COOPER TIRE & RUBBER КОМПАНИ
Одоогоос 100 жилийн өмнө авто машины дугуй үйлдвэрлэлийн бизнес өнөөгийнхөөс тэс ондоо байлаа. Авто машины салбар өөрөө бяцхан жаал хүү шиг л залуу, шинэхэн байсан цаг. Яг энэ үед буюу 1914 онд Күүпер Тайр Энд Раббер компани өөрийн бизнесээ эхлүүлсэн юм.
Хүргэн ах дүү нар болох Жон Эф Шайфёр болон Клауд И Харт нар Акронд байдаг Эм энд Эм Манюфактюринг компанийг худалдаж авлаа. Энэ компани дугуйны нөхөөс, багажны иж бүрдэл, цемент хийдэг байсан юм. Анхны компаниа авсанаас хойш яг нэг жилийн дараа ах дүү нар мөн л Акронд байдаг дугуй засварын бизнес эрхэлдэг Жайнт Тайр энд Раббер-ыг худалдан авчээ. Удалгүй 1917 онд хоёр компаниа нэгтгэн Охайо мужийн өөр нэгэн хот болох Финдлид нүүж ирэв.
Чухам энэ салбарт л инноваци гэдэг зүйл жинхэнэ утаагаар хэрэгжиж байдаг юм
Күүпер нэрийн тухайд 1920 оноос хэрэглэж эхэлсэн түүхтэй. Шайфёр, Харт нарын байгуулсан компанийг нэгэн үед удирдаж байсан захирал Ира Жэй Күүпер гэдэг хүний овог компанийн нэр болон үлджээ. Компани 1946 онд нэрээ Күүпер Тайр энд Раббер болгон өөрчилсөн юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл бизнесийн ертөнцөд нэрээ хадгалсаар ирлээ. Гэхдээ урт удаан хугацаанд наслах нь Күүперийн хувьд хамгийн чухал зүйл бус.
Амжилт гэдэг зүйл бол энэ компанийн хувьд амин чухал юм. Учир нь авто машины дугуй үйлдвэрлэлийн салбарт тэсч үлдэх нь тасралтгүй өөрчлөлт шинэчлэл, хувьсал, инновацийг шаардаж байдаг. Чухам энэ салбарт л инноваци гэдэг зүйл жинхэнэ утаагаар хэрэгжиж байдаг юм. Күүпер компаний амжилтын нууц олон хүчин зүйлээс шалтгаалсан нь мэдээж хэрэг. Гэхдээ “технологийн инноваци” хамгийн чухал амин сүнс нь байдаг гэдэгтээ маргах хүн үгүй.
Инновацийн хөгжилд манлайлагч байх үүргээ Күүпер үүссэн цагаасаа хойш нэр төртэйгээр гүйцэтгэсээр иржээ. 1930 аад оны эхэн үед цөөн тооны брэнд Египетийн хөвөн даавуун утсыг ачааны машин болон автобусны дугуйны доторт хийж ашигладаг байв. Тэдний нэг нь Күүпер байсан юм. Удалгүй Күүпер хуягт хамгаалал бүхий утасны инновацийг нэвтрүүллээ. Өмнө нь даавуун байсан утсыг хамгаалалттай болгосон нь дугуй үйлдвэрлэлийн салбарт гарсан томоохон ололт байлаа. Энэ нь компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, бусдаас илүүрхэх давуу тал нь болж өгсөн юм.
Дараагийн арван эхлэхэд ч Күүпер шинийг санаачлагч хэвээр. Хээтэй дугуй үйлдвэрлэхэд “хүйтэн резин”-ийг ашиглаж эхэллээ. Энэ нь тухайн үедээ шинэ төрлийн нийлэг резинэн байсан юм. 1940 өөд оны инновацийн хөгжил хүйтэн эмульсийн технологиор үргэлжлэв. Стирол бутадиен резинийг халуун эмулсийн ажиллагаагаар боловсруулдаг байсныг хүйтэн болгож өөрчлөв. Энэ шинэчлэлийг хийсний дараа резиний шинж чанар огцом сайжирлаа.
Үр дүнд нь илүү урт замыг тэсэж туулах чадвартай эдэлгээ сайн дугуй үйлдвэрлэх болов. Яг тухайн үедээ бол энэ дугуй үйлдвэрлэлийн салбарын тоглоомын дүрмийг өөрчилсөн хувьсал байлаа. Күүперийг даган өөр олон ч компаниуд шинэ технологийг ашиглаж эхэлсэн юм.
