TOYOTA CROWN

Crown гэсэн үгийг монгол хэлнээ хөрвүүлбэл "Титэм" гэсэн утгатай бөгөөд энэхүү маркийн седан нь тэртээ 1955 оноос эхлэн одоог хүртэл үйлдвэрлэгдсээр байна. Crown нь Тоyota корпорацийн хамгийн шилдэг урдаа барьдаг загваруудын нэг бөгөөд Lexus брэнд гарах хүртэл японы хамгийн дээд зэрэглэлийн суудлын автомашинд тооцогддог байжээ.

Одоо ч гэсэн Crown-ийн нэр хүнд өндөр хэвээр бөгөөд хуучин автомашины зах зээлд хамгийн их гүйлгээтэй седан загвар болоод байгаа. Энэ урт удаан хугацаанд Crown нь төр засгийн үйлчилгээ төдийгүй олон компани байгууллагын хэрэгцээнд ашиглагдаж байна. Найдвартай бат бөх учраас такси үйлчилгээ, сургалтын машин, цагдаагийн машин зэрэг маш олон төрлөөр хэрэглэгддэг.

Нийт 13 удаа шинэчлэгдэн сайжирч байсан ба хамгийн их зарагдсан загвар нь 1987-1991 оны загвар юм. 1996 оноос гарсан S150 загвар хүртэл Crown нь бүтэн рам дээр кузов байрлуулах хийцтэй хийгдэж байсан бол S150 загвараас эхлэн монокок технологи ба дан кузов хийцтэй болж ирсэн.

Одоо үйлдвэрлэгдэж байгаа Crown нь 4 хаалгатай седан загвар боловч өмнө нь 4 хаалгатай hardtop, station wagon зэрэг олон загвар байжээ. Харин одоогийн байдлаар хамгийн дээд зэрэглэлийн хувилбар Royal saloon G, Royal Saloon, спорт хувилбар болох Athlete G, Athlete хувилбараар үйлдвэрлэгдэж байна. Crown-той ангилал ойролцоо өрсөлдөгч бусад үйлдвэрлэгчийн загваруудыг дурдвал Mercedes Benz Е class, BMW 5 series, Audi А6, Nissan Cedric, Nissan Fuga, гэх мэт автомашинууд байдаг.

9-р үе S14# (1991-1995 он)

1991 оны 10 сарын 11. Шинэчлэгдсэн загварын борлуулалт эхэлсэн бөгөөд энэ удаад бүх хувилбар 3-р ангилалд хамаарагдах болсон ба  өмнөх загвараас арай өргөн болсон. Энэ загвараас эхлэн рамгүй шилтэй хардтоп загвар нь Royal гэсэн тодотголыг хэрэглэх болсон ба өнөөгийн Athlete-тай дүйх спорт тал руугаа хувилбар нь Royal Touring нэрээр гарах болсон бөгөөд автомат хурдны хайрцаг нь 5 шатлалтай гэдгээр онцлог байв.

Үүний зэрэгцээ өмнөх загварт Crown 4000 Royal Saloon G гэж нэрлэгдэж байсан хувилбар тусдаа бие даан Crown Majesta нэрээр гарах болсон бөгөөд Crown загварт анхны монокок кузовтой болсон загвар юм. Харин Crown- д нэмэлтээр хийдэг байсан жолоочийн аюулгүйн дэр Majesta-д стандартаар хийгдэж байсан.

Харин Crown загварууд нь уламжлалт бүтэн рам+кузов хийцээр үргэлжлэн гарсан ба хардтопоос бусад седан, вагон, вэн хувилбарууд нь өмнөх 130 загварын хэсэгчилсэн шинэчлэлт хэлбэрээр өөрчлөгдсөн.

хэсэгчилсэн шинэчлэлтийн  дараах седан загвар
хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах седан загвар
хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах вагон загвар
хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах вагон загвар

Хувилбаруудыг жагсааж үзвэл хамгийн дээрээсээ Royal Saloon G, Royal Saloon, Royal Touring, Super Saloon Extra, Super Select гэсэн дарааллаар бичигдэнэ. Өмнөх загварт байсан хамгийн хямд хувилбар болох Super Edition хувилбар энэ удаад үйлдвэрлэгдэхээ больжээ.

