ТАНСАГЛАЛИЙН ХААН - LX570

Япончууд дундаж байхыг хүсэхээ больсон юм. Тэд нэгэнт уул өөд мацсан бол оргилд нь гарч, тэг голдоо улаан толботой цагаан далбаагаа дэлхийн дээвэрт хатгахыг хүссэн. Тиймдээ ч нэгдсэн улсад үйлдвэр нь байрладаг домогт Лексусыг бүтээсэн. Лексусыг бүтээснээрээ гол төлөв дундаж давхаргын, массын хүрээний авто машин үйлдвэрлэдэг гэсэн шүүмжлэлд өртдөг байсан Тоёота дээдсийн хүрээнд намалзтал алхсаар орж ирсэн юм даа.

  • Танилц энэ бол тансаглалын хаан ТАВ ДАЛ... Миний санаж байгаагаар 2007 оны дөрөвүгээр сард нөгөө гайхал Америкийн Нэгдсэн улсын нийслэл Нью-Йорк хотноо олон улсын авто машины үзэсгэлэн яармаг болсон юм. Тэнд ёстой газар газрын ган төмөр хүлгүүд ирчихсэн “намайг ав, намайг аваач, хөөе найзаа намайг унаад үз. Чи зүгээр л намайг асаагаад дууг минь сонсдоо” гэж байсан. Тэгсэн чинь тэдгээр төмөр хүлгүүдийн дундаас даанч нэг ялгарч, даналзаж байсан машин бол Лексус 570 байлаа.

Инженер: Япончууд Лексус 570-ыг бүтээх ажлаа аль 2002 оноос эхэлсэн. Ер нь тэд алив ажлыг эртнээс эхэлж, төгс гүйцэтгэлтэй дуусгаж чаддаг. Чингээд 2004 онд 570-ын загварыг Шиничи Хиранака хэмээх Тоёотагийн урдаа барьдаг инженер гаргаж, удирдлагуудаараа батлуулсан юм. Үүнээс хойхно 2010 оны хоёр дахь үеийн Лексус 570-ын загварыг мөн л Хиранака зохиосон байдаг.

Анхны үлгэр загварыг 2007 онд танилцуулсны дараа тухайн оны сүүлээр LX-570-ууд худалдаанд гарлаа. Энэ машин өөрийн ангилалдаа үнэ өртгийг тал дээр ч тэр, тав тух, хэрэглэгчдэд сэтгэл ханамж өгөх тал дээр ч тэр үнэхээр урдаа улаан хөлтөн гишгүүлээгүй юм. Өөрөөр хэлбэл Лексус 570-ыг 73800 доллараар нэгдсэн улсад худалдаалсан. Энэ нь Германы аугаа их Мерседес бенз GL-550-иас даруй 3000 доллараар, Америкийн шүтээн Кадиллак Эскаладаагаас 18000 доллараар илүү үнээр зарагдаж байсан гэсэн үг юм.

  • Тасарчихсан баячууд, урлаг соёлынхон Лексус 570 унахгүй бол хүн биш болчихлоо. Ерөнхийдөө 570 гарч ирснээр хөрөнгөтнүүдийн хооронд уралдаан эхэлсэн гэж болно. Дэлхий нийтээрээ энэ машиныг шүтэж, биширч, хувьтай нь унаж, хувьгүй нь шохоорхож юм юм л боллоо. Автсрали, Индонез, Зүүн Өмнөд Азийн нөхдүүд баруун талдаа жолооны хүртэй 570-аар гангарч, Хятадууд 2008 оны сүүлчээр 1 сая 298 мянган юаниар энэ гайхалтай авто машиныг унаж эхлэв.

Инженер: Лексус 570 жип бол өмнөх үеийн нэр төрийн баталгаа болсон LX-470-ын суурин дээр хөгжиж, илүү хүчирхэг, хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон авто машин. ганжуулсан рам, сайжруулсан кузов, урд үл хамаарах тэнхлэг, хойд чулакан хамаарах тэнхлэг. 570-ын рамыг дээд зэргийн уян чанартай гангаар хийсэн.

Лексус-570-ын урд суудлын дунд хайрцаг болон тохитой тавиур байрлуулж, удирдлагын товчлууруудыг жолооны хүрдэнд суурилуулжээ. Түүний тансаг зэрэглэлийн арьсан рычагийг хойш, урагш нь түлхэнэ гэдэг амьдралын бас нэг аз жаргал юм. Лексус 570-ын хамгийн чухал үзүүлэлт бол 5.7 литрийн багтаамжтай үнэнхүү хүчирхэг хөдөлгүүр юм. Ийм хөдөлгүүрээр усан онгоцыг ч хөдөлгөж болно гээд бод доо.