дугуйны үйлдвэрлэл 2 жил тутамд 100 хувиар өсч байлаа
Жон Шайфёр, Клауд Харт нарын бизнес цаг үеэ олсон байлаа. 1910-16 оны үе бол авто машины зах зээл дээрх үсрэнгүй хөгжлийн жилүүд байсан юм.
Энэ үед авто машины дугуйны үйлдвэрлэл 2 жил тутамд 100 хувиар өсч байлаа. Форд Мотор Компани боломжийн үнээр Модел Ти загварыг худалдаанд гаргасан нь машин хэрэглэгчдийн тоог огцом өсгөлөө. Үүнийг дагаад сэлбэг хэрэгсэл, эд ангийн эрэлт ч нэмэгдэж эхэллээ.
Ийм цаг үед Жон, Клауд нар компаниа Охайо мужийн Акрон мужид байгуулсан нь нүдээ олсон хэрэг байсан юм. Тухайн үед Охайо муж нь Америкийн дугуй үйлдвэрлэлийн төв байлаа. АНУ-д үйл ажиллагаа явуулж байсан 134 дугуй үйлдвэрлэгчийн 1/3 нь Охайо мужид байрладаг байв. 20 дугаар зууны эхэн үед Акрон хот дангаараа Америкийн резинэн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн 1/3-ыг хангаж байлаа. Энэ үед дугуйны чанар одоогийнхоос хавьгүй муу байсан нь дугуй засварын хэрэглээг бий болгож эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцээд 1915 онд Шайфёр, Харт нар Аркон хотод дугуй засварладаг Жайнт Тайр энд Раббер Компанийг худалдан авсан юм. Зах зээл дээр ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ шаардлагатай байгааг ах дүү нар мөн зөв цагт нь мэдэрсэн хэрэг.
1920-30 он салбарын нягтралын үе байлаа
Өдөр хоног өнгөрөх тусам дугуй болон түүний обудын хэлбэр дизайн өөрчлөгдсөөр. Хөгжлийн явцын үр дүнд дугуй үйлдвэрлэлийн салбарын том компаниудад илүү өрсөлдөх чадвар бий болж байлаа. Технологийн дэвшил дугуй үйлдвэрлэлд нэвтэрсэн нь ч мөн томчуудад давуу байдлыг үүсгэж байв. Үүний үр дүнд 20-30 оны үед салбарын хэмжээнд компаниуд хооронд нэгдэж үйл ажиллагаагаа нэгтгэх нь ихсэв. Күүперт ч мөн энэ өөрчлөлт тохиолдсон.
Жайнт Тайр Компани болон Күүпер Корпраци мөн л Охайо мужид байрладаг, тодруулбал Куяахога Фоллс хотод байдаг Фоллс Раббер Компанитай нэгдлээ. Тэд нэгдэж Мастер Тайр энд Раббер Компанийн үүсгэсэн юм. Жилийн дараа 3 компанийн нийлж болгосон үйлдвэр өдөрт 2850 ширхэг дугуй үйлдвэрлэдэг болж цар хүрээ нь тэлсэн байв. Фоллс, Жайнт Хүүвер, Уйллиамс, Тайгерфүүт гэсэн 10-аад нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг болжээ.
Дараагийн арванд Күүперийн үйл ажиллагаа өрнөн тэлсээр. 1941 онд компанийг өөрийн овгоороо нэрлэсэн Иран Жэй Күүпер насан өөд боллоо. Яг энэ жил компани өөрийн худалдааны тэмдэгт, таних тэмдэг болсон зууван дүрсийг тодорхойлон албан ёсны бүртгэлд оруулж ашиглаж эхлэв. Компани брэнд болон танигдах үйл явц өрнөж эхэлсэн эхний жилүүдэд логон дээр компанийн өрсөлдөгчдөөсөө ялгарах гол давуу тал болсон хуягласан хамгаалалт бүхий утастай дугуйны талаар зураглалыг оруулдаг байсан юм.
Ингээд удалгүй дэлхийн хоёрдугаар дайн эхэлж Күүпер ч үндсэн үйлдвэрлэлийнхээ зэрэгцээ цаг үеийн нөхцөл шаардлагад нийцсэн бусад бүтээгдэхүүнийг хийж эхлэв. Ачааны хавтгай онгоц, хуурай газрын тээврийн хэрэгсэл ачигч завь, усны хамгаалалттай цүнх, цэргийн өнгөлөн далдлалтын өнгөтэй хувцас эд зүйлс, аврах хантааз, нийлдэг завь зэргийг үйлдвэрлэх болов. Дайны үед нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулсан гэж Күүпер компанийг үнэлэн Тэнгисийн Цэргийн Армийн “И” Шагналыг олгосон байдаг.