Энэ загварын анхны гаралтаар номер нь бампер дээрээ байрласан нь уламжлалыг эвдсэн явдал болж хэрэглэгчид сайнаар хүлээж авахгүй байсан тул хэсэгчилсэн шинэчлэлтээр номерийг эргээд 2 гэрлийн хооронд байрлахаар болгосон юм. Энэ нь нилээн эртний 4-р үеийн S40/S60 Crown-ын загварыг давтан ийнхүү бамперт номерийг байрлуулах болсон гэдэг. Тухайн үедээ борлуулалтаараа Y32 Cedric/Gloria-ийн гол өрсөлдөгч байсан юм.

  • 1992 оны 10 сар. Сайжруулалт хийгдсэн ба урд хөгжмийн хүрээ бүх хувилбарт мебель оруулгатай болж, урд нүүрийн никелийн талбайг нэмэгдүүлж, хаалганы бариулууд нь никель болсон юм.
  • 1993 оны 8 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба хойд талын хэсгийн дизайн өмнөх 130 загварынхтай төстэй болж номер нь гэрлийн голд байрлахаар болсон байна. Урд нүүрийн босоо шугамууд ил гарч өөрчлөгдсөн. Мөн хойд өргөн багана дээр Crown- ын  эмблемийг хийх болжээ. Дизель хөдөлгүүр нь 2L-THE ээс 2L-TE болж өөрчлөгдсөн.
  • 1993 оны 12 сар. 1G-FE хөдөлгүүр бүхий хамгийн хямд хувилбар болох Super Select, Royal Extra хувилбарт тавигдах болсон.

10-р үе S15# загвар (1995 он-1999 он)

Royal хувилбарууд бүтэн монокок хийцийн кузовтой болсон ба ингэснээр өмнөх загвараас даруй 100 илүү кг-аар хөнгөн болсон байна. Урьдын уламжлалт хүнд хийцээс татгалзсанаар жолоодоход хялбар тохь тухын хувьд илүү сайн болсон гэж үздэг. Мөн шинэ VVT-i систем бүхий 2JZ-GE хөдөлгүүр тавигдсан.

Хардтоп буюу хувийн хэрэгцээнд, седан буюу байгууллага албан хэрэгцээнд зориулан бүх төрлөөр үйлдвэрлэж байв. Өртгийг бууруулах үүднээс урьд нь Royal Saloon G-д хэрэглэгдэж байсан хийн өргөгчтэй тэнхлэгийг халж Majesta-н адил 90 Mark II-ын платформыг авч хэрэглэсэн юм. Энэ загвар нь дунд баганатай Hardtop загварын сүүлийнх байсан юм.

Royal Saloon G, Royal Saloon, Royal Touring, Royal Extra гэсэн 4 хувилбартай байсан ба хамгийн хямд нь Royol Extra юм.

  • 1995 оны 8 сарын 31. Кузов нь бүтэн монокок болсон.
  • 1995 оны 12 сар. Седан загвар шинэчлэгдэн, Crown-ын анхны 4WD загвар гарав.
  • 1996 оны 9 сар. 2.5 литрийн VVT-i бүхий 1JZ-GE хөдөлгүүр тавигдаж эхлэв.
  • 1997 оны 8 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн дотогш цөмөрдөггүй GOA их бие, хажуугийн аюулгүйн дэр, VSC систем тавигдсаны дээр 7 инчийн дэлгэц бүхий навигацийн систем, зарим хувилбарт HID гэрэл, Royal Touring хувилбарт 16 инчийн дугуй, шатлалтай рычаг, спорт маягийн урд нүүр хийсэн. Мөн 1G-FE хөдөлгүүрийн чадлыг 140 м.х-тэй болгон нэмэдүүлсэн.
  • 1998 оны 8 сар. Сайжруулалт хийгдэн 1G-FE хөдөлгүүрт VVT-i систем хийснээр чадал нь 160 м.х-тэй болсон. 3.0-той загварт 4WD хувилбар нэмэгдсэн. CD бүхий навигацийн систем нэмэлт захиалгынх бөгөөд бүүр S17# загвар гарсны дараа ч гэсэн DVD навигацийн систем S15# загварт зориулагдан худалдаалагдаж байв.

