DISCOVERY БА ГҮНЖИЙН ЗУРАГНУУД
Наанаа намуухан тайван, эелдэг, найрсаг, ухаалаг юм шиг атлаа цаанаа шартай, хортой, шазууртай ард түмэн бол яах аргагүй Англичууд. Тэртээ хөгшин европийн цаад буланд орших ч цагтаа өрнө дахиныг аварч хамгаалж, айлган сүрдүүлж явсан энэ ард түмэн авто ертөнцийн түүхэнд ч бас дуудуулах нэртэй, дуурсуулах алдартай юм шүү.
Тансаг дээд хоёрдугаар Элизабет хатантан цэл залуудаа Гитлерийн эсрэг тулалдаж асан холбоотны цэрэгт алба хааж, автын инженерээр ажиллаж явсан түүхтэй. Тиймдээ ч дэндүү хөгшин хатан хаан бээр алдарт Лэнд Ровердоо ухаангүй хайртай.
Гэвч энэ удаа бид хатан хаантан болон, түүний Лэнд роверын талаар ярихгүй. Харин ноён Лэйнд роверын цусан төрлийн хамаатан Лэнд Роверэр Дисковерийгийн талаар өгүүлнэ.
- Нэгдүгээр зураг. Алтан шаргал үстэй, булцгар хөөрхөн хацартай, алаг цэнхэр нүдтэй бяцхан охин. Хүн төрөлхтний зүрх сэтгэлд мөнхөрч үлдсэн гүнж маань энэ үед 3 настай байжээ. Диана 1961 оны 6-аар сарын 01-д Их Британий язгууртан, гүнгийн угсаа залгамжлагч Норфолк Жон Спенсер, Шэнд Кайдд нарын гэр бүлд мэндэлсэн юм. Охин хоёр эгчтэй, дороо нэг эрэгтэй дүү байсан.
Инженер: Манай ровер компаний бас нэгэн мөнхийн бүтээл бол та бүхний сайн мэдэх Лэнд ровер дисковери юм. Лэнд Ровер дефендер 100 бол үнэхээр дэлхийн бартааг туулсан, шалгарсан авто машин. Харин дисковери бол танайхны хэлдэгээр үнэхээр нэг ахынхаа шийрийг хатаасан авто машин. Ахмад Ленд ровер дефендерийн загвар хэзээ ч өөрчлөгдөөгүй.
Угаасаа сонгодог зүйл сонгодогоороо үлддэг. Гэтэл дисковери богинохон хугацаанд дөрвийн дөрвөн удаа эхлээд өөртөө, дараа нь хүмүүсийн сэтгэлд хувьсал хийчихээд одоо тав дахь эрин үеэ эхлүүлчихээд байгаа авто машин.
Энэ удаа өмнөх үеийн сонгомол загвартай, классик дисковерийгийн тухай ярихгүй. Түүний оронд цоо шинэхэн, цог жавхлант тавь дахь үеийн Лэнд ровер дисковерийгийн талаар мэдэх зүйлээ нуулгүй хэлье. Нэг үгээр хэлэхэд шинэхэн дисковери-г явуулын химийн үелэх систем гэж болно.
Учир нь тав дахь үеийн дисковерийг илүү хөнгөн, илүү хүчирхэг, илүү тав тухтай болгохын тулд түүний чухал эд ангиудыг олон төрлийн хатуу, зөөлөн бодисоор хийсэн байна. Тухайлбал: туслах рам, хаалагнуудыг ган, багаажны хаалгыг сайжруулсан өвөрмөц металь, радиаторын раамыг магнийгаар бүтээсэн. Эдгээр шинэчлэлт, өөрчлөлтүүдийн үрд дүнд дисковери өмнөхөөсөө 20 хувь хөнгөн болжээ.
- Хоёрдугаар зураг: Усан гахай тэвэрсэн, урт шаргал үстэй, уруул нь учиртай жуумалзаж инээсэн ч нүд нь нүүрнийхээ хувирлыг дагаагүй, гунигтай харцтай арван хэдэн настай Диана. Дианагийн эцэг эх хоёр салж, сарнисан юм. Энэ нь Дианад хүндээр туссан. Хэдий түүний гэрийн багш Гертруда Аллен охины төлөө чадах бүхнээ хийж байсан ч Дианаагийн бяцхан зүрх өвдсөөр байсан юм. Удалгүй гүнж маань аав, ах хоёртойгоо хамт амьдрах болсон. Дараа нь хойд эхтэй болсон. Гэлээ ч бэлэн зэлэн, элбэг хангалуун амьдрал дунд гэнэт орж ирсэн хойд эх нь Дианагийн зүрх сэтгэлийг сонсдоггүй байлаа.
