ТИЙРЭЛТЭТ ТИТЭМ - JETS CLUB

2013 онд Монголд фэйсбүүк ид эхлэх үед Б.Шинэбаяр ахтайгаа машинд явж байхдаа автын хорхойтой өөртэйгээ адил залуусаа нэгтгэж клуб байгуулахаар ярилцсанаар манай клубын эхлэл тавигдсан юм. Тухайн үед олон янзын групп нээж цааш нь үргэлжлүүлээд аваад явчих боломжтой залуусыг админ болгож тус тусад нь хариуцуулж өгсөн ч өдгөө тэн хагас нь гишүүдгүй, идэвхгүй болж үлдсэн зарим нь 17,000-258,000 хүртэл гишүүнчлэлтэй том групп болж хөгжжээ.

Эдгээр группын нэг нь Crown эзэмшигчдийн Jets Avenue Members club юм. “Jets” гэдэг нь тийрэлтэт онгоцыг билгэдсэн. “Avenue” нь манай клубын машинууд өнгө өнгөөр хоёр эгнээ үүсгэж уртаас урт цуваа үүсгэхэд яг л Crown автомашины гудамж, өргөн чөлөө мэт харагдахыг нь билэгдэж нэрлэсэн билээ.

Б.Шинэбаяр ахтайгаа хамтран үүсгэн байгуулсан клуб маань гишүүд, дэмжигчдийнхээ хүсэл сонирхол, сайн дурын үндсэн дээр нэгдсэн шинэ үеийн нийгмийн идэвхтэй залуусын төлөөлөл билээ.

Клуб маань өнөөдөр албан ёсны бүртгэлтэй 870 гаруй гишүүнтэй. Дэмжигч гишүүдийнхээ тусламжтайгаар нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн хүмүүнлэгийн болон сайн дурын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах, үеийн залуустаа нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, ухамсар соёлыг дээшлүүлэхэд чиглээсэн арга хэмжээ, уулзалт лекц зохион байгуулдаг.

Jets Avenue клубын үүсгэн байгуулагч Э. Эрдэнэ
Jets Avenue клубын үүсгэн байгуулагч Э. Эрдэнэ

Тухайлбал, өрх толгойлсон ээжүүд, гэр оронгүй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй ахмадууд, хүнд өвчин туссан олон хүмүүст клубынхаа нэрийн өмнөөссанхүү, эд материал, сэтгэл санааг нь дэмжиж тусалсаар ирсэн. Та бүхэн манай фэйсбүүк хуудсаар зочилж бидний хийсэн ажилтай танилцахыг урьж байна.

Facebook: JETS AVENUE MEMBERS CLUB

2019-2020 оны клубын үйл ажиллагааны төлөвлөгөөнд:
  • Клубын гишүүн бүр хүрээлэн буй байгаль орчноо хайрлаж ахуйн хог хаягдлаа ялгаж хаях аян өрнүүлэхээр бэлтгэж байна.
  • НҮБ-с санаачилсан 2011-2020 оны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 10 жил аяныг дэмжиж ЕБСургуулийн сурагчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Тээврийн цагдаагийн алба, Авто радио-96.3 зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр танин мэдэхүйн цуврал нэвтрүүлэг хийх, комик ном гаргах, анимэйшн хийхээр төлөвлөсөн.
  • Манай клуб нь нийгмийн сайн сайханд чиглэсэн өөрсдийн үйл ажиллагаагаа төрийн болон хувийн байгууллагуудтай хамтран тогтвортой явуулах үүднээс 2017 оноос НҮТББ болсон билээ.

Бид гишүүнчлэлтэй клуб гэдэг утгаараа үйл ажиллагаагаа дан ганц автомашин бус гишүүдийнхээ хувийн хөгжил, шинэ санаачилга, бизнесийг нь дэмжиж хоорондоо networking үүсгэж хамтран ажиллахад клубын маань үндсэн зорилго, алсын хараа оршдог.