ХАР АЗАРГАНЫ ЖҮЧЭЭ
Ferrari-тай болох байтугай жолооны үнэмлэх ч алга уу? Хямрах хэрэггүй ээ, хоёр зуу хүртэл хөөргөөд өгье! Нийтлэлч Михаил Гзовский, зургийг PortAventura World
Нэг, хоёр, гурав, дөрөв... Хэвтээ эгнээний сүүлийн улаан гэрэл асч дууссаны дараа гэрлэн дохионы таван гэрэл бүгд ногоорно. Go! Харвасан сум мэт шунгинасан хурд байдгаар нь сүнс зайлуулж, хөдөлгүүрийн 15 000 эргэлт нь хэнгэрэг хагартал хүнгэнэн, бензин түлшний хурц үнэр хамар ам сэтэлнэ. За за тоглосон юм, ингэж аюултай хурдалж байхад миний оюун ухаан тэр бензин түлшийг ургуулаад бодчихсон юм аа.
Гэхдээ хамаг биеийг чинь хоёр тийш сэгсчиж, даралт асар эрчтэй унаж ихсэж байхад ургуулж бодох ч тэнхээ олдохгүй. Тийм ээ, Ferrari-ийн үлгэрийн ертөнцөд тавтай морил!
Намайг юу мэдэрснийг багахан ч гэсэн ойлгомоор байвал Youtube-ээр Ferrari World гээд хайгаад үзээрэй. Гэхдээ боломж нь байвал амьд яваа энэ насандаа Абу-Дабид байрлах он цаг үеийн шилдгийн шилдэг жүчээг нүдээрээ бус биеэрээ мэдрэхэд хаа очиж харамсахгүй ээ.
Паркын сор болсон билэг тэмдэг нь 4,9 секундийн дотор 240 км/ц хүрдэг дэлхийн хамгийн хурдан галзуу хулгана юм. Ferrari World бол автомашины домогт брэндийг сэдэвчилсэн парктай хослуулсан гайхалтай нэгэн жишээ. Үүний баталгаа нь дөрвөн сард Барселонд нээлтээ хийсэн салбар нь аж.
- Би тэр аймшигт галзуу хулганы оргил дээр гарч үзсэн! Тэр Ferrari-ийн логог харж байна уу? Тэрийг тээр аюултай өндрөөс харах эвгүй байна лээ шүү.
Өөр хүн ингэж хэлсэн бол би нэг их тоохгүй ээ. Гэтэл Формула-1-ийн дэлхийн аварга, Ferrari-ийн туршилтын нисэгч Марк Женегийн гэгээн дүр чамд хандаж хэлэхэд толгой дохихоос өөр яалтай билээ. Нэмээд Марк тэрхүү Эгц Хурдлагчийг хараад: “Юу гээч? Энэ галзуу хулганад суухыг зориглосон хүн яг л Формула-1-ээр нисч буй ачаалал, сэтгэл хөөрлийг зэрэг авна аа” гэлээ.
Нээрээ л Европтоо хамгийн өндөртөө орох 112 метр энэ “төмөр хайрханыг” хараад зүрх цохилт улам хурдсаж, гар хөл байдгаараа хөлөрнө. Эндхийн галзуу хулгана нь хамгийн ихдээ 180 км/ц хурдлах ч хэвтээ байрлалаас эгц дээшлэхдээ хэд хэдэн удаа бүтэн эргэнэ... Оргил өөд мацаж байхад гэнэт хүчтэй салхибал яана? 112 метрийн өндрөөс нуруугаараа уруудна гээд төсөөлдөө... За за энэ чөтгөрийн бодлыг авч хая!
Харин бага насны хүүхдүүд эцэг эхийнхээ хамт Ferrari F1-ийн загвараар хийсэн цахилгаан автомашинаар уралдаж болно. 20 км/ц гэдэг тийм ч айхавтар хурд биш ч болж буй үйл явц, жолоодлого, жолооны хүрдний хариу үйлдлээс авах мэдрэмжийг үгээр илэрхийлэшгүй. Хантлаа жолоодсон бол пит-стоп дээр шатахуун цэнэглэх, дугуй солих хурдаа сорьж болно.
Цогцолборын бүх барилга байгууламжийг Ferrari-ийн өнгө үзэмж, италийн алдарт автоспортын хэв маягийг шингээж сүндэрлүүлсэн. Энд Моден дэх Ferrari-ийн анхны гарааш, харин энд Маранелло дахь орчин үеийн үйлдвэр нь... Хар л даа, бүр Фьорано-Моденезе дэх Энцо Ферраригийн гэр нь хүртэл байна шүү дээ! Хэрвээ би бяцхан жаал байсан бол энэ бүхэнд бүр ч их догдлох байсан болов уу.
Хар азарганы жүчээгээр хүрэлцэн ирэгсдийн тоо хэрээс хэтэрч, захиалгаа хагас жилийн өмнөөс өгөх хэрэг гардаг. Гэхдээ зүгээрээ, тэсэж байгаад ийм их аз жаргалыг үр хүүхдүүддээ өгч, өөрөө ч хажуугаар нь хөгжилдөх тэрхүү мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй.Эцсийн эцэст энэ чинь Ferrari шүү дээ!
Эндхийн галзуу хулгана нь хамгийн ихдээ 180 км/ц хурдлах ч хэвтээ байрлалаас эгц дээшлэхдээ хэд хэдэн удаа бүтэн эргэнэ...
Эх сурвалж: Албан ёсны зөвшөөрөлтэйгээр ЗаРулем Монголиа сэтгүүлээс бэлтгэв.