Инженер: Тав дахь үеийн дисковери гаднаасаа тийм сүрлэг том харагдахгүй. Харин илүү чөлөөтэй, спортлог санагдана. Бүхээг дотроо 7 хүний суудалтай. Энэ 7 суудалд бид маш их анхаарал хандуулж ажилласан. Жолоочийн эгнээний хоёр суудал бол ойлгомжтой.
Тэд хэзээд тав тухтай, тансаг сайхан байх ёстой. Харин хоёрдугаар эгнээний суудлуудыг бид үнэхээр хааны сэнтий шиг байлгахыг хүссэн. Тиймдээ ч арьсан бүрээстэй, хүний биеийн анатомийг сайтар судалж хийсэн болохоор маш их тав тухтай, дээр нь илүү чөлөөтэй.
Энэ төрлийн машинуудад нийтлэг байдаг дутагдал бол гуравдугаар эгнээний суудлуудын тав тух, орон зай юм. Гуравдугаар эгнээнд суусан хэн ч бай тух алдаж, хөл, гар нь чилдэг. Тэгвэл дисковерийгийн 3 дугаар эгнээнд танай сагсчин Шаравжамц орж суугаад хол явж чадна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.
Лэнд Ровер дисковерийгийн суудлуудыг бүхээг дотор байх товчлууруудаар удирдаж нааш нь цааш, дээш доош нь хөдөлгөж болно. Басхүү ухаалаг гар утасныхаа тусламжтайгаар удирдаж болно. Яг л “сим сим онгой” гэдэг шиг. Хэрвээ суудал дээр ямар нэгэн зүйл тависан бол тэд цөм мэдрэгчтэй тул огт хөдлөхгүй. Мөнхүү дисковери хэзээнээс аялалын зориулттай болохоор энэ мөн чанараа сайтар хадгалсан. Үүний нэг бодит жишээ бол тавдугаар үеийн дисковери-д 20 гаруй хайрцаг байдаг. Хэрэвзээ тэдгээрт шингэн зүйл хийж үзэх юм бол 45 литр ус эсвэл сүүг элбэг багтана.
- Гуравдугаар зураг: Хүзүүндээ Англи цагаан толгойн D үсэг бүхий мөнгөн гинж зүүсэн, захтай цагаан цамцны гадуур нимгэн ноосон цамц өмссөн, чихэндээ цагираган ээмэгтэй, үсээ бараг л халимаг хэлбэртэй засуулсан ч уран гоёоор нугалсан, уруулынхаа баруун дээр, хацрынхаа доор жижиг хүрэн мэнгэтэй, харц нь юуг ч юм бэ? асуусан идэр залуухан, хонгорхон Диана. Хойд эхийнхээ аашийг тэсч чадаагүй Дианаа нэг л өдөр энэ бүхнээс залхаж гэрээсээ бүр мөсөн явсан юм. Лондон хот түүнийг найрсгаар хүлээж авсан. Дианаа хүүхдэд ухаангүй хайртай нэгэн байлаа. Тиймдээ ч тэр цэцэрлэгт ажилд орж, найзтайгаа хамт хөлсний байранд амьдарч эхэлсэн. Тэр бас бүжгийн урлагт ухаангүй дуртай нэгэн байсныг битгий мартаарай.
Инженер: Лэнд ровер Дисковерийгийн шинэ загвар Лэйнд ровер дефендер 100 байтугай Рейнж ровероос өчүүхэн ч дутахгүй болсон. Жолооны хүрднээс нь эхлээд кабин доторх бүхий л чухал зүйлс нь сайжруулсан арьсан бүрээстэй, зорчигчид халуун дулаан уур амьсгал төрүүлэхүйц модон оруулагтай. Салоны дуу тусгаарлагч нь гайхалтайн дээр урд эгнээнд сууж яваа хүн гуравдугаар эгнээний зорчигтой юм ярихад ямар ч илүү дуу чимээ саад болохгүй. Шивнэлдэж байсан ч сонсогдоно.