  • LX-570-д сул тал бараг байхгүй. Хамгийн өөдгүй, гоншигнуур, юм болгоныг голж шилж байдаг нөхдүүд хүртэл энэ машины өмнө амаа хамхиж, чихээ бөглөдөг. Ангилалдаа бараг л хамгийн өндөр үнийг тогтоож чадсан LX-570-ийн 383 морины хүчин чадалтай хөдөлгүүрийг сүүлийн үеийн Toyota landcruiser, Toyota Tundra хоёр зээлдсэн байна лээ. Урагшаа зүтгэх зургаан араа, ухарч няцахыг мэдэхгүй 570-ын тэнхлэг хоорондын төвийн дифференциал нь Torsen бүтэцтэй.

Инженер: LX-570-ийн хийн өргөгч систем нь хөдөлгөөн эхлэхэд 76 мм өргөгдөж, зогсоход 25 мм буудаг.  Хэрвээ та 570-тай бол замын бартаанаас айж, эмээх ямар ч шаардлагагүй. Энэ машин Crawl Control хэмээх шалгарсан системтэй. Сул хөрсөн дээр огцом тормоз гишгэхэд мэдрэгддэг шинэ төрлийн ABS системтэй, маневр хийх болон, гражид байрлуулах, бусад үед туслах хэд хэдэн камер түүнд бий.

Нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп, Английн хатан хаан Элизабейт, Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин, 14 дүгээр далай ламтан Данзанжамц гээд энэ гараг ертөнцөд нөлөөтэй хэнб гуайд ч гологдохгүй Лексус 570 өмнөх 470-аас 102 мм-ээр урт, 25 мм-ээр өргөн. Гэвч тэнхлэг хоорондын зай нь хэвээр үлдсэн. Эл Эксийн цоо шинэ үе 570 жипний бас нэгэн гайхамшиг бол Краул Контрол систем юм.

  • Краул Контрол хэмээх энэ систем LX-570 жипийг нисдэг хивс болгосон гэхэд нэг их буруудахгүй. Хэрвээ та Эл Экс 570 жиптэй бол, тэгээд замын бартаа саад, хад чулуу, шавар намаг туулах шаардлагатай бол машиныхаа автомат горим дээр нь тавиад хоёр гараа жолооны хүрднээс аваарай. Эл экс таны нүдэн дээр замын бартаатай араатан шиг ноцолдож, ялах болно. Ухаантай гэхэд дэндүү ухаантай, зарим нэг хүмүүсээс илүү ухаантай энэ машинд мөнхүү Старт Ассист Контрол гэж өөр нэг шилдэг систем бий.

Уг систем мөнхүү бартаа, саадтай замд зориулагдсан ба түүний гол үүрэг нь хамгаалахад оршино. Хальтиргаатай болон өгсүүр замд явж байсан Эл Экс-570-ыг ухрах, хүч алдахаас Старт Ассис Контрол систем найдвартай хамгаална. Гадаа тийм бартаа саадтай зодолдож байхад LX-570-ын кабин дотор харин өөр зүйл болж байдаг.

  • Mark Levinson брэндийн нам болон нарийн дуу гаралттай 19 өсгөгч, чэйнжер, MP3 тоглуулагчид зориулсан 12 гегабайтын хард диск бүхий хөгжмөөр дуртай дуугаа сонсоод, олон горимтой цахилгаан удирдлагатай суудал дээр суусан хэн ч хэмнэл мэдрэхээс, аз жаргалын гармоныг ялгаруулахаас, зарим нь бүр хажуудаа байсан ямар ч хамаагүй нэгнийг учир зүггүй тэвэрч үнсэхээр өөр аргагүй.

Тансаг дээд Тав дал-д 3 удаа хувьсгал явагдсан юм. Тэдний эхнийх нь 2011 онд, удаах нь 2013 онд, хамгийн сүүлийнх 2015 онд болсон. Тэгвэл 2017 онд Тоёота компани цоо шинэ дөрөв дэх үеийн Лексус Эл Экс 670-ыг дэлхийд танилцуулахаар бэлдэнэ. Танилц энэ бол Тансаглалын хаан ТАВ ДАЛ Лексус...