11-р үе S17# загвар (1999 он-2003 он)

1999 оны 9 сард анх худалдаанд гарсан загвар бөгөөд өмнөх бүх загварууд нь 4 хаалгатай уламжлалт хүрээгүй шилтэй хаалганаас хүрээтэй болж өөрчлөгдсөн. Спорт загварын Athlete нь турбо хөдөлгүүртэй болсон ба үүний дараа Royal Touring-ийн үйлдвэрлэл зогсож, шинэ Royal загварууд гарч эхэлсэн. Тухайлбал Athlete V загвар нь 280 морины хүчин чадалтай, 2.5 литрийн DOHC турбо мотортой, их гэрэл нь Royal-тай адилхан линзэн HID гэрэлтэй болж, хурц асдаг болсон.

1977 оноос хойш хэрэглэж байсан дизель хөдөлгүүрээ хэрэглэхээ больсон юм. 2001 онд томоохон шинэчлэлт хийж, салон нь нилээд өөрчлөгдсөн. Мөн ялгаруулах хорт утаан хэмжээ нь 50 хувиар багассан. Athlete нь 17 инчийн хайлшин обoд, 45-ийн өндөртэй нарийн дугуйтай болсон ба Royal, Athlete аль алиных доод өнгөө өөрчилсөн.

12-р үе S18# загвар  (2003 он-2008 оноос)

2003 оны 12 сарын 22-нд анх худалдаанд гарсан. Машины суурь, хөдөлгүүр, тэнхлэг зэрэг гол эд ангиудыг бүрэн шинэчилсэн. Ялангуяа цуваа 6 цилиндрийг V6 буюу V хэлбэрийн 6 цилиндртэй GR хөдөлгүүрээр сольсон.  Хурдны хайрцаг нь 2.5 литрийн багтаамжтай 5 араатай, 3 литрийн багтаамжтай 6 араатай 2 янз болсон ба гадаад үзэмж нь илүү чамин, спорт загвартай болсон төдийгүй туулах чадвар нь ч нэмэгдсэн.

Тэнхлэг хоорондын зай нь өмнөх загваруудынхаа адил 2850мм болсон.  2005 оны 10 сард Royal saloon болон Аthlete аль алиных нь их гэрэл нь бууралттай болж, урд нүүр болон гэрэл нь өөр загвартай болсон. Athlete нь 3000-тай мотороос 3500-тай мотортой 315 морины хүчин чадалтай болсон. CD тоглуулагчийн оронд МР3 тоглуулагч тавьсан. 2005 оны 10 сараас  3000 болон 2500-тай мотор бүхий Crown цагдаагийн машин гарсан.

13-р үе S20# загвар (2008 оноос хойш)

2007 онд зохиогдсон Токиогийн 40 дэх автомашины үзэсгэлэн дээр Crown-ны Hybrid загварыг анх танилцуулсан. Харин 2008 оны 2 сард Royal Saloon, Athlete гэсэн цуврал загварыг гаргасан. Ингээд 2008 оны 5 сараас Crown Hybrid худалдаанд гарсан ба өмнөх загвараа бодвол илүү чамин мушгирсан хийцтэй, линзэн гэрэлтэй, хойд бампер дээрээ яндангийн нүхийг байрлуулсан. Нybrid загвар нь дэлхийд хамгийн анхны LCD дэлгэц бүхий дижитал хянах самбартай болсон.

Royal Saloon нь 4GR-FSE загварын 2.5L-ийн хөдөлгүүртэй. Такси үйлчилгээнд зориулж, дундаа тусгаарлагч шилтэй, харин аж ахуй эрхлэгчдэд зориулан хойд суудал болон жолоочийн хажуугийн суудал нь эвхэгддэг болсон. Ингээд 2009 онд Шанхай автомашины үзэсгэлэн дээр Crown Majesta загвар нийтэд дэлгэгдсэн.  2010 онд дахин шинэчлэгдэн салон нь илүү сайжирч, 2.5 литрийн багтаамжтай 2 дугуйгаараа хөтөлдөг Crown нь түлш илүү бага зарцуулах ба энгийн бензин хэрэглэх боломжтой болсон.

Эд анги нь нэмэгдэн  сайжирсан төдийгүй, арьсан суудлын бүрээстэй болж салоны загварт ч өөрчлөлт орсон.  2010 оны 10 сард 2.5 литрийн багтаамжтай Athlete загвар гарсан ба арьсан суудлын бүрээстэй автомат шилэн люктэй болсон байна.