NISSAN TIIDA LATIO SC11

Ниссан Тийда Латио загвар манайд орж ирээд нилээд хугацаа өнгөрч байгаа байх. Бид нар товчоор Тийда гээд байгаа юм л даа. Уул нь Латиог нь хамт хэлэх ёстой. Дан Tiida гэвэл хэчбак багаажгүй загварыг нь хэлдэг. Шинээрээ ч Nissan диллер дээр байсан. Одоо бол байхгүй болсон.

Суурь загвар нь дэлхийн хамгийн хямд седан гэж яригддаг. Аар саар юм нэмэхэд л үнэтэй загвар нь бий болдог шүү дээ. 10 мянган ногоонд л цоо шинийг нь авч болдог. Үнэтэй боллоо гээд нэг 3000 ногоон л нэмэгдэнэ биз. Гэтэл манайхан шинийг нь 30 мянган ногоон гээд л зараад байгаамдаа.

Мэдэхгүй нэг нь авсан л байх. 2004 онд гарсан болохоор “Он хөөдөг” хүмүүст бол арай он залуу гэх юмуу даа. 1.5 ба 1.8-тай хөдөлгүүртэй ба хот дотор бол 1.5 литр байхад болно. Дархан эрдэнэт явчихдаг хүнд бол 1.5 арай л жулданадаа. 1.8-тай нь арай дээр. Хүн суулгаагүй үед бол сайхан явна.

За нэг 4 хүн суулгаад жаахан юм багаажинд нь хийвэл жаахан орилоо дуу л явах байх. Хотод нэг 8-10-ын хооронд л идэх байх.

Шулуунд учиргүй багасаад байхгүй юм билээ. 7 л болох байх. Явдлын хувьд бол хатуудаа орно. Өвөл бол амортизаторын тос нь царцаад бүр хатуу болох байх. Рулийн аппарат нь цахилгаан бөгөөд зогсоол дээр маневр хийн хурдан хурдан эргүүлэхээр ажиллаж гүйцэхгүй мотор нь унтарчихдаг байх шүү.

Тиймээс эргүүлэхдээ яарах хэрэггүй. Бас цонх онгорхой явах үед рулийн аппарат нь зөгий шиг ч юмуу робот ажиллаж байгаа юм шиг дуугараад байдаг нь төвөгтэй.

Ерөнхийдөө хотод зориулсан, седан болон фамили загварыг нийлүүлэх гэж оролдсон гэх юмуу даа. Дизайн нь нарийн өндөрдүү болсон ба хойноосоо бол бандгар дажгүй харагддаг. Урдаасаа бол хамар нь богино болоод ч тэр үү нээх том шил л харагдана шүүдээ.

Урд гупер нь дэндүү доор учраас шүргэчих гээд байна. Урд хойд тэнхлэг нь энгийн хийцтэй, хойд амортизатор нь пүршнээсээ тусдаа учраас солиход амар. Харин урд тэнцүүлэгчийн 2 булан нь кузовтойгоо хэтэрхий ойрхон байрласан болохоор барьдаг резин нь сулраад ирэхээр хавагнасан зам дээр кузовоо нүдээд явуулахгүйдээ. Нилээн чанга нүднэ шүү, яг л алхаар цохиж байгаа юм шиг.

Нүдээр харахад бол зүв зүгээр, оношлох гэж нилээд юм болох вий. Энгийн автомат ба CVT-тэй 2 төрлийн хурдны хайрцаг бий. Энгийн автомат нь дээр байх, CVT нь одоохондоо зардал ихтэй байх. 4 дугуйгаар хөтөлдөг загвар нь хойд хоёр дугуй нь цахилгаан мотороор эргэдэг.

Жолоочийн байрлалаас залгаж болдог нь зүгээр шүү. Тэгэхдээ хир эдэлгээ сайтайг мэдэхгүй. Ямар ч байсан гулгалгүй өгсүүр гарчих юм. Ийм загварынх нь багааж нь арай жижиг, нөөц дугуй байхгүй байв уу.

Одоо салоны талаар жаахан дурдая. Өргөөшөө бол нарийхан ч гэсэн уртаашаа бол нилээн том шүү. Бүр хир баргийн том седанаас л урт зайтай. Худалч хүнд S-class ч богино байж мэднэ. Урд суудлын байрлал нь дээр учраас зам харагдах нь янзтай. Харин хамрыг нь харах гэж зовох байх.

За даа бараг л харагдахгүй дээ. Урд хянах самбар нь том бандгар харагдах боловч хямд гэдэг утгаараа хийсэн материал нь хатуу ширүүн пластмасс. Хяхтнах гажих дуу орчихоор шинжтэй юм билээ. Зарим хямдад нь зөвхөн радио, урд 2 спийкэр л байна. Дуугаралт нь бол сайн бишээ. Өөрөө л нэмж хийх байх ард нь. Харин ундааны сав тавиур ихтэй нь зүгээр санагдсан шүү. Урд хүмүүст нийт 4 байгаа.

Голын консолд, 2 хаалганд гээд. Арын хүмүүст бол урд суудлын хооронд байгаа. Гэхдээ тохойвч хийлгэчих юм бол байхгүй гэсэн үг. Тохойвчгүй нь ёстой хэцүү. Дундаа хайрцаг байхгүй, суудлаасаа тохойвч буудаггүй болохоор гар тавих газар олдохгүй, руль дээрээ л тохоод байхаас аргагүй. Хойд суудал ч гэсэн голын түшлэг байхгүй нь их. Жаахан үнэтэй болохоороо хойд суудлын тохойвчтой болно доо.

Бас нэг том дутагдал салонд байна аа. Таазанд байдаг бариул нь стандарт биш гээд боддоо. Захиалгаар хийлгэдэг, юу гэсэн үг вэ 21-р зуун биздээ, нэг муу 3 бариул таазанд нь хийхээр дампуурчих гээд байгаа юмуу хаашаа юм. Машин эргэж тойрох үед хоосон тааз самардаад эхлэнэ дээ.

Nissan-ыхан ёстой хорголоо тоолж байгаа юм байна гэж уур хүрмээр. Харин нэг тайвшрах зүйл бол шал нь доороо 6-7 см орчим зузаан хөөсөнцөртэй. Шалнаасаа жиндэнэ гэж байхгүй боловуу. За тэгээд кузовын гадна төмөр бол нимгэн. Хажуугийн машин хаалгаараа зөөлөн цохиход л хонхойчих гээд, мөргөлдвөл базсан цаас шиг болох байх. Багаажны хувьд бол ангилалдаа бол сайхан зайтайдаа орно. Гаднаасаа резин товчлуураар онгойдог. Цахилгаан гэх юмуу даа.

Гэхдээ авсан байхад бүүр ч муу биш шүү. Зүгээр л байх ёстой зүйлүүд байхгүй болохоор жаахан бухимдуулах байх. Манай машины  наймаачид хамгийн хямдыг нь авчраад байгаа болохоос. Бүх юмтайг захиад авчвал бас чиг зүгээр байх шүү.