүүлэх холбогдох судалгааны ажлууд хийгдэж дууссан бөгөөд 2017-2018 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Улаанбаатар хотод байгуулах BRT-ны төсөөллийг дараах зургуудаас харна уу.