LAND ROVER-ЫН АХЛАХ ДИЗАЙНЕР НОЁН GERRY MCGOVERN ӨӨРИЙН ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙН ТАЛААР ХУВААЛЦАВ
Та гараагаа Chrysler-т эхлүүлж байсан. Тухайн үед ямар байсан бэ?
Надад их сонирхолтой туршлага болж үлдсэн. 1978 оны зун байсан санагдаж байна би өдөр бүрийг жинхэнэ уран бүтээлчдийн ур ухаан, гоц чадварыг биширч өнгөрөөдөг байлаа. Надад яг л ирээдүйд оччихсон юм шиг санагддаг байж билээ.
Та яагаад 1999 онд Lincoln-Mercury-ын албанд ажиллах болсон бэ?
Учир нь тэд надад их мөнгө төлсөн болох гэж үү? Үгүй ээ. Надад шинэ туршлага, мэдлэг хэрэгтэй байсан юм. Тухайн үед би аль хэдийн байр сууриа олчихсон алдартай байсан ч сэтгэл ханаагүй л байлаа. Би ер нь их амбицлаг нөхөр байж ээ.
Ford бол нэлээд том байгууллага байсан ч тухайн мөчид гал цог нь унтраад байсан гэх үү дээ. Би яг л анхных шиг нь эрч хүчтэй болгохыг хүссэн.
Тэгээд юу болсон бэ?
Дотоод маргаан ихтэй байсан л даа. Би нэг шинэ санаа гаргаад хүмүүсийн дэмжлэгийг авлаа ч бодит үйл хэрэг болох шат нь дээрээ зогсчихдог.
Би Ford-ыг үл хүндэтгэх эсвэл буруутгах гэсэнгүй. Тэд надад ажиллах хангалттай боломж, бололцоо, хүн хүч өгсөн. Зүгээр л бидний ажиллах зарчим, үйл хэрэг таараагүй хэрэг.
2004 онд та Land Rover-т эргэж ирсэн тийм үү, удалгүй ахлах дизайнер болж дэвшсэн. Таны удирдаж байсан хэлтэс брендийн байр сууринд хэр их нөлөөтэй байсан гэж та боддог вэ?
Брщндийн гол цөм нь хүчин чадал, ажиллагаандаа оршдог гэдэг туйлын үнэн. Гэхдээ амжилттай бренд зөвхөн хүчин чадал сайтай байхаасаа гадна хүний анхаарлыг татахуйц байх ёстой. Бид үргэлж л супер машин бүтээхээр шаргуу ажилладаг. Харин миний хараа олон улсын стандартад таарсан шилдэг загвар гаргахад л чиглэдэг.
Гэхдээ би одоо хийж байгаа ажилдаа илүү дуртай. Би хэзээ ч уйдахгүй байх аа. Миний бие дийлэхээ больтол хүмүүсийг гайхшруулсаар л баймаар байна.
Нэг ажлаа үргэлж хийхээс залхдаг уу?
Юм гэдэг харагдаж байгаа шигээ байдаггүй. Би нэг ажлаа хийгээд байгаа юм шиг хирнээ тэс өөр, өөр үр дүн гаргаж болно. Хүмүүс “Хоох Range Rover ийм байх боломжтой гэж үү” гэж дуу алдтал ажиллах нь л миний гол зорилго.
Хэрвээ та дизайнер болоогүй бол өөр юу хийх байсан бэ?
Ямар нэг бүтээлч ажил л хийх байсан даа. Би багаасаа л архитектурт сонирхолтой байсан. Ямар нэг байгалд ээлтэй, хүмүүст хэрэгтэй зүйл хийхийг л зорих байсан биз.
Хэрвээ танд нэг зүйлээ өөрчлөх боломж өгвөл юу өөрчлөх байсан бэ?
Магадгүй би хүмүүстэй илүү найрсаг харилцахыг бодох байсан байх. Би дэндүү өөрийнхөөрөө байж мэднэ, гэхдээ энэ салбарт хийсэн ажлаа бусдаар шүүмжлүүлэхгүй өнгөрнө гэж үгүй.