Дайн төгсөж дугуй үйлдвэрлэлийн салбарт сэргэлтийн үе эхлэв
Дэлхий нийтийг хамарсан дайны хар өдрүүд ард хоцорч дан ганц Күүпер гэлтгүй дугуй үйлдвэрлэлийн салбарын бусад компаниудын хувьд ч мөн нар мандаж шинэ өдөр ирлээ.
Дайны дараах сэргээн босголтын ажил, дэд бүтцийн хурдацтай хөгжил, орон нутгаас төв сууринг чиглэсэн хотжилтын хөдөлгөөн гээд бүхэл үйл явц үйлдвэржилтийг бүхий л талаар нь дэмжиж байлаа. Ялангуяа авто машин болон түүнийг дагаж хөгждөг дугуй үйлдвэрлэлийн салбарыг. Нөөц дугуйгаар орлуулж солих боломжтой дугуйны эрэлт улам бүр тэлсээр.
Нэгэн цаг үед тээврийн гол хэрэгсэл байсан төмөр замын тээвэр дайны дараа аажимдаа автобус, такси, хот хоорондын тээврийн үйлчилгээ, ачааны машины хэрэглээгээр солигдох болсон юм. Энэ өөрчлөлт нь дугуйны хэрэглээ өсөх эх ундарга болж байв. 1956 онд Күүпер Америкийн Миссиссиппи мужийн Кларксдэйл хот дахь Дисмюк Тайр энд Раббер компаниас үйлдвэр худалдан авлаа.
1947-64 оны хооронд Күүпер Тайр өөрийн гэсэн үндэсний хэмжээний бөөний худалдааны системийг нэврүүлсэн юм. Күүперийн хувьд бусад өрсөлдөгчдөөсөө ялгарах нэг онцлогтой байсан нь индепендент буюу хараат бус дилерийн тогтолцоо юм.
Компани өөрийн бараа борлуулах дэлгүүрүүдийг нээхгүйгээр бие даан ажилладаг дилерүүдэд дугуйгаа нийлүүлэн лоялти хураамж авах байдлаар борлуулалтаа маркетингийн шийдлийг сонгосон байдаг.
Энэ өвөрмөц арга нь үр дүнгээ өгч олон жилийн турш амжилттай хэрэгжиж иржээ. Хараат бус бие даасан дилерүүдтэй хамтран ажилласнаар Күүпер жижиглэн худалдааны салбарт гардаг элдэв эрсдлээс холдох боломжийг өөртөө бий болгосон байдаг юм.
1960 онд Күүпер Тайр энд Раббер компани хувьцаат хэлбэрт шилжлээ. Компанийг хувилан хувааж хувьцаагаа тараан байршуулсан нь Күүперт бас нэгэн аравныг амжилттай туулах боломжийг олгожээ.
Аубюрн болон Индианад автын салбарын болон инженерийн технологи бүхий резинэн бүтээгдэхүүний үйлдвэр худалдан авлаа. 1964 онд аж үйлдвэрлэлийн резинэн бүтээгдэхүүний салбараас үндсэн үйлдвэрлэлээс салгаж Күүпер Индастриал Продактс компанийг үүсгэн байгуулав.
Үйл ажиллагаагаа тэлэхийн тулд Арканзасын Эл Дорадод дахин нэг үйлдвэр худалдан авчээ. Үүнтэй зэрэгцүүлэн агуулах шинээр барьж капиталын сайжруулалт хийсэн нь компанийн голомт тавигдсан Финдли хот дахь үйл ажиллагаа нь улам бүр үр ашигтай болгож байсан гэдэг. Зөвхөн агуулах байр сав бэлдээд зогсохгүй судалгаа хөгжүүлэлтийн төвийг барьж байгуулсан нь компанийн инновацийг эрхэмлэдэг бодлогод нь нийцнэ ирээдүйн хөгжлийнх голомт болсон байна.
1970 аад он, радиал дугуйны эрин үе
Авто машины дугуй резинэн гадаргуугийн дотор талд байрлах төмөр утсын сүлжээний байрлалыг өөрчилсөн нь дугуй үйлдвэрлэлийн салбарт гарсан томоохон дэвшлүүдийг нэг болж бүртгэгдсэн байдаг юм. Өмнө нь тэрхүү төмөр утасны байрлал диагнолдож давхарласан байрлалтай байжээ. Үүнийг нь конверс гэж нэрлэж байв.
Харин Күүперийн инновацийн хөгжүүлэлтийн хүчинд тэрхүү төмөр утасны сүлжээний байрлалыг диагональ биш шулуун болгосон нь цоо шинэ өөрчлөлт байлаа. Анх энэ технологийн санаа 1913 онд гарч байсан ч хэрэглээнд оновчтой байдлаар нэвтэрч чадахгүй байсаар хэдэн арван жилийг өнгөрүүлжээ.
