2011 ОНЫ LAND ROVER RANGE ROVER SUPERCHARGED
Магадгүй 2011 оны Ланд Ровер Ренж Ровер автомашинтай адилхан хотын бөгөөд хүчирхэг мөн зай багтаамж ихтэй өөр автомашин байхгүй байх. Түүх эргэн сөхвөл анх Ренж Ровер автомашиныг уул хаданд явахад зориулан бүтээсэн бөгөөд өдгөө үйлдвэрлэгдээд 40 жилийг ардаа орхисон байна.
Гэвч одоо тэрээр Английн нэр төртэй, амьдрал нь тогтсон хүмүүсийн хэрэглээ, түүнийг нь илэрхийлэх илэрхийлэл болоод байгаа юм.
2011 оны өөрчлөлт:
2011 оны Лaнд Ровер Ренж Ровер автомашинд зарим нэгэн шинэ зүйлсийг тусгасан бөгөөд үүнд автомат удирдлагатай арын суудал, 19 спикертэй Harmon Kardon дууны систем, өгсүүр ба уруу буухад туслах HAC (Hill Assistant Control) систем сайжирсан байна.
Танилцуулга:
Өнгөрсөн жил Ренж Роверийн гадна тал болон салоныг дахин шинэчлэн сайжруулсан төдийгүй шууд цацалт бүхий 5.0 литрийн V8 хөдөлгүүрийг нэмсэн юм. Улмаар 2011 оны Ренж Роверт "Terrain Response System" болон салоныг нэмж сайжруулсан ба үүнд толгой барьсан толгойн түшлэг бүхий автомат тохиргоотой хойд суудал багтаж байгаа бөгөөд нэг ёсондоо нисэх онгоцны суудалтай төсөөтэй болж байгаа юм.
Энэхүү шинэчлэлтийг сонголтоор нэмж суулгаж болох ажээ. Мөн өмнөх үеийн ашиглагдаж байсан 4.4 литр болон 4.2 литрийн V8 хөдөлгүүрийг халж хамгийн сүүлийн үеийн хөдөлгүүрийг ашиглаж байгаа ба энгийн үндсэн загварын хөдөлгүүр нь 375 (HSE-ийн V8 хөдөлгүүр 2009 оны загварын 4.2 литрийн V8 хөдөлгүүрээс 25% илүү хүчтэй) морины хүчтэй харин Supercharged хувилбарын хөдөлгүүр нь 510 морины хүчийг (Supercharged хувилбарын 5.0 литрийн V8 хөдөлгүүр нь 2009 оны хөдөлгүүрээс 31% илүү) гаргаж чадах юм. Шатахуун хэмнэлтийн хувьд шинэ хөдөлгүүр нь тун тааруухан үр дүнтэй юм. Гэвч гаргаж байгаа хүчин чадлыг нь тооцон үзвэл ингэхээс ч өөр яахав дээ гэж бодогдмоор...
Люкс ангилалд багтах автомашины хувьд Австралийн эзгүй тал эсвэл Сахарын цөлд харин ч удам судраа бодолцон туулах чадвараар гологдоод байхгүй. Гэхдээ зөвхөн Лексас LX 570 болон 2011 оны Ренж Роверийн халз офф-роад тулалдаанд орвол мэдээж тэрээр хожигдох нь гарцаагүй.
Түүний замгүй газраар явах нь яг л бусад өөртэй нь адилхан гялгар загварууд болох БМВ Х5, Мерседес-Бенз GL550, Порше Cayenne-тай ижилхэн үзүүлэлттэй юм. Гэвч энэ бол Ренж Ровер авах чинээлэг худалдан авагчдын сэтгэлийг хоёрдуулж чадахааргүй асуудал билээ. Ренж роверийн шинэчлэгдсэн үе анх 2002 онд танилцуулагдаж байсан бөгөөд түүнээс хойш явсаар 2010 онд одоогийн хэрэглэж байгаа 5.0 литрийн V8 хөдөлгүүрийг ашиглаж эхэлсэн юм.
Түүний капот дотор байрлах энэхүү хөдөлгүүр нь Ланд Ровер болон Ягуар брэндийн бүтээгдэхүүн бөгөөд Ягуар ХКR автомашинд мөн адил энэ хөдөлгүүрийн өөр хувилбарыг ашигладаг юм. Ренж Ровер загварууд үргэлж дөрвөлжин хэлбэрээ хадгалж авч үлддэг ба ингэснээр энгийн, үнэтэй, хүчирхэг харагдах нэгээхэн үндэслэл нь болдог юм.
