OUTLANDER-Т ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ

Эхэн үеийн Аутландер загварыг Хойд Америкт 2003 онд танилцуулсан байдаг. Харин 2005 онд түүний 2 дахь үеийг Мицубиши компани гаргасан бөгөөд Японы зах зээлд ашиглаж байсан Airtrek нэрийг цаашид ашиглахаа больж дэлхий даяар Аутландер нэрээр гаргах болжээ. Шинэ загварт шинээр DOHC 2.4 литрийн 16 хавхлагатай MIVEC хөдөлгүүр, INVECS-III CVT хурдны хайрцаг, Мицубиши компанийн AWC электрон зохицуулалттай 4 дугуй хөтлөгч систем, тэнцвэржүүлэлтийн систем зэрэг зүйлсийг GS платформын хамтаар ашигласан ажээ.

Японы дотоодын зах зээлд Аутландер загварын борлуулалт 2005 оны 10 сараас 2006 оны 3 сар хүртэл маш сайн байж бэст сэллэр SUV өргөмжлөлийг хүртэж байсан бөгөөд энэ байдал нь Хойд Америкт ч хүртэл үргэлжилсэн байдаг.

2007 онд хэсэгчилсэн шинэчлэлтийг хийж бусад кроссоверүүдтай зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсэн байдаг байна.

Ерөнхий дизайн хайрцагласан хийцтэй.

Хоёрдугаар үеийн Аутландер загварын онцлох зүйлсэд хойд хаалга орж байгаа бөгөөд дээш доош 2 тийш сөхөгдөж онгойдог нь ихэнх хүмүүст таалагддаг юм. Ерөнхийдөө Японы зах зээлд 2.4 литрийн DOHC MIVEC I4 цилиндртэй хөдөлгүүрийг стандартаар санал болгодог бол Хойд Америкийн хэрэглэгчдэд 3.0 литрийн SOHC MIVEC V6 хөдөлгүүрийг стандартаар санал болгодог байна.

Дизайны хувьд 2-р үеийн Аутландер нь олон хэрэглэгчдийг өөртөө татах болсон бөгөөд урд хамар нь маш өвөрмөц болсон. Нийтлэг трапец хэлбэртэй жижигхэн урд грилл, том агаар орох нүхийн туслалцаатай урд бамперийн хэсэг маш тодорч өгсөн.

Улмаар их гэрэл нь түүний урд хэсгийг илүү гөлгөр болгон харагдуулж байна. Хойд хэсэгт LED их гэрэл хийж өгснөөр спортлог болгож өгсөн байна. Салоны суудлууд тийм ч өндөр биш тул бууж суухад эвтэйхэн, газраас тэнхлэг хүртэлх зай 21 см тул айхтар оффроад замаар биш л бол тулчихгүй туугаад байх чадвартай болжээ.

Хэрвээ та Аутландерийг Хойд Америкаас авчрах гэж байгаа бол дотор нь хэд хэдэн хувилбараар хувааж авч үздэг ба LS-хувилбараас эхэлдэг байна. Уг хувилбарт төмөр обуд, эйр-кондишн, автомат цонх, түгжигч, толь, түлхүүргүй нэвтрэх систем, хойд суудлыг 60/40-ээр хуваах боломжтой, урд суудлын хажуугийн дэр, урд болон хойд хэсгийн аюулгүйн дэр, тэнцвэржүүлэлтийн систем, круйз контрол зэрэг зүйлс ирдэг байна. Харин сонголтоор нэмж 16 инчийн хайлшин обуд, хэвтээ ачаа, арьсан оруулгатай руль болон Bluetooth холболт зэргийг авах боломжтой юм байна.

Руль дээрээс араа шилжүүлэх боломжтой, урд самбарын энгийн хийцтэй урд хайрцаг дээш доош сөхөгдөж онгойдог.
Руль дээрээс араа шилжүүлэх боломжтой, урд самбарын энгийн хийцтэй урд хайрцаг дээш доош сөхөгдөж онгойдог.
3-р эгнээний суудал шалтай нэг төвшинд хураагддаг, хийц сайтай суудалтай
3-р эгнээний суудал шалтай нэг төвшинд хураагддаг, хийц сайтай суудалтай

Дээрхээс нэг төвшин дээгүүр XLS хувилбар бий бөгөөд түүнд стандартаар LS-д ирдэг зүйлсээс гадна 18 инчийн хайлшин обуд, манангийн гэрэл, автомат агааржуулалтын систем, арьсан суудал, түлхүүргүй асаалтын систем зэрэг зүйлс ирдэг аж.

  • 2008 онд Мицубиши компани дотоодын зах зээлд гаргадаг байсан 2.4 литрийн 4 цилиндртэй 168 м.х болон 226 Нм эргүүлэх хүчтэй хөдөлгүүрийг бусад улсын зах зээлд ES хувилбарт зориулан гаргаж эхэлсэн бөгөөд улмаар түүнийг CVT хурдны хайрцагтай хослуулсан байна. ES хувилбарт урд дугуйн болон бүх дугуйн хөтлөгч системийг санал болгож байсан бол V6 хөдөлгүүртэй LS, XLS хувилбаруудад зөвхөн бүх дугуйн хөтлөгчийг санал болгож байжээ.

ES хувилбар нь өмнөх жилийн LS загвартай ижилхэн стандарт хэрэгслүүдтэй байсан бөгөөд үүн дээр бага зэрэг сайжруулалт хийгдэж 2-р суудлыг гүйдэг замтай болгосон, мөн түлхүүргүй асаалтын систем суулгасан зэрэг өөрчлөлтийг хийжээ. Харин 2008 онд XLS хувилбарт төдийлөн онцгой өөрчлөлтийг хийж өгөөгүй байна. Улмаар 2009 онд XLS хувилбарт ухрах камерыг сонголтоор суурилуулах боломжтой болсон бол бүх хувилбаруудад халдаг урд суудлыг стандартаар тавих болжээ.

  • 2010 оны өөрчлөлтөөр Аутландерийн урд нүүрэн хэсэг нь өндөр хүчин чадал бүхий Lancer Evolution-той төсөөтэй болж ирсэн бөгөөд улмаар V6 хөдөлгүүрийн чадал 10 м.х болон 15 Нм эргүүлэх хүчээр нэмэгдэж нийт 230 м.х болон 291 Нм эргүүлэх хүчтэй болжээ. Улмаар бүх дугуйн хөтлөгч системийг сайжруулж Мицубишигийн Super All-Wheel Control (S-AWC)-г суурилуулж өгсөн байдаг байна. 2011 онд зөвхөн Bluetooth-ийг л стандартаар суурилуулах болсноос өөр шинэчлэлтийг хийгээгүй байна.
  • Харин 2012 онд шинэ сонголтыг нэмж өгснөөр ES 4WD хувилбарт люк, арьсан бүрээс, автомат жолоочийн суудал, 18 инчийн обуд, манангийн гэрэл, автомат бууралттай салоны толь зэргийг санал болгох болжээ. Харин LS-д 19 инчийн обудыг люкийн хамтаар санал болгох болсон бол XLS-д навигэйшн багцыг санал болгосон байна.
Хяналтын удирдлага гарт эвтэйхэн, энгийн хийцтэй
Хяналтын удирдлага гарт эвтэйхэн, энгийн хийцтэй
Гараар шилжүүлэх боломжтой 6 шатлалт INVECS III CVT хурдны хайрцаг болон  хос авцуулах холбоо бүхий 6 шатлалт АТ хурдны хайрцгийн сонголт бий.
Гараар шилжүүлэх боломжтой 6 шатлалт INVECS III CVT хурдны хайрцаг болон хос авцуулах холбоо бүхий 6 шатлалт АТ хурдны хайрцгийн сонголт бий.

Урд дугуйн хөтлөгчтэй 2007 оны Аутландер загварын шатахуун зарцуулалтыг албан ёсоор хотын нөхцөлд 12.0л/100км, шулуунд 8.1л/100км хэмээн зааж өгсөн бол бүх дугуйн хөтлөгчийн хувьд 12.2 болон 8.5л/100км (хот/шулуунд) зарцуулалттай байх гэнэ.
Үүний дараагаар 2010 болон 2011 онд дахин хэмнэлтийг сайжруулсан бөгөөд энэ удаад 4 цилиндртэй бүх дугуйн хөтлөгчтэй загвар 9.1/7.0л/100 км болсон бол V6 хөдөлгүүртэй AWD хувилбар нь 11.0/7.9л/100 км болтлоо буурчээ.

Гадаадад байгаа хэрэглэгчдийн судалгааг авч үзвэл нийт хэрэглэгчдийн ихэнх хувьд нь эерэг сэтгэгдэлтэй байгаа бөгөөд сайн бүтээгдэхүүний тоонд түүнийг оруулсан байдаг байна. Хэдийгээр өрсөлдөгч нараасаа маркетингийн сул бодлогын хүрээнд борлуулалт муу байдаг хэдий ч загвар чанарын хувьд гологдоод байхгүй болсон гэдэгтэй хүн болгон санал нийлдэг юм.

Салоны зай тун боломжийн бөгөөд 2-р эгнээний суудлыг урагш хойш гүйлгэх боломжтой болсон нь өндөр хэрэглэгч нарт хөл толгойн зайг нэмэгдүүлж тав тухтай зорчих таатай нөхцөлийг нь бүрдүүлжээ. CVT хурдны хайрцгийг зөвхөн 2WD, 4WD болон 2.4 литрийн хөдөлгүүртэй хувилбарт санал болгодог бөгөөд харин бүх 6 цилиндртэй хөдөлгүүрт энгийн 6 шатлалт автомат хурдны хайрцгийг санал болгодог байна. Тиймээс хэрвээ та худалдан авахаар сонирхож байгаа бол, хэрвээ та CVT-ээс халширдаг бол V6 хөдөлгүүртэй хувилбаруудыг нь сонирхож үзээрэй.

Гадаад сайтуудаас засварын түүхийг нь хайж үзвэл 6 шатлалт автомат хурдны хайрцгийн ажиллагаа сайн, бат бөх, гэхдээ 1-ээс 2-р араанд шилжихдээ бага зэрэг эвгүй ордог мөн гадна дуу их сонсогддог, агааржуулалтын системийн мотор эвдэрдэг гэсэн байх юм. Харин давуу талуудыг дурдвал муугаасаа илүү зүйл ихтэй юм гээч. Өрсөлдөгчид болох РАВ4, X-Trail, Forester, Grand Vitara зэргээс илүү жолоодлого сайтай, мөн тав тухтай, хэрэглэхэд эвтэйхэн гэх мэтчилэн бичсэн байна.

Нөөц дугуйгаа доороо зүүдэг тул хойд бартаа туулах өнцөг багассан дутагдалтай талтай, мөн хойд суудал бага зэрэг хатуу зэрэг нь хол замд ядраах магадлал өндөртэй, мөн салоны пластик материал нь бага зэрэг хатуу тул зурагдахдаа амархан, гэхдээ цэвэрлэхэд ч мөн адил амархан болсон байх юм.

2WD, 4WD, LOCK горимын сонголт
2WD, 4WD, LOCK горимын сонголт
2010 онд S-AWC системийг суулгаж өгсөн
2010 онд S-AWC системийг суулгаж өгсөн

Харин Японы дотоод зах зээлд гаргадаг Аутландер нь дотроо Outlander G, M, M-Style Edition, G Premium гэх мэтээр хуваасан байдаг. Дотроо ялгагдах зүйлс нь ES, LS, XLS хувилбаруудтай ижилхэн шахуу бөгөөд хулгайн эсрэг хамгаалалтын систем, 18 инчийн обуд, навигэйшн, DVD, ухрах камер, түлхүүргүй асаалтын систем, салоны өнгө, суудлын бүрээс гэх мэт зүйлсээрээ ялгарна.

Мицубиши Аутландер загварт ашигласан AWC буюу All Wheel Control систем нь тэдний урдаа барьдаг голлох системүүдийн нэг юм. Хэдийгээр анхлан өндөр хүчин чадал бүхий Лансер Эволюшн загварт зориулан хөгжүүлсэн хэдий ч цаг хугацааны явцад Мицубишигийн бусад автомашинуудад ашиглаж бүтээмжийг дээшлүүлэх болсон юм.

6B31 3.0 литрийн MIVEC V6 хөдөлгүүрээс 220 м.х@6250 эрг/мин, 276 Нм@4000 эрг/минутад гардаг
6B31 3.0 литрийн MIVEC V6 хөдөлгүүрээс 220 м.х@6250 эрг/мин, 276 Нм@4000 эрг/минутад гардаг

Мицубишигийн AWC системийг 2 дахь үеийн Аутландер загварт 2005 оноос эхлэн Active Skid and Traction Control (ASTC) системийн хамтаар хослуулан хэрэглэх болсон юм.

Аутландер загварын урдаа хөтлөгчтэй хувилбарт ASTC системийг мөн адил санал болгодог бөгөөд уг систем нь бидний сайн мэдэх ESC (Electronic stability Control) системийн Мицубиши компанийн нэршил нь билээ. Өмнөх үеийн Аутландер viscous couplin төвийн дифференциалаар хүчийг урд хойд тэнхлэгт 50:50 хуваарилдаг байсан бол шинэ AWC системийг хэрэглэснээр 3 ангиллын горимоор жолоодлогын нөхцөлдөө зориулан автомашинаа унах боломжтой болсон байна.

Урд самбарын "2WD", "4WD", "LOCK" горимоос AWC системийн ачаар сонголтоо хийх боломжтой болсон бөгөөд 2WD нь хамгийн хэмнэлттэй явах горим ажээ. Харин 4WD горимыг сонговол хойно байрлуулсан электрон удирдлагатай авцуулах холбоог систем ашиглаж хойд тэнхлэгт илүү их хүчийг дамжуулах чадвартай болдог байна. Хэрвээ 4WD горимыг сонгосон бол хөдөлгүүрээс гарах хүчний зарим хэсгийг үргэлж хойд дугуйнд дамжуулах бөгөөд хурд авах тусам энэ харьцааг автоматаар систем зохицуулах ажээ.

Хурдатгал авах үед бүх хүчний 40 хүртэлх хувийг хойд дугуйнд дамжуулж байсан бол 65 км/ц-аас дээш хурдлахад 25% хүртэл хүчийг бууруулах ажээ. Харин тогтмол хурдтай явж байхад 50% хүртэл хүчийг хойд дугуйнд шилжүүлдэг байна. "4WD LOCK" горимын хувьд "4WD Auto"-тай ижилхэн ажиллагаатай юм, гэхдээ хойд тэнхлэгт дамжуулах хүчийг арай давуу олгодог буюу ямар ч үед 50% хүчийг дамжуулах ажээ.

Дээр дурдсан ASTC систем бол бүх загваруудад ирж байгаа бөгөөд энэ нь хэд хэдэн мэдрэгч, рулын өнцөг, дугуйн хурд зэргийг ECU-д боловсруулж автомашин зам дээр жолоодлого алдагдлаа гэж мэдэрвэл хөдөлгүүрийн эргэлт болоод тормозыг удирдах үүрэгтэй систем билээ.

4B12 2.4 литрийн MIVEC I-4 хөдөлгүүрээс 170 м.х@6000 эрг/мин, 232 Нм@4100 эрг/минутад гардаг.
4B12 2.4 литрийн MIVEC I-4 хөдөлгүүрээс 170 м.х@6000 эрг/мин, 232 Нм@4100 эрг/минутад гардаг.

GDI хөдөлгүүртэй Пажерог муу гэсээр байгаад тэр нь аажмаар даамжирч Мицубишигийн автомашинууд бүгд муу гэсэн ухагдахууныг ихэнх хүмүүсийн тархинд суулгаад өгчээ. Анхны бүтээл болгон амжилттай байдаггүй тул Мицубиши ч энэ дутагдлаа ухааран ирээдүйн загварууддаа анхаарах болсон юм.

Аутландер автомашинд ашигласан 2.4 литрийн 4B1 цувралын хөдөлгүүрийг Мицубиши компани Даймлер Крайлсер болон Хьюндай компаниудтай хамтран бүтээсэн шинэ хөдөлгүүрийн цуврал бөгөөд уг хөдөлгүүрийг Chrysler 200, Dodge Avenger, Jeep Patriot, Jeep Compass, Dodge Caliber, Hyundai Sonata (2006 оноос хойш), Хьюндай Tucson, Santa FE, Kia Optima, Cadenza, Sportage, Sorento гэх мэтийн бидний сайн мэдэх загваруудад ашигладаг тул мэдэхгүй, чадахгүй зовлон бага юм. Тиймээс Мицубишид дахин эргэлзээд хэрэггүй болжээ.