Харин 1970 аад оны үед энэ технологийг дахин шинэчлэн гаргаж ирснээр авто машины хурд нэмэгдэж, түлш зарцуулалт багасч, жолоодлого илүү тав тухтай болж олон дэвшил бий болсон байдаг. Ийнхүү Күүперийн санал санаачлалаар шинэ технологи дугуй үйлдвэрлэлийн салбарт нэвтэрсний ачаар 1977 он гэхэд конверс буюу төмөр утас нь диагнолдсан байрлалтай дугуйны хэрэглээ 75 хувиар буурсан байна. Эсрэгээрээ радиал дугуйн хэрэглээ төдий хэмжээгээр огцом нэмэгдэж радиал дугуйны эрин үе эхэлсэн түүхтэй.
1980 аад он бол сорилтын жилүүд байлаа
Аливаад өсөлт бууралтын үе ээлжлэн байдаг хуулиар авто машины дугуйн зах зээл дээр ч мөн ханалтын үе ирсэн юм. Энэ нь 1980 аад оноос эхэллээ. Ялангуяа Америкийн зах зээл эрэлтийн оргил үеээ ардаа орхиж ханасан байлаа. Энэ үед дугуй үйлдвэрлэлийн салбарт жинхэнэ шалгарал явагдсан гэж хэлж болно.
Авто машины борлуулалт буурахтай зэрэгцэн дугуй үйлдвэрлэгчид хэрхэн тэсэж үлдэх вэ гэдэг дээр хүчээ барах боллоо. Харин Күүперийн удирдлагууд асуудал маш уян хатан, тайван, зөв стратегийн боловсруулах байдлаар хандаж байсан юм. Энэ нь ч үр дүнгээ өгч Күүпер борлуулалтын хямралын давж гарсан байдаг.
Тус компанийн удирдлагуудын авч хэрэгжүүлсэн оновчтой стратеги төлөвлөгөөний тоонд хийтэй дугуйны хэрэглээг урт хугацаанд байна гэж харсан өнцөг байлаа. Зорчигч тээврийн салбарт автомашиныг орлох илүү дээр сонголт хэсэгтээ л гарч ирэхгүй гэдэгт Күүперийн удирдлагууд итгэлтэй байсан юм.
Энэ мэтчилэн асуудлыг алсын хараатайгаар харсны дүнд Күүпер хямралын үед харин ч хүч сэлбэж хаагдах дөхсөн өрсөлдөгч компаниудаасаа үйлдвэр худалдан авч тэднийг сайжруулан хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлогыг барьж байжээ.
1990 ээд оноос өнөөдрийн хүртэлх шинэ үе
Капиталын зарцуулалт, хөрөнгө оруулалтанд онцгой анхаарал хандуулж ирсний хүчинд Күүпер 1990-ээд оны үед ч зах зээлээс үр шим хүртсээр, хөгжсөөр байлаа. Үйлдвэрлэлийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлснээр салбартаа ашгийн хувиараа тэргүүлэгч болов.
33 хувийн ашигтай ажилладаг дугуй үйлдвэрлэгч компани Америкт Күүперээс өөр байхгүй болсон байлаа. Күүпер Тайр энд Раббер компаний Америкийн 4 дэх том дугуй үйлдвэрлэгч болсон юм. 1991 он гэхэд тэрбум доллараар хэмжигддэг компани болсон байв.
Энэ амжилтынхаа ачийг Күүпер компани тайлбарлахдаа инновацийг шүтсэний үр гэж хэлдэг. Цаг алдалгүй шинэ технологийг нэвтрүүлсний ачаар амжилт давамгайлсан 100 жилийг ардаа үлджээ. Мөн мэдээж хэрэг Күүпер компанийн төлөө зүтгэж байгаа хүнийг мартаагүй нь ач тусаа өгсөн байна.
Нэр нөлөө бүхий зохиолчид болох Леверинг, Москович нар Күүпео Тайр энд Раббер компанийг Америкийн хамгийн шилдэг ажил олгогчдын тоонд багтаасан байдаг юм. Күүперт ажиллагсад өндөр цалин авдаг, урт хугацаанд найдвартай ажлын байртай байдаг, мөн хийж буй үйлсээрээ бахархах сэтгэл энэ компанийн хамт олонд бусдаас илүү байдаг гэдгээрээ ажиллахад хамгийн тааламжтай компаниудын нэгт зүй ёсоор тооцогддог байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn