BMW R&D ЗАХИРАЛ KLAUS FROEHLICH: БЕНЗИН ХӨДӨЛГҮҮРТ ДАХИАД 30 ЖИЛИЙН НАС БИЙ

Volvo компани 2025 он гэхэд дэлхий даяар борлуулагдаж байгаа нийт машиныхаа тал хувийг бүрэн цахилгаан мотортой болгоно гэдгээ саяхан мэдэгдсэн. Энэ нь дан ганц тэдний хандлага биш бөгөөд ихэнх үйлдвэрлэгч нар дотоод шаталтад хөдөлгүүрээс цахилгаан моторлуу шилжиж байгаа билээ.

Харин BMW компанийн хувьд арай өөр ирээдүйг харсан байна. Тэд дизель хөдөлгүүрээ 20 жил, бензин хөдөлгүүрээ 30 жил үйлдвэрлэнэ гэж компанийн хөгжүүлэлт болон судалгааны захирал (BMW R&D chief) Klaus Froehlich мэдэгдсэн юм.

Automotive News сэтгүүлд өгсөн ярилцлагыг нь илүү сонирхвол түүний үзэж байгаагаар 2030 он гэхэд нийт борлуулагдаж байгаа машины 20-30% бүрэн цахилгаан мотортой байна гэж үзсэн аж. Түүнээс сэтгүүлч сонирхолтой хэд хэдэн асуулт асуусан бөгөөд түүнийг түүвэрлэн хүргэж байна.

BMW-ын бүрэн цахилгаан i3 цувралыг тооцохгүйгээр одоо байгаа бензин мотор дээр суурилсан архитектурыг ашиглан цахилгаан хөдөлгүүртэй загвар гаргах боломжтой юу?

Одоо байгаа архитектур бол ойрын 5-10 жилдээ хамгийн шилдэг нь байж чадна. Гэхдээ дэлхий дахин цахилгаан руу шилжиж байна. Үүнд зориулан тусдаа архитектур зохион бүтээх шаардлагатай.

Одоо байгаа архитектураа танилцуулаач?

10 жилийн өмнө бид CLAR нэртэй архитектурыг хөгжүүлж 2015 онд 7 цуврал дээрээ танилцуулж байсан. Харин түүний цахилгаан хувилбарыг гаргахад 800-900 кг жин нэмэгдэх шаардлагатай болдог. Ингэснээр архитектурын онцлогийг үгүй хийж юун Driving pleasure (Жолоодлогын тансаглал) болно. Гэхдээ бид өнгөрсөн жилүүдэд батэрэйн туулах чадварыг 2.5 дахин нэмсэн. Харин 2020 онд 2.7 дахин нэмнэ. 2021 он гэхэд CLAR-ын шинэчлэгдсэн архитектурыг танилцуулна. Энэ шинэчлэлтээр шал хэсэгт батэрэйг байршуулах боломжтой болох юм. Ингэвэл тогонд залгадаг хувилбарууд 80, 100 км -ээс 120 км бүрэн цахилгаанаар туулах чадвартай болж сайжирна. Энэ архитектурын өөрчлөлтийг шинээр гарах i4 болон бүрэн цахилгаан 3 цувралд ашиглахаар төлөвлөсөн.

Цахилгаан машиныг массаар үйлдвэрлэхэд ямар бэрхшээл тулгарч байна?

BEV (battery-electric vehicles) -ын батэрэйг хийхэд ховор материал ашигладаг. Үүнийг өөрчлөх боломжгүй. Тиймээс материалын үнийг дагаад машины үнэ нэмэгдэх аюултай.

Танай BEV машины (цахилгаан машин) хувьд хамгийн чухал өөрчлөлт нь юу вэ?

Цэнэглэлт. Батэрэйн блок тус бүрийг тус тусад нь цэнэглэхээр зохион байгуулж байгаа. Ингэснээр хэт халалтаас сэргийлэх юм. Хэрвээ хэт халвал батэрэйн ашиглалтын хугацаа болоод туулах зайг багасгадаг. Хэрвээ хэт хурдан цэнэглэвэл батэрэйг 2-3 жилийн дотор л үгүй хийнэ. Үүнийг шинээр солих нь өртөг өндөр тул хэрэглэгчдийн сэтгэл ханамж дагаад буурдаг.

Түргэн цэнэглэгчээр хэдий давтамжтай цэнэглэвэл зүгээр вэ?

Ойр ойрхон биш байвал сайн. 20 ердийн цэнэглэлтэд 1 хурдан цэнэглэлт байхад хэвийн.

Таны харж байгаагаар дэлхийн цахилгаан машины борлуулалт цаашид яах бол?

Нийт борлуулалтын 20-30 хувийг цахилгаан машин эзэлнэ. Гэхдээ энэ нь зах зээлээсээ хамаарч янз бүр байна. Жишээ нь БНХАУ-д урд мужуудад бүрэн цахилгаан руу шилжихэд асуудалгүй бол хойд мужуудад дэд бүтцээс шалтгаалаад ирэх 15-20 жилд бензин хөдөлгүүрийн хэрэгцээ байж л байна.

Харин Европын хувьд?

Бүрэн цахилгаан машин бол зөв хувилбар уу? тийм. Гэхдээ plug-in хайбрид буюу цахилгаанаар ч түлшээр ч хосолж ажилладаг загварууд хамгийн зөв сонголт. Учир нь богино зайд BEV шилдэг нь байх бол амралтаараа аялахад бензин хөдөлгүүрийн хэрэгцээ бий болдог. Ингэснээр тус нутагт plug-in борлуулалт 25% хүртэл өсөж, бензин дизель моторын борлуулалт 50% эзлэх болов уу.

АНУ-ын хувьд яах бол?

Тэр зах зээлд бидний бүрэн цахилгаан загварууд тийм ч хэрэгтэй биш. Харин хүчин чадал өндөртэй М хувилбаруудыг plug-in байдлаар санал болговол үр дүнтэй гэж бид үзэж байгаа.

Харин дэлхийд яах бол?

ОХУ, дундад ази, Африк зэрэг улсуудад дэд бүтэцгүй учраас ойрын ирээдүй муу.

BMW санал болгодог том хөдөлгүүрүүд V12, V8-ын ирээдүй яах бол?

V12 мотор ирээдүйд байхгүй байх магадлал өндөртэй. Учир нь түүний хорт утаа ялгаруулах хэмжээг багасгахын тулд хэдэн мянган хөдөлгүүрт зориулж хэдэн зуун мянган евро цацдаг. Харин V8-ын хувьд байлгахад бас л төвөгтэй. Түүний гаргах чадлыг 6 цилиндртэй хайбрид хөдөлгүүрээр бүрэн орлуулж байна.