“МӨРӨӨДНӨ ГЭДЭГ АЖЛЫН МИНЬ НЭГЭЭХЭН ХЭСЭГ”- LAND ROVER-ЫН АХЛАН ДИЗАЙНЕР GERRY MCGOVERN

Тэрээр өдөр бүр танд цоо шинэ мэдрэмж төрүүлэхээр шаргуу ажилладаг бөгөөд түүний загваруудыг дэлхий даяар хүмүүс шагшран магтдаг билээ.

Тэрээр өөрийн амжилтыг эхнэр болон ээжтэйгээ холбон тайлбарладаг бөгөөд эхнэрээ хэрхэн гэрээ тохижуулж байгааг нь хараад мөн түүнийхээ үзэсгэлэнтэй сайхан төрхийг нь үзээд онгод нь ордог тухайгаа дурдсан байдаг.   

Garry яаг хэзээнээс өөрийн авьяас чадварыг нээсэн бэ?

Би бага байхаасаа л урлаг, загварт дуртай байсан. Тиймдээ ч эхэндээ зураач болох мөрөөдөлтэй байж байгаад уран барималч, архитектур болж өөрчлөгдөж байсан. Гэхдээ миний туйлын хүсэл үргэлж шинэлэг содон загвар зохион бүтээх байлаа. Мэдээж шаргуу хөдөлмөргүйгээр хүсэл мөрөөдөл бодитой болгох боломжгүй шүү дээ.

Аливаа шинэ төсөл дээр ажиллахад ямар бэрхшээлүүд тулгардаг вэ?

Мэдээж би удирдах албаны хүн шүү дээ, гэлээ гээд бүгдийн дээр байж бурхан шиг аашилна гэсэн үг биш. Бид төсөл хэлэлцэж байх үед удирдагч, ажилтан гэж ялгалгүй бүгд нэг ширээг тойрч суугаад ярилцдаг. Энэ нь бидний амжилттай ажиллах гол нууц гэж би боддог.

Мөн гаргасан загвараа санхүүгийн баг, инженерүүдэд мөн бусад багийнханд үзүүлж санал бодлыг нь асуудаг.  Ингэж л бид бүрэн загвараа гаргадаг даа.

Хамгийн сүүлд гаргасан загвар болох Evoque дээр ч мөн энэ зарчмаар ажилласан. Сайн загвар гаргана гэдэг инженерчлэлтэй дүйцэхүйц чухал ажил байдаг. Харин сайн загвар гаргах хамгийн чухал хэсэг нь мөрөөдөх!

Үгээр тайлбарлах боломжгүй тийм л хэсэг дээ.

Range Rover Velar дээр хэрэгжүүлсэн ажиллах зарчмынхаа тухай ярьж өгөөч?

Бид эхний ээлжид үндсэн суурь болсон зүйлс дээрээ анхаарч ажилладаг. Үүнд машины эзлэхүүн, ерөнхий зохицол, дугуйн суулт, зам дээр явах байдал гэх мэт орно. Харин дараа нь тодорхой шинэ, онцлог зүйлсийг маш болгоомжтой нэмж эхэлдэг.

Яг л хоосон өрөөг цагаан обойгоор бүрээд хэдэн уран зураг өлгөснийхөө дараа аажим аажмаар өөрийн нэмэхийг хүссэн тавилгуудаа байршуулж байгаатай адил. Мэдээж шинэлэг зүйл нэмэхдээ утга учиргүй, цаг үе ээ олоогүй зүйл нэмэхээс болгоомжилдог.

Танд бүтээлүүд дундаасаа “хөөх, би энэ хэсэгт үнэхээр их хайртай” гэж дуу алддаг хэсэг бий юу?

Надад элемент бүрийн “Нэгдэл” нь таалагддаг. Машины бүх хэсэг нь  зэрэг, хэвийн ажиллаж байж л сая нэг гайхалтай байхгүй гэж үү?

Амжилттай загвар бүтээхэд юу шаардлагатай байдаг вэ?

Миний хувьд ажлаа амжилттай хийхийн тулд гурван үе шатыг анхаарч ажилладаг.

  • Эхлээд үйлчлүүлэгч машиныг хараад үзэмжийн хувьд татагдах ёстой. Үнэхээр худалдаж авах хүсэл дотроос нь түүнийг хатгах хэрэгтэй.

  • Хоёр дахь шатанд: Үйлчлүүлэгчид бүх үйлдлийн систем тохиргоо нь ойлгомжтой байх ёстой. Хүн хэрэглэж чадах зүйлээ л авна шүү дээ.

  • Сүүлийн шатанд: Худалдаж авлаа гэхэд үр шимээ өгөхүйц ашиглалттай байх. Эдэлгээ даахуйц, хэрэгцээг нь хангаж сэтгэл ханамж өгөхүйц байх нь чухал.

Сүүлийн асуулт, таны машиндаа сонсох дуртай дууны жагсаалт?

Хачин сонсогдож магадгүй гэхдээ би машин барьж байхдаа юм сонсдоггүй. Би ихэвчлэн нэг уулзалтаас нөгөө рүү яарч байхдаа жолоо барьдаг тиймдээ ч ажлынхаа тухай бодож төвлөрөх нь элбэг байдаг. Мэдээж чөлөөт цаг илүү байсан бол Genesis, Emerson, Lake, Palmer, The Stranglers гэх мэт хамтлагуудыг сонсох байсан байх.