Ренж Роверийн бусад давуу талуудыг бодоод үзвэл худалдан авахад харамсах зүйлгүй мэт. Тэд үргэлж өмнөх алдаагаа засаж залруулан худалдан авагчдад шинэ бүтээгдэхүүнээ хүргэдэг хэдий ч тэдний өнгөрсөн үеийн Ренж Роверууд найдвартай ажиллагаа, бат бөх байдлаараа хамгийн муу үзүүлэлттэй автомашинуудын нэг байсныг бодолцох хэрэгтэй. Мэдээж энэ бүгдийг бодолцож худалдан авалтаа өөрчилнө гэвэл багаар бодоход толгой өвдөхөөс эхлүүлээд олон шинж тэмдэг танд илрэх байх. Гэхдээ та тайвшир 2011 оны Ренж Ровер эрч хүч, удамшил, нэр төр байна. Тиймээс салбартаа тэргүүлэх байр суурийн төлөө өөрийнхөө хийж чадах бүхий л зүйлсийг хийж байна.
Их биеийн загвар, хувилбарууд, нэмэлт сонголтууд:
2011 оны Ланд Ровер Ренж Ровер бол 5 зорчигчдод зориулсан люкс SUV билээ. Түүнд 2 хувилбар байх бөгөөд HSE ба Supercharged хувилбарууд юм. HSE хувилбар нь 19 инчийн обуд, тохируулах боломжтой хийн уутат амортизатор (air suspension), электрон түгжигчтэй хойд тэнхлэг, манангийн гэрэл, урд болон хойд зогсоолын мэдрэгч, ухрах камер, халдаг салхины шил болон арын цонхнуудтай мөн халдаг толь, угаагчтай автомат тохируулгатай кисенон их гэрэл, люк, 3 тусдаа ажиллах автомат агаарын тохируулга, автомат байрлалын тохируулгатай урд суудлууд, автомат рулийн тохируулга, түлхүүргүй асаалтын систем, халдаг руль, салоны модон оруулгатай бөгөөд цаашлаад стандартаар засмал болон замгүй газрын навигэйшн систем, Bluetooth болон 14 спикертэй Harmon Kardon USB/Аудио оролттой дууны систем зэрэг тоноглолтой.
HSE хувилбарт люкс багцыг суурилуулах бол 20 инчийн обуд, халаах болон сэрүүцүүлдэг урд суудлууд, халдаг хойд сайжруулсан арьстай суудлуудыг сайжруулан суурилуулж өгөх юм.
Харин суперчарж V8 хөдөлгүүртэй Supercharged хувилбарт энэ бүгд байх ба түгждэг хойд дифференциалыг нэмэлт сонголтоор хийлгэж болох ба мөн нэмж тохируулгатай амортизатор ба өндөр чадвартай Brembo тормозний системийг тавьж болно.
Ренж Ровер Supercharged хувилбараа Autobiography багцаар сайжруулж болох бөгөөд үүнд тааруулж болдог круйз контрол, эргэлт дагадаг их гэрэл, high-beam assist буюу холын гэрэлд хүч нэмэгдүүлэгч (эсрэг талыг нүд гялбахаас сэргийлнэ), хажуугийн мэдрэгч (таныг бусад автомашин гүйцэд түрүүлэх үед мэдээлнэ), 360 градус зогсоолын туслах камер, түгждэг хойд дифференциал, халдаг салхины шил, салоны бүтэн савхин доторлогоо, (урд самбар, хаалганы хавтас, дээвэр), нэмэлт модон оруулга, 4 тусдаа ажиллах агаарын автомат удирдлага, халаах болон сэрүүцүүлдэг хойд суудал, илүү хүчирхэг 19 спикертэй HarmonKardon-ийн 1200W дууны систем, HD радио болон 6 DVD чэйнжертэй хойд суудлын интертайнмент систем зэрэг багтана.
Цаашлаад Autobiography багцыг дахин сайжруулж Limited-Edition Autobiography Black багц болгох боломжтой ба үүнд 20 инчийн обуд, хар өнгийн өвөрмөц гадна оруулга болон модон бүрэн автомат 4 хүний суудалтай iPad интертайнмент систем зэрэг хамгийн дээд зэрэглэлийн зүйлсүүдийг багтаадаг байна.
Хүчин чадал:
Хоёр Ренж Ровер хоёулаа 5.0 литрийн V8 хөдөлгүүртэй бөгөөд HSE хувилбар 375 морины хүч болоод 507 Нм эргүүлэх хүчийг гаргана. Харин Supercharged хувилбар арай хүчирхэг буюу 510 морины хүч болон 623 Нм эргүүлэх хүчийг гаргадаг бөгөөд энэхүү 2 хөдөлгүүрт 6 шатлалт автомат хурдны хайрцгийг (механик горимд шилжүүлэх боломжтой) суурилуулж өгсөн байна.
Үүний үр дүнд Supercharged хувилбарыг 0-100 км/ц хурд авах хугацааг тестлэж үзэхэд 5.5 секүнд зарцуулж байв. 3 тонн жинтэй автомашины хувьд гайхалтай үзүүлэлт... яг л гүйлтийн аварга Усайн Болт (Usain Bolt)шиг хөнгөн гүйлттэй юм байна.
Хэрвээ та хаазны педалийг хивсэнд нь тултал гишгэх юм бол онгоц хөөрөх үед авдаг тэр мэдрэмж шиг таныг суудалтай чинь нялж орхино гэж мэдээрэй. Цоо шинэхэн 6 шатлалт автомат хурдны хайрцагийг Спорт горимд тохируулаад хурдлахад 15 инчийн 6 поршентой Brembo урд тормозны (HSE хувилбарт 4 поршентой, SC-д Брембо 6 поршентой тормозны системтэй) систем болон 14.4 инчийн хойд диск бас л физикийн хуулиудыг зөрчмөөр үр дүнг танд мэдрүүлэх болно тиймээс суудлын бүсээ зүүгээрээй. Ингэж хурдлахад Supercharged хувилбар танд жинхэнэ бүүстийг мэдрүүлж чадна.
Бүх Ренж Роверүүд фулл-тайм буюу байнгын 4 дугуй хөтлөх горимтой. Хүндрүүлэгчийн бууруулсан дамжуулгад залгаж болхоос гадна газраас тэнхлэг хүртэл хамгийн ихдээ 28 см өндөрсгөх боломжтой. Улмаар Ренж Ровер нь Terrain Response system-ийн туслалцаатай жолооч замын нөхцөлд тааруулан хүч, амортизаторын тохиргоо, электрон тэнцвэрийн систем болон трэйкшн контрол системийг удирдах боломжтой болно.
Мөн газар орчиндоо тааруулан цас, шавар, элс, хад, өвс болон хайрган замаар явах горимтой. 2011 оны загварт hill-holding control буюу өгсүүр газар хөдөлгөөн эхлэх үед хүч алдахаас сэргийлсэн удирдлага, мөн hill descent control буюу уруу газар буухад туслах (хөдөлгүүрийн эргэлтийг хязгаарлаж) функцтэй болсон байна.
- Ренж Ровэрийн хийн уутат амортизаторын ачаар маш зөөлхөн явдалтай бөгөөд энгийн үед газраас тэнхлэг хүртэл 232 мм, оффроад горимд өндөрлөсөн үед 283 мм болгох чадвартай. Terrain Responce системээр дээрхээс гадна замын нөхцөлдөө тааруулан сонголттой горимоор явах бололцоотой бөгөөд энэхүү систем нь таны автомашины тормоз, хааз гишгэлт, хөдөлгүүрийн эргэлт зэргийг тооцоолон таны хүссэнээр явах юм.
- Ренж Ровер нь 3500 кг ачааг чирэх чадалтай бөгөөд Trailer Stability Assist буюу чиргүүлийг ганхахаас хамгаалсан туслах системээр тоноглогдсон байна. Мөн ухрах үед камерын туслалцаатайгаар эргэх чиглэлийг урьдчилан харах систем юм. HSE болон Supercharged хувилбарууд EPA-ийн шалгаруулалтаар хотод 23.5л/100км, хурдны замд 15.7л/100км, хосолмол нөхцөлтэй замд 20л/100км-т зарцуулах үзүүлэлттэй гарчээ. Шатахууны савны багтаамж 101 литр.
Аюулгүй байдал:
2011 оны Ланд Ровер Ренж Ровер нь ABS системтэй ба Supercharged хувилбарт илүү хүчирхэг Brembo тормозны системтэй, трэйкшн болон тэнцвэрийн удирдлагын систем (онхолдохоос сэргийлсэн систем болон уруудах системтэй хамт хэрэглэгдэнэ), урд суудлуудын аюулгүйн дэр, хажуугийн дэр, аюулын үед урд суудлын түшлэг хойшоогоо налах болон жолоочийн өвдөг гэмтэхээс сэргийлсэн агаарын дэртэй. Цаашлаад урд болон хойд зогсоолын мэдрэгчтэй ба хойд камерыг стандартаар суурилуулж өгчээ.
Ингэснээр таныг ухрах хөдөлгөөн хийхэд орчноо мэдэрч, өөрийн болоод бусдын өмч хөрөнгөнд аюул учрахаас сэргийлж байгаа төдийгүй осолд орох үед жолооч болоод зорчигчдын аюулгүйн байдлыг маш сайн хангасан байна гэсэн дүгнэлт хийж болохоор юм.
Сонголттойгоор Vision Assist багцыг суурилуулж болох ба үүнд blind-spot monitoring буюу таныг бусад автомашин гүйцэж түрүүлэх үйлдлийг мэдэгдэх систем, эргэлт дагаж тусдаг их гэрэл, автомат холын гэрлийг тохируулагч болон олон камерын тусламжийн системүүд үүнд багтаж байна.
Supercharged хувилбарт сонголтоор тохиргоотой круйз контрол (Хурд баригч) аюулгүйн бүсийг чангалагчтайгаар (урд талын автомашинтай ойртох тусам аюулгүйн бүс чангардаг систем) суурилагдах бөгөөд бүх загварт Emrgency Braking Assist буюу аюул тохиолдсон үед жолооч тормозыг огцом хүчтэй гишгэхэд түүнийг систем мэдэрч тээврийн хэрэгслийг хамгийн бага зайд гулгахгүйгээр зогсооход туслах системийг суурилуулж өгсөн байна. Үүний үр дүнд Ренж Ровер Supercharged автомашиныг 100 км/ц хурдтай явуулж байгаад тормоз гишгэхэд 37 метр зайд зогсолт хийж байлаа. Энэ нь тун дажгүй үзүүлэлт юм.
Салоны дизайн ба онцлогууд:
Бүхий л зүйлсийг маш сайн чанартай савхин материалаар бүрж хийсэн бөгөөд та суудал, урд хянах самбар, хаалганы хавтас гэх мэт хүрч болох бүхий л зүйлсээс үнэтэй тансаг байдлыг мэдрэх болно. Хэрвээ та арьсанд хүрэхгүй юмаа гэхэд заавал модонд хүрэх болно.
Автомашинд нийт 14 хүртэлх дээд зэрэглэлийн хар мод болон байгалийн модыг ашиглан хүрээлэн байгаа орчныг тань баяжуулж өгсөн бөгөөд хуучин Английн дээд зиндааны люкс мэдрэмжийг танд мэдрүүлэхээр зогсохгүй үүнийгээ орчин үеийн TFT хянах самбартай хослуулан өгсөнд салоны хамаг онцлог орших юм.
12.3 инчийн Thin Film Transistor (TFT) дэлгэцийн ачаар өдөр болон шөнийн цагт дэлгэцний харагдац сайжирсан байна. TFT дэлгэцийн тусламжтай жолооч автомашины мэдээллийг өнгөт виртуал дэлгэцэн дээр хүлээн авах онцлогтой бөгөөд улмаар урд самбарын дэлгэцний хүчирхэг системийн тусламжтайгаар офф-роад жолоодлогоо бүрэн хянах боломжтой болсон юм. Хойд зорчигчийн суудлыг сонголтоор нэмж автомат тохиргоотой болгож болох ба Ренж Ровер автомашины бас нэгэн онцлог нь багаажны зай нь 2.1м3 эзлэхүүнтэй юм байна.
Жолоодлого:
Ихэнх Ренж Роверүүд урсгал ус, өндөр уулсын оргил руу авирч байгаа талаар дуулддаггүй ч гэсэн (хэдийгээр тийм боловч Ренж Ровер 70 гаруй см өндөртэй усыг давах чадалтай байдаг) зэрлэг байгалийн замгүй газрыг даван туулахдаа хотын замын сүлжээгээр явж байгаа мэт тэмцэлдэн туулах чадвартай юм.
Хотын нөхцөлд унахад үнэтэй тансаг суудлын седанд суусан мэт чимээгүй, зөөлхөн, алгуур жолоодлоготой төдийгүй ихэмсэг дээд зэрэглэлийн биеэ авч яваа байдал нь түүнийг онцгойруулна. Ойролцоогоор 3 тонн гаруй жинтэй гэж бодоход маш дуулгавартай сайн жолоодлоготой бөгөөд Supercharged загварын хурдаа авах байдал нь олон олон спорт автомашинуудтай өрсөлдөхүйц үзүүлэлттэй байдаг юм.
Оффроад зам дээр 2011 оны Ланд Ровер Ренж Роверийг жолоодон явахад үнэхээр гүнзгий сэтгэл хөдөлмөөр дуулгавартай жолоодлоготой бөгөөд огцом өөд өгсөх, эгц уруу буух зэрэг харахад даван туулшгүй давааг амарханаар даван туулж байгаа нь Ренж Роверийн чадварыг олон жил хөгжүүлсэний илрэл гэмээр.
Түүний шинэ Adaptive Dynamics System-ийн ачаар амортизаторын газартай харьцах хөдөлгөөний мэдээллийг секундэд 500 удаа авч жолоочийн тав тухыг хангахын тулд автоматаар тохируулагддаг байна. Улмаар үүгээр ч зогсохгүй Ренж Роверт шинэ электрон архитектурыг хийж өгсөн бөгөөд энэ нь 62 өөр өөр үйлдэл тооцолох өндөр хурдтай ECU-г хийж өгсөн явдал юм. Тэрээр шинээр хөгжүүлэгдсэн Ланд Ровер болон Ягуар брэндийн хамтын, дундаа ашигладаг программ хангамжаар ажилладаг юм. Яагаад танд хэрэгтэй гэж? Учир нь таны аюулгүйн байдал, тав тух, автомашины тэнцвэр, удирдлагын функц, дэлгэц, болон Bilstein Damptronic амортизаторын мэдээлэл зэргийг боловруулан ажиллаж байдагт оршино.
Хийн уутат амортизатортай Ренж Роверүүд Монголын нөхцөлд шороо чулуу орсноос резинен уут үрэгдэж цоорох, гадаадад олон жил үйлчилгээ хийлгээгүй бол орж ирээд Монголын хатуу уур амьсгалд урагдаж битүүмжлэлээ алдах, улмаар хянах дээр анхааруулгын тэмдэг байнга гарч байх нь төвөгтэй байдаг учраас түүнийг шийдэхээр хийн уутат амортизаторын оронд (хийн уут нь пүршний үүрэг гүйцэтгэдэг) пүрш&амортизатор болгон хувиргах китүүдийг зардаг юм билээ.
4 хос кит нийлээд 800$ гаруй болдог ба хэрвээ та хийн уутат амортизатороо солиулах бол 4000-8000$ ам.долларын зарлага гарах юм. Мөн хийн уутат амортизаторын хийн резинэн уут нь 3-7 жилийн хугацаанд нэг удаа солих шаардлагатай байдаг билээ. Явдлын хувьд маш зөөлхөн бөгөөд Лексас 570, 470 түүний хажууд хол хоцорно.
Учир нь түүний урд тэнхлэг нь доод хос татуургатай MacPherson страт бүтэцтэй ба хойд тэнхлэг нь дээд доод хос гартай тэнхлэгтэй (Ү хэлбэрийн) юм. Ингэснээр явдал нилээд зөөлрөх сайн талтай. Кузов рам 2-ийг нэгтгэсэн туслах раман дээр бэхлэгдсэн Монокок хийцтэй. Урд крыло, капот болон хаалгануудыг хөнгөн цагаан материалаар хийж кузовын чанарыг сайжруулахын тулд цайраар давхарлан бүрсэн ган материалаар хийгджээ.
Үнэ өртөг:
Хэрвээ та оффроад люкс SUV хайж байгаа бол энэхүү ангилалд Мерседес Бенз G-Class нь Ренж Роверийн байнгын өрсөлдөгч гэдгийг санаарай. Энэхүү хоёр нь өөр өөрийн түүхтэй бөгөөд Ланд Ровер бол анх Британий армид оффроад автомашин бүтээж байсан, харин G-Class бол Германы армийн автомашин юм. G-Class-ийн эхлэх үнэ $105,750 ам.доллар буюу Ренж Роверийн суурь загвар болох HSE-ээс даруй $26,065 ам.доллараар үнэтэй юм.
Гэхдээ Ренж Роверийн нэмэлт багц болоод хувилбараас сонгох боломжтой. Ингэснээр Supercharged хувилбарыг сонговол нь үнэ $94,465 ам.долларын өртөгтэй болох бөгөөд түүндээ нилээд сайн тоноглолуудтай. Харин G550 хувьд Ренж Ровероос үнэтэй хэрнээ тийм ч тусгайлсан сайн сонголт байхгүй, бүх зүйл нь стандарт юм.
Та Supercharged хувилбарыг Autobiography багцаар сайжруулж болох ингэвэл (116,000$-134,000$) G550-аас нилээд үнэтэй болж хувирах юм. Гэхдээ G-Class-д $124,450 ам.долларын үнэтэй G55 AMG хувилбар байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
Эх сурвалж: Автомашин сонирхогч Р.Энхболд | autoblog.com