LAND ROVER DISCOVERY

1-р үе

Хойд Америкийн зах зээл дээрх байр сууриа өргөжүүлэхийн тулд Range Rover-ийн бартаат зам туулах чадварыг тэр чигээр нь хуулан авч бүхээгийн хэсгийн хийц болон угсралтын технологид шинэчлэл хийн өртгийг багасган компанийн олох ашгийг нэмэгдүүлж чадсан загвар болжээ.

Үндсэн рам, хүч дамжуулах анги, тэнхлэг, урд шил, хаалга зэрэг боломжит бүх эд ангийг Range Rover-оос авсан төдийгүй тэнхлэг хоорондын зай нь яг адил 100 инч болсон. Харин хийн өргөгчтэй BOGE-ийн хойд тэнхлэгийг хэрэглээгүй байна.

Мөн автомат хурдны хайрцгийн нейтрал байрлалд үе үе асахгүй болдог согог, айркондишны гадна агаартай холих горим байдаггүй болон бороотой үед хөргөлт ба халаах горимын тохируулга хийхэд хэцүү байдаг зэрэг хэрэглэгчдийн таашаадаггүй сул талуудыг засалгүйгээр тэр чигт нь ашигласан байна.

Анх бүтээгдэхдээ V8 3.5 литрийн багтаамжтай Rover-ийн хөдөлгүүр, цуваа 4 цилиндртэй 2.5 литрийн багтаамжтай Turbo diesel гэсэн 2 төрлийн хөдөлгүүртэй гарчээ.

Хурдны хайрцаг нь 4 араатай автомат болон 5 араатай механик. Хэсэгчилсэн шинэчлэлтээр бензин хөдөлгүүртэй загвар нь Range Rover-тэй адил 3.9 литрийн багтаамжтай болж 5 араатай механик хурдны хайрцгийг бензин загварт тавихаа больжээ.

Aнхны Discovery
Aнхны Discovery

1-р үеийн хэсэгчилсэн шинэчлэлтээр Face II гэж нэрлэн урд талын гэрэл нүүрэн хэсэг бөмбөгөрдүү хэлбэртэй болж, асуудал болоод байсан айркондишн ба халаагчийн дутагдлыг арилгажээ.

Land Rover-ийн 50 жилийн ой тохиосон үед гарсан загвар нь өргөн дугуйтай болж, аюулгүй байдлыг дээшлүүлсэн тэнцүүлэгчтэй болсон байна.

2-р үе (2003 оны 1 сараас)

Үндсэн төрх хэвээрээ бөгөөд технологийн хувьд Hill Descent Control хэмээх огцом уруу буух үед жолоочийн оролцоогүйгээр ABS системийн тусламжтайгаар хурдыг 10 км/ц орчимд барьдаг систем, хөдлөх үед дугуй хий эргэлтийг зогсоох traction control, шинэчлэн сайжруулсан хийн өргөгчтэй хойд тэнхлэгийг нэмж хийжээ.

Харин хойд тэнхлэгийн хажуу шилжилтийг хязгаарлаж байх нэг төв дээр эргэлттэй хос гол төмөр нь нилээн эвдрэл үүсгэн толгой өвтгөсөн асуудал байлаа.

2-р үеийн Discovery
2-р үеийн Discovery
3-р үе (2004 он - 2009 оны 12 сар)

Хойд Америкт LR3, бусад газар Discovery III гэж нэрлэгддэг энэ загвар Ford компанийн мэдэлд ирсэн үеэс буюу 2004 онд анхны бүрэн шинэчлэлтийг хийсэн байна. Тухайн үед Ford Explorer-ийн үндсэн рамыг ашиглахаар төлөвлөж байсан боловч Land Rover-өөрийнх нь бүтээсэн " integrated body frame " гэсэн бүхээг болон рамыг нэгэн зэрэг цул хатуу нэгдэл болгох монокок хийцийг нэгтгэсэн технологийг ашиглахаар болжээ.

Дээд зэрэглэлийн жийп хийх гэсэн уриан доор үнэ нь ч өссөн байна. Хойд урд тэнхлэг нь бүх загвартаа хийн өргөгчтэй болж, EBD, ABS, ETC, EBA, HDC, DSC CBC, ARM гэх мэт хөдөлгүүр, хурдны хайрцаг, тоормосны систем, хийн өргөгчийг хянаж удирдах элдэв электрон систем хийж өгчээ.

Дотор салонд 3 эгнээ суудалтай. Хөдөлгүүрийн хувьд Ford Explorer-ийн 4 литрийн, HSE загварт 4.4 литрийн Jaguar-н хөдөлгүүрийг тавьсан байна, ташрамд хэлэхэд Jaguar хөдөлгүүр нь үүнээс өмнө Range Rover, Range Rover Sport загваруудад тавигдаж байжээ.

Discovery-3 урд талаас
Discovery-3 урд талаас
Discovery 3 хойд талаас
Discovery 3 хойд талаас
4-р үе

5 жилийн дараа бүрэн шинэчлэлт хийсэн загварыг Discovery 4 гэсэн нэрийн доор гаргасан.

Түрүү үетэйгээ их төстэй боловч дотор салоны тухайд жинхэнэ тансаг дээд зэрэглэлийн суудлын автомашинтай адил болж чадсан.

Урд нүүрэн хэсэг нь мөн дээд зэрэглэлийн Range Rover-той андуурмаар төстэй болжээ. Урд их гэрэл болон арын гэрлүүд нь дугуй хэлбэртэй LED технологийн гэрэлтэй болсон төдийгүй, HSE тансаг загварт AFS (Adaptive Frontlight System) хэмээх эргэх үед эргэж байгаа талруу автоматаар гэрлийн тусгалыг шилжүүлдэг систем суурилуулжээ.

  • Мөн түлхүүр халаасанд байсан ч хөдөлгүүр асдаг системтэй.
  • Хөдөлгүүрийн хувьд V8 хэлбэрийн 5 литрийн 375 морины хүчтэй хөдөлгүүртэй.
4-р үеийн Discovery-н урд нүүр, их гэрэл, бампер өөрчлөгдсөн
4-р үеийн Discovery-н урд нүүр, их гэрэл, бампер өөрчлөгдсөн
Discovery-4-ийн хойд гэрлийн дизайн өөр
Discovery-4-ийн хойд гэрлийн дизайн өөр