Лэнд Ровер Дисковерийгийн тав дахь үеийн дизель хөдөлгүүртэй хувилбарууд даруй 8 секунд 1 дойлын богино хугацаанд 100 км цагийн хурд авч чадна гэсэн үйлдвэрийн баталгаа бий. Гэвч бодит байдал дээр дээрх хугацаанаас 1,5 секундээр хождож заасан хурдыг авч байгаа талаар хэрэглэгчид хэлдэг. Гэхдээ энэ нэг секунд, таван дойл бол үнэхээр урам хугараад байх зүйл биш. Харин цоо шинэхэн дисковерийг спорт горим руу шилжүүлж унах юм бол 100 км замд ердөө 9,5 литр шатахуун зарцуулдаг. Ийм бага идэш, ууштай хэрнээ, асар их хүч чадал авто машин ховор шүү.
- Дөрөвдүгээр зураг: Яг л амьдрал шиг хар, цагаан олон цэгтэй богино хүрэм өмссөн хонгорхон Дианаагийн цаана ханхүү Чарльзийн хэтэрхий унжуу хамар, хуурамч нүдтэй тэнэг царай байдгаараа инээчихжээ. Диана 1977 онд Швейцарит суралцахаар явахынхаа өмнө Их Британий хун тайж Чарльзтай анд явж байхад нь танилцсан юм. Мэдээж ханхүү Чарльз Диана гүнжид анхны харцаар дурласан юм шиг л байсан. Тэгээд төдөлгүй 1981 оны зургаадугаар сарын 29-ны өдөр тэд цуутай хурим хийсэн юм.
Инженер: Манай Лэнд Ровер дисковерийгийн газраас тэнхлэг хүртэлх зай 358 мм бол хийн өргөгчтэй тэнхлэг, саадыг туулах өнцөг нь 900 мм. Энэ бол хэнд ч чамлагдаж, юунд ч амархан тороод байхгүй орон зай. Би олон зүйл яримааргүй байна. Тэртэй тэргүй манай дисковерийг ямар машин бэ? гэдгийг дэлхий мэднэ. Гэвч шинэ загварын маань чадлыг үнэхээр шалгамаар байгаа бол яахав ричакаа “чулуу” гэсэн горим дээр тавиад бартаат замын хурд түгжигчээ асаагаад, тэнхлэгээ өргөөрэй. Тэгээд хаазны дөрөөг гишгээд үз, аан тийм мартах гэж байна. Жолоогоо сайн бариарай. Миний өгөх зөвлөгөө ингээд болоо.
- Зураг тав: Олон жилийн дараах Диана... Африк тивийн иргэний дайны золиос болсон хөлгүй охиныг тэврээд модны сүүдэрт сууж байгаа Диана. Тэдний дэргэд суга таягнууд цайрч харагдана. Ухаангүй хайртай юм шиг л байсан ханхүү Чарльз Дианаагаар халхавч хийж, Камиллой Паркер Боулз хэмээх нөхөртэй эмэгтэйтэй нууц амрагийн холбоотой болоод эцэстэй баригдаж, булайгаа тарив. Чарльз бүр Дианааг хуураад зогсохгүй Камиллой Паркер Боулзтой устаар эрээ цээргүй ярихдаа “би чиний юуны чинь оронд ормоор байна” гэсэн утгатай үг хэлж, үүнийг мэдсэн шударга Англичууд мунхаг хун тайждаа “ноён тампакс” гэдэг нэр өгсөн юм. Гэтэл Диана Чарльзид хоёр хүү төрүүлж өгсөн шүү дээ. Чарльзид хун тайж байх эрх байхгүй.
Сүүлчийн зураг: 1997 оны наймдугаар сарын 31-ний өдөр. Парисын Сина мөрний эрэг дээрх Альма гүүрний урд талын хонгилын зам дээр осолдож, юу ч үгүй болсон бух бенз. Машины хамар цааш чихэгдэн орсон нь сэтгэл шимширмээр болжээ.
Хөөрхий гүнж минь энэ машинд сууж явсан шүү дээ. Хамт явсан гунигт гүнжийн сүүлчийн хайртай эр хүн Доди аль- Файедом, жолооч хоёр газар дээрээ нас барсан юм. Диана гүнж Сальпетриер эмнэлэгт очоод амьсгал хураасан...
Бүхий л амьдралаа сайн үйлсийн төлөө, ертөнцийн хүүхдүүдийн төлөө зориулсан гүнж минь тэгэхэд бух бензтэй биш дисковерийтэй явсан ч болоосой. Тэгсэн бол амьд үлдэх ч байсан юм билүү.
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5